Боловсролын салбар дахь авлига

85d18bbfb512f9783ae82da48f8fbdd9_x3 (Транспэрэнси Интернэшнлийн боловсролын авлигын талаарх тайлангаас сэдэвлэв)

“Чинээлэг айлын хүүхдүүд хичээн суралцах албагүй. Учир нь эцэг, эхийн мөнгө тэдний амжилтын баталгаа болж өгнө гэдэгт итгэдэг. Иймээс хүүхдүүд хамгийн чухал юм бол мэдлэг бус харин “мөнгө” хэмээн ойлгох болсон…” Монголчуудын авилгын талаарх мэдлэг, ойлголт харьцангуй нэмэгдсэн ч боловсролын салбар дахь авилгын талаар төдийлэн ойлголтгүй хэвээр. “Боловсролын авилга” гэхээр боловсролын яамны удирдлага, төрийн албан хаагчдад л хамааралтай мэтээр ойлгож, үүнд нь ч нийгэм бүхэлдээ дасах шинжтэй. Бодит байдал дээр боловсролын салбарт  бараг бүх хүмүүс хамааралтай, шууд, шууд бусаар холбоотой гэдгээ ухамсарладаггүй. “Боловсролын авилга”-ыг нөхцөлдүүлэгч нь зөвхөн яаманд ажиллагсад бус бүх шатны боловсролын байгууллага, түүний удирдлага, захирал, дэд захирал, тэнхимийн эрхлэгч, багш, эцэг эх, оюутан, сурагчид бүгд өөрсдөө “авилга”-ыг авч, өгдөг “холбоотой” гэдгээ  тэр бүр мэддэггүй.

Тэр тусмаа сургуулийн удирдлагад байгаа цөөн хэдэн хүний ашиг сонирхол, зөвхөн “мөнгө” гэдэг зүйл дээр төвлөрч хийж буй үйлдлээ эс цэгнэж, санаа сэдэл нь “боловсролын авилга”-ыг “тэжээн тэтгэж” амь бөхтэй болгодог. Аливаа улсын боловсролын систем нь тухайн улсын оршин тогтнох үндэс, нийгэмд идэвхитэй, чадварлаг иргэдийг төлөвшүүлдэг. Бүх эцэг, эхчүүд ялангуяа бага орлоготой эцэг эхчүүд ч хүүхдээ сайн боловсролыг төлбөртэйгээр эзэмшүүлэхийг хүсдэг. Учир нь сайн боловсрол хүүхдүүдийнх нь ирээдүйн гол баталгаа гэдгийг мэддэг. Боловсрол нь тухайн улсын “үнэт баялаг” нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгын чулуу, олон улсуудад хуулиар тунхаглагдсан хүний эрх бөгөөд ихэнх улсуудад иргэдийн боловсрол эзэмших эрх нь үндсэн хуулиар баталгаажсан байдаг. Харин бодит байдал дээр, боловсролыг чанартай, хүртээмтэй, тэгш авч байна уу? гэдэг нь харилцан адилгүй. Монголд энэ байдал хир хангагдаж байна? гэж асуувал дийлэнх нь “хангалтгүй” гэж үнэлэх биз.

Хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын бүх шатны сургуульд суралцагсдын ихэнх нь сургуулийн байрны хүрэлцээ хангалт, нөхцөл маш тааруу, анги дүүргэлт хэтэрсэн (50-60 сурагчтай нь ердын үзэгдэл), багш нарын хангалт, чадвар сул, сурах бичиг, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хүрэлцээгүй, наад захын стандарт шаардлага хангагдаагүй нөхцөлд ажилла, суралцаж байна. Дээд сургуулиудад элсэж буй оюутануудын дунд мэдлэг боловсрол, авъяас, чадвараар бус өөр хүчин зүйлүүд болох эцэг, эхийн хэтэвчийн хэмжээ, тэдний нийгэмд эзлэх байр суурьнаас хамаарч “сул оюутан” элсэх хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Тэр хирээр элсэгчдийн чадамж жил бүр дордож, дээд сургууль нэртэй “төлбөрт үйлчилгээ” үзүүлдэг курс, дамжаанууд олширч, оюутан нэртэй “ясли, цэцэрлэг”-ийнхэн олширлоо. Энэ хирээрээ улс орны боловсролын түвшин, иргэдийн чадамж эрс суларч, хамгийн наад зах нь алдаатай бичигчид, дипломын голууд төрөх боллоо. Тэд мэдлэгт бус дам сонссон зүйлээ шүтэж, түүнийгээ мэдлэг хэмээн “туйлширч”, мэддэггүй “мэдэмхийрэгчид” Монголын нийгмийн ирээдүйг баллаж байгаа нь өнөөгийн дүр зураг, эмгэнэл. Боловсролын түвшин дор улсуудад авилга дээд зэргээр цэцэглэж, амь бөхтэй байдаг. Тэр нь ч улс төрчдөд хэл амгүйхэн шиг “ажлаа” хийхэд таатай нөхцөл болдог. Авлига бол нийгмийн бүх шатанд амь бөхтэй байна. Ялангуяа, “боловсролын авлига”-ын талаар мэддэг ч мэдээгүй дүр исгэх явдал газар авчээ. Иймд “боловсролын авлига” гэж юуг хэлэх, Монголын хөгжлийг хойш чангааж байгаа авилга, тэр дундаа “Боловсролын авилга”-аас хэрхэн сэргийлж болох талаар Транспэрэнси Интернэшнлын судалгааны тайланд тусгагдсан зүйлүүдээс Монголд хамраалтай хэсгүүдээс олон нийтэд боловсрол олгох үүднээс тогтож өгүүлье. Боловсролын чанарт авлига дараах таван байдлаар нөлөөлдөг аж. Үүнд, 1) Боловсролын салбарт зарцуулах нөөц, эх үүсвэрийг хорогдуулдаг. Тухайлбал, улсын төсвөөс санхүүжиж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, худалдан авах тендерийн журам зөрчигддөг. (Монголд олон жил үргэлжилж, улам бүр амь бөхтэй “сонгодог арга” болсон.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөв хэлэлцэх үед төсвөөс санхүүжиж байгаа, сургууль, цэцэрлэгийн барилгын төсөв жил бүр өсдөг хэдий ч баригдаж дуусдаггүй, олон жил дамждаг талаар ноцтой баримт дэлгэсэн. Авилгаар угжуулагчид, угжигчдын аль, аль нь “сургууль барих” хэрэгцээн дээр овжин тоглож өврөө түнтийлгэдэг нь гэм биш зан болжээ. Бүх шатны боловсролын байгууллагын удирдлагууд ямар ч аргаар хамаагүй барилга барих сонирхолтой болсон.) 2) Боловсролын чанарыг илт, огцом бууруулдаг мэргэжлийн багш авах журмыг өөрсдөдөө санаатайгаар тохируулан зөвхөн зарим зүйлтийг“ашиглах”эсвэл тухайн хүнд тохируулан журамыг өөрчлөх. Шаардлага хангахгүй сурах бичиг зохиож, “шахах” нь авлигын үйлдэл. Үүнийг Монголд төдий л анзаардаггүй, анзаарсан ч огт тоодоггүй. 3) Тогтсон дүрэм, журмыг удирдлагад ашигтайгаар өөрчлөн эрх тэгш зарчмыг алдагдуулах нь багш нарын ажилдаа хандах хандлагад шууд сөргөөр нөлөөлдөг. Хамгийн ноцтой нь сургуулийн өрсөлдөх чадварыг бууруулдаг. Энэ байдал ялангуяа улсын их, дээд сургуулийн элсэлтийн үед элбэг тохиолддог. Элсэн ороход шаардлагатай авлига, хууль бус төлбөр нэртэй “авлигыг” төлөх чадваргүй бага орлоготой өрхөд тохиолддог бэрхшээл юм. Өөрийн чадвараар орж чадахгүй нэгэн байхад “авлига” өгөөд дуртай сургуульдаа дуртай мэргэжлээрээ элсэн ордог “бохир” зүйл одоо ч байна. (Яамны сайд, УИХ-ын гишүүдийн цохолтоор сургуульд элсэн оруулах явдал одоо ч байна. Гэтэл энэ нь ардчилалтай оронд хэн нэгэнд албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон хэмээн авилга болж шийтгэгддэг) 4) Сургуулийн удирдлагад байгаа хүмүүс үгсэн хуйвалдах замаар давуу байдлыг бий болгож, хамтын удирдлагын тогтолцоог “халах” замаар удирдлагыг цөөн буюу 1-2 хүний гарт төвлөрүүлэн, “дарангуйлал” тогтоож, нийтийн хяналтаас бүрмөсөн гарах. Сургуулийн төгсөлт, элсэлт хууль бусаар явах, электрон хэлбэрт оруулсан нэрээр халхавчлан нийтийн хяналтаас гарч, хэдхэн хүний гарт шилждэг. Энэ нь ялангуяа авилгын индекс өндөр орнуудад түгээмэл байдаг арга гэнэ. (Гэтэл манайд одоо ид цэцэглэж байна) 5) Санхүүгийн ил тод байдал, хангалтгүй, нэр төдий байх. Санхүүгийн ил тод байдлыг шаардсан алив хандлагыг “нухчин дарах” ямарваа нэгэн оролдлого хийх. Багшид ажлын байрны дарамт үүсгэх, удирдлагаас элдэв зүйлийг “даалгах”, аттестачлалд хүчээр оруулах, эцэг эх, оюутануудаар элдэв хуурамч зүйлийг бичүүлэх эсвэл эсрэгээр гадаадад хурал, семинар, танилцах аялалд явуулах, эрдэм шинжилгээний ажлаар “халхавчлан” санхүүжилт олгох зэрэг аргыг удирдлагаас санаачлан хийдэг. Дээрх таван зүйл болон удирдлагаас санаачлан хийж буй “бохир арга”-ууд нь манай боловсролын байгууллагын бүх шатанд байдаг, бид ч бүр нэгэнтээ “дасаж”. Гэтэл энэ нь арга, хэлбэрийн хувьд “боловсролын салбарын авилга” гэж үздэг аж.

