Намрын чуулган ямар хуулиудыг баталж, хэр үр дүнтэй ажилласныг тоймлон хүргэж байна

УИХ-ын 2013 оны намрын чуулган битүүний өдөр буюу нэгдүгээр сарын 30-нд өндөрлөлөө. Намрын чуулган нийт 86 хоног хуралдаж, 36 удаа байнгын болон дэд хороодын хуралдааныг зохион байгуулж, нийт 148 хууль, тогтоол баталсан байна. Үүнээс нь 10 нь бие даасан хууль, 81 нь нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зургаа нь хуульд хүчингүй болгох тухай, мөн нэг гэрээг соёрхон баталж, УИХ-ын 52 тогтоолын төсөл баталжээ.

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР БАТАЛНА

Намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг болох 2014 оны Төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2014 оны Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулиар Улсын нэгдсэн төсвийн хувьд нийт орлого 6,8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувь, нийт зарлага 7,2 их наяд буюу ДНБ-ий 35.6 хувь, нэгдсэн төсвийн алдагдал 409.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж байна. Энэ жилийн төсөв өмнөх жилүүдийнхээс авлигажсан төслүүдийг царцааж, дахин нягталсан төсөв болсон гэдгээрээ онцлог гэдгийг гишүүд онцолж буй. Тодруулбал, 139,1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 243 төсөл, арга хэмжээний 2014 онд санхүүжүүлэх 106,3 тэрбум төгрөгийн төсвийг царцааж, өртөг нь өссөн шалтгааныг тогтоолгохоор Үндэсний Аудитын байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа. Аудитын дүгнэлтийг үндэслэж, эдгээр төсөл, арга хэмжээг гуравдугаар сарын 1-ний дотор шийдвэрлэх хуультай. Тиймээс намрын чуулган завсарлуулж, Сар шинийн баярын дараа ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, 2014 оны төсвийн тодотголоо батлах юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ДАЛЛАСАН ХУУЛЬТАЙ БОЛОВ

Намрын чуулганаар  баталсан чухал хуулиудын нэг нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, үүнтэй холбогдуулаад Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болгосон явдал байлаа. 2012 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчид “зугтаж”, улсын төсөв тасрах, гадаадын хөрөнгө оруулалт 80 хувиар буурснаас болж ам.долларын ханш тэнгэрт хадаж, төгрөгийн ханш суларсан гээд эдийн засгийг хойш чангаасан гол хүчин зүйл нь намрын чуулганаар хүчингүй болгосон хууль байсан. Тиймээс үргэсэн хөрөнгө оруулагчдыг эргүүлэн авчрахад энэ хууль зайлшгүй шаардлагатай байсан. Гэвч хууль батлагдсан ч хуулийг дагаж мөрдөх журам өнөө болтол батлагдаагүй байна. Ямартай ч хөрөнгө оруулагчдад таатай хууль баталсан. Хуулийн хэрэгжилт хэрхэн үйлчлэх нь хууль сурталчлахаас хамаарах юм.

АЛТНЫ ТАТВАРЫГ 2,5 ХУВЬ БОЛГОЛОО

Ам.долларын ханш унаснаас валютын нөөц багасч, экспорт буурсан үед төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний бодлогоо тодорхойлох байсан. Төсвийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын урсгалыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд төсвийн болон төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлого чиглэгдэж байгааг хууль санаачлагчид онцолж буй. Үүсч болзошгүй нөхцөл байдалд эдийн засгийг түргэн зохицуулах чиглэлээр бодлогын болон зохицуулалтын арга хэмжээг богино хугацаанд шуурхай хэрэгжүүлэх, ялангуяа хувийн сектор энэ нөхцөл байдалд дасан зохицох боломжийг бүрдүүлэхэд Монголбанк, Засгийн газар санаачилгатай ажиллах хэрэгтэйг сануулж буй. Мөн Монголбанкинд алтны сан бүрдүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд алтаа худалдсан тохиолдолд алтны нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, нэмэлт төлбөр тэг хувь байхаар, бусад этгээдэд худалдсан тохиолдолд холбогдох татварууд хэвээрээ үлдсэн болно. Энэ зохицуулалт нь гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад үр дүнтэй зохицуулалт болно гэж үзэж байна.

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР БОДЛОГОТОЙ БОЛЛОО

Үүнээс гадна намрын чуулган Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг анх удаа баталлаа. Түүнчлэн ДЦС-4 өргөтгөлийн тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталснаар энэ намраас эхлэн цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх ажил 120  МВТ-аар ахиц дэвшил гарна гэж тооцоолж буй. Мөн  шүүх, цагдаагийн байгууллагад хийж байгаа шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулиудыг баталсны дээр Авлигын эсрэг болон холбогдох зарим хуулиудад өөрчлөлт оруулж прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах албыг Авилгатай тэмцэх газарт шилжүүлсэн. Үнэт цаасны зах зээл дэх хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хяналт, хариуцлагыг чангатгах зорилгоор Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад зохих нэмэлт өөрчлөлтийг оруулсан юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …