Монголын жүдочид Морин жилийн эхний тэмцээнийг амжилт дүүрэн угтлаа. Тодруулбал, Францын нийслэл Парис хотноо болж буй жүдогийн “Их дуулга”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн -60 кг-д ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртлээ. Нэр хүндээрээ ДАШТ-ий дараа орох тус тэмцээнд манай улсаас 11 эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин оролцож байгаа ажээ. Баг тамирчид шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор Парисын татамид зодоглож байна. Парисын “Их дуулга”-ын тэмцээнд түрүүлсэн бөхийн чансаа 500 оноогоор нэмэгдэх бөгөөд мөнгө, хүрэл медалийг 300, 200 оноогоор урамшуулах аж. Ингэснээр тухайн тамирчин олимпид оролцох эрхийн боломжоо улам бүр нэмэгдүүлж байгаа гэсэн үг юм. Энэхүү тэмцээнд 75 орны 472 жүдочин өрсөлдөж байна. Эхний өдрийн байдлаар багийн дүнгээр Монгол улсын баг тамирчид 1алт, 1мөнгө, нэг 5-р байр , хоёр 7-р байр эзэлсэн амжилтаараа 3-р байрт явж байна.
Эрэгтэйчүүдийн -60 кг-д ОУХМ Г.Болдбаатар мөн л аваргын төлөө үлдсэн. Тэрээр Гүржийн бөх Папинашвили Амираныг цэвэр ялснаар Парисийн их дуулгад түрүүллээ.
Францын нийслэл Парис хотноо болж буй “Их дуулга”-ын тэмцээнээс эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг аваргын алтан медалийн төлөө Японы бөх Ямагиши Эмид ялагдснаар мөнгөн медаль хүртлээ.
А.Галт