Авлига боловсролын жинхэнэ мөн чанар, утгыг бүрэн алдагдуулдаг. Тэр хирээрээ нийгмийн хөгжлийг “удаашруулагч” бүр цаашилбал “мөхөөгч” болдог. Авлигад гүнзгий идэгдсэн Монголын боловсролын тогтолцоо нь улс орныхоо хөнжилд хувь нэмэр оруулж чадахахуйц мэдлэг, чадвартай иргэдийг сургаж, төлөвшүүлэх үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна. Тиймээс ч өсвөр, идэр насныхан багаасаа л шударга бус, ёс зүйгүй байдлыг амьдралд байж болохуйц үзэгдэл, нийгмийн хэвийн зүйл мэтээр ойлгох болсон нь харамсалтай. Нэгэнт итгэл, үнэмшил, ёс зүйгүй төлөвшсөн хүмүүс ажил, албандаа ёс зүйгүй үйлдлийн чөлөөтэй хийж, “авлига”-ыг байдаг л зүйл хэмээн ойлгоход хүрчээ. Монголын боловсролын салбарт улс, хувийн хэвшлийн аль, аль нь монополчлогдсон бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хүрээнд “хувийн сургуультай” этгээдүүд олон байгаа нь бодлогоор улсын тодотголтой сургуулиудын өрсөлдөх чадварыг сулруулах, чадамжгүй болгох, төрөөс өөрийн хувийн сургуулиа “угжуулах”, “угжих” түмэн аргыг санаачилж, бүх түвшинд авлигын сүлжээг бий болгон санаатай, санамсаргүй үйлдлээр “тус” хийж байна. Боловсролын салбар нь улсын төсвөөс санхүүждэг, төрөөс үзүүлэх дэмжлэг жил бүр байнга өсдөг нь улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байж, тэдний нөлөөнд шууд автах нь хялбар байдаг. Тиймээс ч дунд, ахлах сургууль тэр дундаа их, дээд сургууль нөлөө бүхий улс төрчдийн “хувийн компани” мэт болоод удлаа. Буруу юм удахаараа “эдгэршгүй өвчин” болж үхэхэд хүргэдэг. Транспэрэнси Интернэшнлээс хийсэн судалгааны тайланд, “Боловсролын авлигын олон хэлбэрүүд дундаас улс төрчид сургуулийн ректор, дэд захиралуудыг томилох томилгоо, тушаал дэвшүүлэх, шилжүүлэхэд эрээ цээргүй оролцож улмаар сонгуулийн үеэр багш нарыг ашиглахыг ч хүсдэг”, сургуулийн барилгыг барих, газрыг сонгоход улс төрчид өөрсдөө эсвэл нөлөөнийхээ “тавьсан” этгээдүүдээр дамжуулан шууд нөлөөлж байна” гэжээ. Манай оронд энэ байдал агуулгын хувьд бүрэн утгаараа, хэлбэрийн хувьд “монголчлогдож” эрээ цээргүйгээр “намжсан”. Ялсан нам нь боловсролын тогтолцоог дураараа өөрчлөн “эвдэж”, төрийн мэдлийн сургуулийн захирал, дэд захиралуудыг томилоход шууд оролцож, сургууль барих, сургуулийн засвар бүр цаашилбал үйлчлэгч, жижүүрийг сонгоход хүртэл тэдний гар, хөл хүрч байх шиг. Ингэж л Монголд “авилга” үндэс ёзоороо гүн бат хэдийнээ суулгажээ. Боловсролын авлига засаг захиргааны бүх түвшин буюу яам, хот, дүүрэг, сургууль, анхан шатны бүх нэгжүүдэд байдаг. Тухайлбал, мэргэжлийн хяналтын байцаагчид “нүд хуурах”, шалгалтын дүнг зориуд засах, сургуулийн тоног төхөөрөмжийг хувийн болон бизнесийн зорилгоор буруу ашиглах, үнэ төлбөргүй тараагдах сурах бичиг, сургалтын материалыг зарж борлуулах, төсөл хэрэгжүүлэх, сургалт явуулах нэрээр олон сая төгрөгийг төсөвлөх, үр ашиггүй ажил явуулах зэрэг болно. Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулиудад албан ёсоор зөвшөөрөгдөөгүй элдэв төлбөр нэхэх зэрэг зөрчлүүд байдаг. Мөн багш нар сурагчдыг айлган сүрдүүлэх, элдэв зүйлийг тулган шаардах, бэлгийн харьцаанд хүчээр оруулах зэрэг нь ч зарим улсуудад авлигын нэг хэлбэрт тооцогддог бол манайд бол мэдсэн нь мэдээгүй царайлж, сонссон нь сонсоогүй мэт “үл анзаардаг.” Боловсролын санхүүжилт дахь авлига Авлигыг төсвийн хуваарилалт, зарцуулалт болон боловсролын нөөцийг ашиглах ажиллагааны үед ихээр үйлддэг байна. Улсын төсөвт боловсролын системийн эзлэх жин өндөр байдгийн хирээр хуваарилах мөнгөний тоо их байдаг. Иймд санхүүгийн менежментэд гарсан бага хэмжээний авлига ч улсын санхүүгийн эх үүсвэрт асар их хэмжээний хохирол учруулдаг онцлогтой. Удирдлагын төвлөрлөөс гаргах үед, ялангуяа орон нутгийн ил тод бус, удирдлагад дүн шинжилгээ, мониторинг хийх дүрэм журам, тодорхой ажиллагаа байхгүй, ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх арга хэмжээ авдаггүй нь боловсролын санхүүжилтээс арга заль ашиглан мөнгө завших эрсдэл улам нэмэгддэг. Санхүүгийн хуваарилалтанд олон албан тушаалтан, захиргааны олон түвшин оролцох тутам төдий чинээ авлига, луйвар хийх бололцоо нэмэгддэг аж. Энэ бол гол шалгарсан арга. Тэр хийрээрээ хөндлөнгийн хяналтаас гарсан байдаг. Хөндлөнгийн хяналтыг оруулах боломжгүйгээр дүрэм, журмыг өөрчилдөг.

