Эдийн засгийн байнгын хороо намрын чуулганаар 23 хууль, 9 тогтоолыг эцэслэн батлуулжээ

Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилтын хүрээнд төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх, гадаадын хөрөнгө оруулалтад таатай нөхцөл бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлоход чиглэгджээ. Энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн батлуулах, 2014 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц байдлын талаар зарим байгууллага, яамдын үйл ажиллагаатай танилцах, тодорхой сэдвээр холбогдох яам, байгууллагын тайлан, мэдээлэл сонсож, тэдгээрт үүрэг, чиглэл өгөн ажилласан байна.

Тайлант хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 24 удаа, төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр байгуулагдсан хорооны ажлын хэсэг 80 гаруй удаа хуралджээ.

2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо давхардсан тоогоор 60 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 40 орчим санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 10 гаруй ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ.

Чуулганы хугацаанд тус Байнгын хороогоор хэлэлцэгдсэн 23 хууль, 9 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 3 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, 2 хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдсан 11 хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахад бэлэн болгожээ. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан нийт 32 хууль, бусад шийдвэрийн дөрөв нь шинэчилсэн найруулга буюу шинээр батлагдсан хууль, 19 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль, 9 нь УИХ-ын тогтоол байсан аж.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийн нийтлэг эрх зүйн баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, Монгол Улсын эдийн засагт үр ашиг бүхий төсөл, хөтөлбөрийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан гаргасан байна.

Намрын ээлжит чуулганаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан нь эдийн засаг дахь дотоодын хуримтлал, хадгаламжийг зах зээлийн зарчмын дагуу хөрөнгө оруулалтын сангууд байгуулах замаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хэлбэрээр илүү өндөр үр ашигтайгаар ашиглах, энэ төрлийн хөрөнгө оруулалтын мэргэжлийн үйл ажиллагааг хууль зүй, бизнесийн өндөр хариуцлагатайгаар эрхлэх эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, санхүү, хөрөнгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бүрэлдэн тогтох боломж нээгдсэн юм.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгаж, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн дархлааг сайжруулах зорилтын хүрээнд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд 7 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах, үүний үр дүнд дунд хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх, төгрөгийн ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлж, уян хатан тогтоох зарчмыг үргэлжлүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг нэмэгдүүлэн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, зээлийн барьцаа хөрөнгийн талаарх эрх зүйн орчинг шинэчлэх зэрэг бодлого, чиглэлүүдийг тодорхойлсон байна.

Ээлжит чуулганы хугацаанд “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталсан нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэс баялгийн салбарын хөгжлийн талаар тусгагдсан томоохон зорилт, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, улмаар уул уурхайн салбарыг дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл хандлагын хүрээнд газрын хэвлийн баялгийн давуу байдалд тулгуурлан хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй дэвшилтэт техник технологи, менежмент нэвтэрсэн, олборлох болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар болгон хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь алт олборлогчдод банкинд алт тушаах сонирхол бий болох, хууль бусаар олборлох, худалдах, хил давуулах зэрэг эдийн засгийн сөрөг үзэгдэл буурч, Монголбанкинд тушаах алтны хэмжээ болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын эрх зүйн тусгайлсан орчин бүрдэж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зам, барилгын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чухал алхам болж байна.

Ээлжит чуулганы хугацаанд Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан батлуулахад бэлэн болгожээ.

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг эхлүүлж, тэдгээрийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсэг байгуулан ажиллуулжээ.

Ээлжит чуулганы хугацаанд хяналтын чиглэлээр 3 ажлын хэсэг шинээр байгуулагдаж, өмнөх чуулганы үед байгуулагдсан нэг ажлын хэсэг үргэлжлэн ажиллаж, нийтдээ 9 яам, газарт 10 гаруй хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцжээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 73 тоот захирамжаар Монгол Улсын эдийн засгийн гадаад, дотоод орчин, хөгжлийн явц байдалд судалгаа дүгнэлт хийх, цаашид баримтлах чиг хандлага, даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанаар сонсож, ажлын хэсгээс боловсруулсан тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах Үндсэн чиглэл, Төв банкны тухай хууль болон Монголбанкнаас Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдал, үр өгөөжийг Монголбанкинд, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг Санхүүгийн зохицуулах хороонд, Статистикийн тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний статистикийн хороонд тус тус шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, тус газруудад хуралдааны тэмдэглэлээр үүрэг, даалгавар өгчээ.

Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон 2013 онд улсын төсөв, Хөгжлийн банк, Чингис бондын санхүүжилтээр хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц байдлыг УУЯ, ЭХЯ, ҮХААЯ, ЗТЯ, БХБЯ, ЭЗХЯ-нд шалган танилцаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар шийвдэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шалгалтын ажлын хэсэг санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулахаар бэлтгэж байгаа аж.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг иргэдэд тайлбарлан сурталчлахад зориулан арга зүйн хялбаршуулсан гарын авлага боловсруулж, хэвлүүлжээ.

Улсын Их хурлын даргын 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 119 тоот захирамжаар байгуулагдсан МУ-ын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, нэгдсэн тээврийн логистикийн сүлжээг бий болгох, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах талаар нэгдсэн бодлого боловсруулах ажлын хэсгийн хүрээнд “Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” сэдэвт Олон улсын бага хурлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн “Газрын тосны тухай хуулийн төсөл: Иргэдийн оролцоо, санал бодол” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Дорнод аймагт зохион байгуулж, нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөлөөс гаргасан саналуудыг хуулийн төсөлд тусгуулахаар Байнгын хорооны ажлын хэсэгт хүргүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …