2014 онд ерөнхий боловсролын 11-р анги төгсч буй сурагчдын ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 21 хүртэл үргэлжлэх бөгөөд элсэгчид www.ecc.mn хаягаар бүртгүүлнэ.
Энэ жил нийт 34 мянга гаруй сурагчид ЕБС-аа төгсөж байгаа ба өмнөх жилийн төгсөгчид нэмэгдэж нийт 40 мянга гаруй шалгуулагч ЭЕШ-д өгнө гэсэн тооцоо байгаа аж. шалгалт урьд урьд жилүүдийнхтэй ададил журмаар явагдах юм. Гэхдээ энэ жилээс эхлэн элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх бөгөөд тухайн элсэгч монгол хэл, бичгийн шалгалт өгч, бүртгэлийн хуудсан дээрээ тусгай таних тэмдэг наалгуулж, элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй болох юм байна.
Уг шалгалтын материалыг зөвхөн нөхөх хэлбэрээр авахгүй, эссе бичүүлж тухайн хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, эх хэлээрээ бичих чадвар зэргийг нь шалгах аж. Тиймээс энэхүү шалгалтыг гараар засаж багагүй цаг авах учир дүнг нь сонгон шалгалтын дүнг зарласны дараа танилцуулахаар болжээ. Заавал өгөх энэхүү шалгалтаас бүртгэлийн хураамж авахгүй, мөн босго оноо тавихгүй юм байна.
Элсэгчид монгол хэл, бичгийн эл шалгалтыг өгсөнөөр үндэсний хэмжээнд сурагчдын монгол хэл, бичгийн хэрэглээний түвшин ямар байгаа талаар чанарын үнэлгээ хийхэд гол зорилго нь оршиж байгаа ажээ.