Дэлхийн улсуудын авлигын түвшин өндөр улсуудад төсвийн нөөц хөрөнгөөс хуваарилалт хийх явцад төрийн үйлчилгээнд хөрөнгө бага хуваарилдаг тул, боловсролын салбар дахь санхүүгийн нөөц хүрэлцэхгүйд хүрдэг. Түүнээс гадна, хуваарилалтыг гажуудуулж, санхүүгийн эх үүсвэрийн ихэнхийг орон нутагт хуваарилах бус харин давуу эрх эдэлж буй хот суурин газруудад хуваарилчихдаг. Учир нь нөөцөөс хот суурин газруудад хуваарилсанаар түүнээс ашиг хонжоо олох боломж нэмэгддэг байна. Сургуулийн барилга барих, сурах бичиг хэвлэх, сургуулийн сурагчдын хоол бэлтгэх зэрэг томоохон төслүүд нийлүүлэгчдээс хээл хахууль авах, хамаатан саднаа харж үзэх, хэн нэгэнд давуу тал олгох г.м авлигын бүхий л хэлбэрээр үйлдэх боломж олгодог. Түүнчлэн, сургуульд хуваарилагдаж буй хөрөнгийг зохион байгуулалттай нарийн аргаар гуйвуулж авах тохиолдол ч байдаг. Тухайлбал, элсэгчдийн тоог хөөрөгдүүлж худал мэдээлэх, элсэлтийн оноог үндэслэлгүй өндөр тавих г.м Энэ мэт “бохир арга” нь хөрөнгийн тэгш бус хуваарилалтаас болж бололцоотой нэг нь ядуу дорой хэн нэгэнд хохирол учруулж, улмаар боловсрол эзэмших эрх, тэгш байдалд сөрөг нөлөө үзүүлж, зохион байгуулсан “бүлэг этгээд”-д хэд дахин ашиг авчирдаг. Төсвийн бус хуваарилалт бүр ч эрсдэлтэй, тэр дундаа гадаадын доноруудын (буцалтгүй болон хөнгөлөлттэй зээл) санхүүжилтыг засгийн газрын зохих алба, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоогүйгээр шууд сургуульд олгох тохиолдолд хөрөнгийн зарцуулалт болон ажил үйлчилгээний чанарт хяналт тавьдаггүй тул сургуулиуд ихэнхи тохиолдолд стандартад нийцээгүй эсвэл хэрэгцээ хангаагүй эд зүйлс, сургуулийн барилгатай хоцордог гэнэ. Энэ нь авилга өндөр орнуудад үл анзаарагдам, нөгөө талаар “буяны ажил” гэх сэтгэгдэл төрүүлдэг “башир арга”-аар хэрэгждэг. Үүнийг ихэвчлэн гадны зочин урих, хүндэт доктор цол олгох, хэрэгцээгүй болсон хоцрогдсон ном, сэтгүүлийн сургуульд хүлээлгэж өгсөн нэр зүүх зэргээр халхавчлагддаг аж. (зөвлөлт маягийн тогтолцооноос “чөлөөлөгдсөн” улсуудад түгээмэл байдаг) Төсвийн зарцуулалтын явцад, хуваарилсан хөрөнгө сургуулиуддаа хүрэхгүй байх тохиолдол их гардаг. Албан тушаалтнууд хөрөнгийг хувьдаа завших эсвэл сургуулийн барилга, сургалтын материалын тендерийг албан тушаалаа ашиглан өөрт ашигтайгаар танил талдаа өгч ашиг хонжоо олдог байна. Төрийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах явцын бүх шат буюу бараа үйлчилгээ худалдан авах шийдвэрээс өгсүүлээд төслийн гүйцэтгэл, хяналтын явцад авлига маш ихээр гардаг. Төслийн техникийн тодорхойлтуудыг хэн нэгэн нийлүүлэгчид нийцүүлж, нээлттэй бус тендерийг “зориуд” зохион байгуулж чадамжтай оролцогчдыг шахан гаргаж, түүнчлэн тендерт оролцогчид хуйвалдан үнийг хэт хөөрөгдүүлдэг. Үүний хор уршгаар, сурах бичгүүдийн чанар муу, хэвлэлийн тоо бага байх, сургуулийн барилга чанар муугаас нурж унах, шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй байх зэрэг нь нийлээд боловсролын чанарыг бууруулж, үр дүнд нь муугаар нөлөөлдөг байна. Мөн албан тушаалаараа гул барин танил талаа багшаар авах, огт хичээл заадаггүй хүний нэрийг оруулах, өөрсдөдөө зориулан хичээл тавих зэрэг маш ноцтой зүйлийг санаатайгаар өдүүлж, “сүнс” нарт (огт байхгүй багш) үйлчилдэг нь боловсролын авилгын нэг хэлбэр юм.

Монголд, ихэвчлэн захирал, тэнхимийн эрхлэгч нар “багш” авч, албан тушаалаараа давуу байдлыг хэн нэгэнд өгөх, “сүнс”-нүүдийг тэжээн тэтгэж байгаа нь АВИЛГА гэдэг болохыг санаатайгаар “мэддэггүй”, мэдэхийг ч хүсдэггүй. Гэтэл энэ нь боловсролын авилгын нэг хэлбэр аж. Боловсролын хөрөнгийн ашиглалттай холбоотой гардаг асуудал бол сургуулиудад хуваарилсан хөрөнгийг зориулалтаар бус ашиглах явдал. Сурах бичгүүдийг үнэгүй тараахын оронд худалдах, сургуулийн удирдлага хуурамчаар үйлдсэн захиалга, нэхэмжлэх ашиглан хууль бус төлбөр хийж, худалдаж авсан барааныхаа тоо хэмжээг илүү тавьж мөнгө завшдаг. Үүний тулд яах ёстой вэ? Юуны түрүүнд, боловсролын салбарын санхүүжилт дахь авлигатай тэмцэж, урьдчилан сэргийлэхийн тулд ил тод байдал, мэдээлэлийг хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал юм. Төсвийн хуваарилалт, гүйцэтгэл, боловсролын хөтөлбөрийн мэдээлэл нээлттэй байх тусам, албан тушаалтнуудын үйл ажиллагаа хяналттай, бодлого, журмуудыг зайлшгүй дагаж мөрдөх болно. Авлигыг нийтэд илчлэхээс илүү хүчтэй зэвсэг үгүй. Санхүүжилтын тогтсон аргачлал буюу сургуулиудад хөрөнгө хуваарилах нэгдсэн дүрэм, журам ашиглах нь орон нутгийн засаг захиргааны ил тод бус байдлыг арилгаж, боловсрол дахь эрх тэгш байдлыг сайжруулах явдалд ихээхэн нэмэр болно.

Боловсролын санхүүжилт дахь авлигыг хянахын тулд санхүүгийн тодорхой дүрэм, журмууд боловсруулж мөрдүүлэх, эдгээрийг ашиглах чадвартай байлгахын тулд албан хаагчдыг сургалтанд хамруулахаас гадна “жинхэнэ” хараат бус, бие даасан аудитын байгууллагаар тогтмол шалгалт хийлгүүлж байх шаардлагатай. Харамсалтай нь боловсролын байгууллагын аль ч шатанд аудитын шалгалт бүрэн утгаа илэрхийлж чадахгүй, танил “сүлжээ”-г ашиглаж байна. Сургуулиудад чанар сайтай бараа, үйлчилгээ авахын тулд төсвийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах тохиолдолд, ялангуяа шууд худалдан авалт хийх болбол, тендерийг нээлттэй явуулах, техникийн үзүүлэлт, процедур тодорхой байх шаардлагатай юм. Төрийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үед гардаг авлигын эсрэг тэмцэхийн тулд шийдвэр гаргагчдад зориулсан сонирхлын зөрчлийн хуулийг мөрдүүлж, олон нийтэд тендерийн саналуудыг хянах боломж олгох зэрэг нь тус дөхөмтэй байдаг гэнэ. Гэтэл манайд энэ байдал эсрэгээр буюу “хаалттай тендер” зарлаж “үгсэн хуйвалдах” нь түгээмэл байна. Үүнийгээ удирдлагууд нь дотооддоо мөрдөх журмаар эсвэл хамт олны саналыг үндэслэсэн гэх нь ТҮГЭЭМЭЛ. Шалгалт хийгээд сургалтын байгууллагын зөвшөөрөлтэй холбоотой авлига ба луйвар Дээд боловсролд харилцаа холбооны шинэ технологи нэвтэрч, улмаар оюутны дунд өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь нэг талаар дэвшил хэдий ч нөгөө талаар ёс зүй буурах, авлига ихсэх шинэ боломжуудыг нээж улам “далд” хэлбэрт оруулж байна. Боловсрол дахь луйвар, анги, диплом худалдаж авах, зарах зэрэг үйлдлүүд одоо ч амь бөхтэй байсаар төрийн албанд “хуурамч” дипломтангууд шургалан орж, татвар төлөгчдийн мөнгөөр “тэжээлгэсээр” байна. Төр тэдэнд ямар ч арга хэмжээ авахгүй, дарагдуулаад “давраагаад” байгаа нь төрийг ариун байх үндэсгүй болгож байна. Тэд хуурамч диплом авахгүй байх ёс зүй байхгүй шигээ “төрийн албан хаагчийн ёс зүй”-г мөрдөнө гэдэг ёстой юу л бол … Дээд боловсрол дахь авлига оюутан, багш нарын хооронд гардаг. Тухайлбал, оюутан сайн дүн тавиулахын тулд багшдаа хахууль өгөх, хэн нэгэн таньдаг багшаар “зуучлуулах” зэрэг үйлдлүүдээр илэрдэг. Мөн дүн электрон хэлбэрт орсон хэдий ч төгсөлтийн дипломын дүн засагдах, элсэлтийн нэрийг төвөөс хийх зэрэг нь анхан шатны хянаалтыг сулруулдаг гэнэ. Өөр нэгэн “үл анзаардаг” авилга бол шалгалтандаа өөр нэгэн оюутаныг оруулах, шалгалтын тестийг өгөх зэрэг явдал болно. Үүнтэй холбоотой нэгэн ноцтой зүйл бол элсэлтийн шалгалтанд орох эрх буюу ЕША юм. Учир юу гэвэл, 800 оноо авч дээд сургуульд орсон оюутануудын дунд зөв бичих байтугай наад захын мэдлэггүй оюутанууд элсэн орж байгааг юу гэж ойлгох?

Дээд боловсрол дахь авлига одоо ч амь бөхтэй, газар авсаар байна. Багшлах эрх, сургуулийн зөвшөөрөл авахтай холбоотой авлигын хэрэг ихсэж байгаа нь ялангуяа боловсролын салбарын хувьчлал, зайнаас сургах дамжаа болон гадаадад зуучлах сургалтын төвүүдийн тоо өссөнтэй холбоотой. Үүний зэрэгцээ, боловсрол, мэдлэг чадвараар шаардлага хангаж чадаагүй хувь хүмүүс зэрэг дэв, мэргэжлийн үнэмлэх хээл хахууль өгөн олж авч байна. Сургалтын төв, дамжаануудын сертификат авахтай холбоотой авлига, мэргэжлийн үнэмлэхний луйвар улс үндэстнүүдэд аюул учруулж байна, учир нь мэргэжлийн стандарт тааруухан оюутанд чанар муу боловсролын байгууллагад лиценз олгож, албан бус сургалтын төвүүд хичээл заалгүйгээр диплом өгч, мэргэжлийн шаардлага хангахгүй эмч болон бусад “мэргэжилтнүүд” эрх бүхий албан тушаалд дэвшсээр байна хэмээн Транспэрэнси Интершнэшнлийн судалгааны тайланд тусгагджээ. Монголд энэ байдал байгаа юу? гэвэл “байна”.

Багшлах, сургуулийн зөвшөөрөл авахтай холбоотой авлигын хэрэг ихэссэнээс чанаргүй боловсрол олгох бүх шатны ерөнхий боловсрол олгох сургуулиас гадна их, дээд сургууль нилээд байна. Наад захын стандарт хангагдаагүй сургууль одоо ч үйл ажиллагаа явуулж байгааг юу гэж ойлгох вэ? Боловсролын салбарын хувьчлалаар дамжуулан төрийн мэдлийн олон сургууль хувьд хууль бусаар шилжсэн. Үүний зэрэгцээ боловсрол, шинжлэх ухааныг үнэгүйдүүлж “шаварт хутгасан” зүйл бол мэдлэг, чадвараар дульхан этгээдүүд янз бүрийн арга замаар доктор болж тэд нь орос, манайхаас өөр хаана ч байхгүй шинжлэх ухааны докторын зэрэг дэвийг авч өөрсдөө яаж авсан шигээ шинжлэх ухааныг уландаа гишгиж ёс зүйгүй авирлах боллоо. Сүүлийн жилүүдэд Монголд доктор хамгаалсан хүмүүсийн хэд нь дипломоо диплом шиг бичиж, хүмүүсийн бичсэн зүйлээс “хулгай” хийгээгүй бол? Хулгайн аргаар гаршиж ном, судалгааны өгүүлэл бичиж, хэвлүүлсэн шинжлэх ухааны докторонцорууд ч байна. Ямар арга хэмжээ авах вэ? Сургалтын байгууллагад сертификат олгох болон оюутны шалгалтыг дүгнэх тодорхой шалгуурууд бий болгож, дүгнэх процессыг ил тод болгох, дүрэм журам боловсруулах шаардлагатай. сургалтын байгууллагууд шударга ёсыг дэвшүүлж дээрээсээ доошоо хүртэл эрхэмлэх шаардлагатай байна. Хууль бусаар олгогдсон дипломуудыг хүчингүй болгож, хууль, ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг болгох. Багш нарын томилгоо, удирдлага болон анги доторх сахилга баттай холбоотой авлига Боловсролын чанарт багш онцгой үүрэгтэй. Захирал, тэнхимийн эрхлэгч, захиргаанаас багш нарыг ялгаварлан гадуурхах, хамаатан садан, танил талдаа давуу тал олгох зэрэг авлигын хэлбэрүүд үүсч, багшийг сонгон шалгаруулах, тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулах зэрэгт хээл хахууль өгч авах явдлууд ихээр гардаг. Ялангуяа цалин тавих үед ч авлига гардаг, хичээл заагаагүй “сүнс” багш буюу зөвхөн цалингийн цэсэнд бичигдсэн багш нарт цалин өгч буй нь боловсролын салбарын төсөвт ихээхэн дарамт үзүүлдэг тухай дээр өгүүлсэн. Эдгээр “сүнснүүдийг” мэдээллийн сул менежмент эсвэл санаатай хуйвалдаан бий болгодог. Тэдний дийлэнх нь урьд өмнө ажиллаж байсан, нас барсан эсвэл тэтгэвэрт гарсан, нэг бол тэнхимийн эрхлэгчийн ойрын найз, нөхөд эсвэл ажиллаж байгаад “дэвшсэн” хүмүүс байдаг. Удирдлагатай холбоотой өөр нэгэн авилгын хэлбэр бол өөрсдийн цалин дээр нэмж элдэв урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл, гадаад томилолт, бэлэг дурсгалын зардал, төслийн шугамаар, утасны төлбөр, хоолны гэх мэт мөнгөн “урамшуулал” авдаг явдал юм. Удирдлагын хүрээнийхэн үүнийгээ бусдаас илүү ажиллаж байгаа онцгой хүмүүс учраас авах ёстой “цалин” хэмээн ойлгож, “тусгай хангамж” эдэлдэг.

Гэтэл энэ нь авилга бөгөөд тэдний бусдаас онцгойг хэн ч тогтоогоогүй, өөрсдөө л “онцгой хүмүүс” хэмээн үздэг. “Онцгой” хэмээн итгэсэн удирдлагууд шударга ёсонд байхгүй зүйлийг “бий болгож” урамшуулал, нэмэгдэлийг зохиож, өөрсдөдөө авч чаддаг. Өндөр хөгжилтэй улсуудад их сургуулийн удирдлагын цалин ихэвчлэн УЗ-өөс, зарим улсуудад төрийн мэдлийн сургуулийн захиралын цалинг хариуцсан яамны сайдаас нэгдсэн байдлаар албан ёсоор тогтоодог. Учир нь томоохон сургуулийн захирал болох нь нэр төрийн хэрэг, нөгөө талаар өөрөө томилогдохыг хүссэн байдаг учир “тогтоосон цалин” л авдаг. Харин авилга өндөр орнуудад захирал, удирдлагын багууд элдэв урамшуулал, нэмэгдэл авах нь түгээмэл зарим тохиолдолд “нууц” байдлаар урамшуулал нэрээр мөнгө завшдаг. Мөн элдэв үр дүн багатай ажлын багуудыг гаргасан болж бие, биендээ мөнгө хуваарилах явдал байдаг. Энэ нь албан тушаалаараа давуу байдал үүсгэж, ашиг сонирхол нэгдэн мөнгө завшиж л байвал үр дүн нь хамаагүй гэсэн хандлагатай. Тиймээс хамт олон эсэргүүцсэн ч ашиг сонирхол нэгдсэн бүлэг хүмүүс үр дүн бага байсан ч “шинэчлэлт”, “өөрчлөлт” нэрээр өнгөлөн далдалж хүмүүсийг төөрөгдүүлэн “хийнэ” хэмээн улайрдаг. Энэ нь хожмын үр ашгийг тооцохоосоо илүү өөрсдөө удирдлагад байх үеийн “ашиг”-ийг л хардаг. (Зөвлөлт маягийн тогтолцооноос “чөлөөлөгдсөн” улсуудад түгээмэл байдаг гэнэ) Багш нарын ажиллах нөхцөл таагүй, цалин бага, хэт их ачаалал зэрэг нь удирдлагын багшийн “эсрэг” албан тушаалаа ашиглахад хүргэдэг, гол зэвсэг болдог. Цалин бага, цалинг хожимдуулах зэргээс шалтгаалан арга буюу орлогын өөр эх үүсвэртэй болохын тулд албан тушаалаа ашигладаг. Харин ажиллах орчин бага зэрэг сайжрах, нөхцөл сайжрах, цалин нэмэгдүүлэх, багшийн байр, тушаал ахих боломж багшийн мэргэжлийн нэр хүнд зэрэг нь багшийн ёс суртахуунд цалингаас илүүтэй нөлөөлдөг нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Боловсролын чанарын стандартад өндөр үзүүлэлт авдаг Канад, Куба, Финланд, БНСУ дөрвөн оронд багшийн мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж, сургалтанд хамруулах ажилд ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг, тэр нь ихээхэн үр дүнтэй байдаг нь харагджээ. Үүний зэрэгцээ, багшийн менежмент, ёс суртахууны асуудалтай холбоотой авлигаас сэргийлэх байнгын, шударга хяналт бий болгох шаардлагатай.

Харамсалтай нь, боловсролын систем болон төрийн байгууллагын ажиллагсдын дураар авирлах, албан тушаалаа урвуулан ашиглах явдалд ихэнхдээ хариуцлага тооцолгүй, дардаг. Авлигаас урьдчилан сэргийлэхэд үр дүн сайтай хяналтын механизм, ажиллах таатай орчин, багш нарын менежмент шударга, эрх тэгш байх нь чухал юм. Албан тушаалд томилох, шилжүүлэх, тушаал дэвшүүлэхэд багш нарын чадавхи, ажлын гүйцэтгэл зэргийг харгалзан шийдэх аваас тэд шавь нартаа илүү үнэнч, шудрага зарчим баримталж ажиллах болно. Иймээс албан тушаалд томилох, шилжүүлэх, тушаал дэвшүүлэх асуудлыг тодорхой шалгуур ашиглан багш нарын мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагыг харгалзан шийдэх хэрэгтэй. Хувиар хичээл заах асуудлын хувьд багш нарт өөрсдийн сурагчдад төлбөртэй хичээл заахыг хориглох ёстой.

Эцэст нь дүгнэхэд, Нэгдүгээрт, боловсролын салбарын санхүүжилттэй холбоотой бүхий л асуудлуудыг, тухайлбал сургуулийн байр барих, газар сонгох, байгууллагын бүтцийн өөрчлөлт, багш нарын томилгоо, ажлаас халах, шалгалтын явц, бусад шийдвэрүүдийг гаргахын тулд тогтоосон хууль, дүрэм, журмыг чанд баримталж ажиллах шаардлагатай. Олон дахин дүрэм журмыг өөрчлөх нь “ашиг сонирхол”-ыг нуух шилдэг арга юм. Эдгээр шалгуур, дүрэм журмууд нь олон нийтэд буюу ялангуяа багш нар, оюутан сурагч, эцэг эхчүүдэд нээлттэй, ил тод байх ёстой. Хэн нэгэн албан тушаалтан ашиг сонирхолоороо буюу “мөнгөн” дээр нэгдэж хууль бус үйлдэл хийх ёсгүй. Хоёрдугаарт, боловсролын салбарын “хэрэглэгчдээр” ёс зүйгүй үйлдэл, авлигын талаар мэдээлэх сувгуудыг бий болгох шаардлагатай.

IMG_3263Дээд боловсролд, боловсролын луйвар болон авлигын бусад хэлбэрийн хэргүүдийн талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байх тусгай бие даасан нэгж байгуулах. Ялангуяа удирдлагын түвшинд шийдвэрлэсэн, хийгдэж байгаа зүйлүүд нийтэд ил тод байхаас гадна хөндлөнгийн хяналттай байна. Гуравдугаарт, авлига, луйврыг илрүүлэх хяналтын механизм бий болгох. Аудит ба бусад хяналт шалгалт байнга хийж байх, тайланг ил тод, нийтэд хүргэх. Санхүүтэй холбоотой ямар ч зүйлийг хэн ч үзэх эрхтэй байх (Авилга өндөр оронд хуулиар тогтоосон хэдий ч бодит амьдрал дээр огт хэрэгждэггүй) Дөрөвдүгээрт, авлига үйлдэгч хэрэгтнүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авах. Хууль бус үйлдлийг шийтгэж, хууль хэрэгжүүлэх. Хууль хэрэгжүүлэхгүй, “мэдэн будилах”нь авлигыг хязгаарлахад магад хамгийн том саад болдог. Хариуцлага тооцохгүй байх нь авлигын эсрэг бусад бодлогуудад халтай. Иймд гомдол бүрт албан тушаалтан заавал хариу өгч, үгсэн хуйвалдах аливаа зүйлээс ангид байх. Тавдугаарт, санхүүгийн мэдээлэл болон бусад мэдээллүүдийг олон нийт, хэвлэл мэдээллэлд нээлттэй байлгах. Энэ нь магад авлигаас урьдчилан сэргийлэх хамгийн чухал хэрэгсэл мөн. Зургадугаарт, олон нийтийн хяналт авлигыг бууруулж чадна. Эрх үүрэг, хариуцлагыг ухамсарлаж, албан тушаал урвуулан ашиглахаас сэргийлэх. Хамт олны хяналтыг зохион байгуулж, сургуулийн менежментэд чадварлаг багш нарын оролцоог бий болгох. Санхүүтэй холбоотой элдэв баримтуудыг эрх бүхий албан тушаалтанаас гаргуулж авах. Санхүүгийн элдэв бохир зүйлээс сургуулийн удирдлага ангид байх. Эцэст нь, тогтоосон дүрэм журмуудыг дагаж мөрдөх чадвартай болохын тулд төрийн албан хаагч, багш нарын чадавхийг сургууль, байгууллагын хүрээнд дээшлүүлэх шаардлагатай. Иймд, чанартай боловсрол хүссэн олон нийтийн шаардлага, багш эрдэмтдийг урамшуулах систем, үр дүн сайтай хяналт болон хариуцлага тооцох механизм бүгд нийлээд боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх гол арга хэмжээнүүд болно. Чанартай боловсролыг хүсэх эрмэлзэл нь чанартай боловсрол дээр тулгуурлан гарч ирдэг тул, эрх үүргээ ухамсарласан боловсролтой иргэд сайн боловсролыг олгох системийг бий болгогч ил тод, хариуцлагатай байдлыг шаардаж байдаг. Нийгмийн ухамсарыг төлөвшүүлж, ёс зүйн мөн чанарыг өвлүүлснээр ирээдүйд нийгэмд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгоно. Энэ утгаараа сайн боловсрол авлигын дайсан аж. Бид авилгатай тэмцье гэвэл иргэддээ сайн боловсрол эзэмшүүлэх нь чухал. Сайн боловсрол эзэмшсэн иргэд АВИЛГЫН эсрэг хатуу тэмцэж чадна.

Д.Дашдулам (МУИС)

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …