Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар Германы алдарт дуучин Нана Квамэ Аброква гуравдугаар сарын 1-нд Монголд тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл уг холбооны төлөөлөл Монголоос анх удаа дэлхийн одын өөрийн оронд тоглох тоглолтонд зориулж бүрэн хэмжээний ярилцлагыг авсан билээ. 2013 оны 12 дугаар сарын 16-нд ХБНГУ дахь Mонголын элчин сайдын яаманд алдарт дуучнаас авсан ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
-Та Монгол улсыг ямраар төсөөлж байна вэ?
-Би анх Монголд очих саналыг хүлээж аваад маш их догдолсон. Учир нь Монголоос ирсэн анхны урилга байсан. Би Монгол орныг маш сонирхолтой ёс заншилтай сайхан улс гэж боддог. Монгол улсын талаар бодох, сонсох бүрт минь бодолд шууд Чингис хаан орж ирдэг. Би энэ гайхалтай бахархал дүүрэн улс оронд очих болсондоо үнэхээр баяртай байна.
Би бас Монголд очих тухай сонсоод шууд л хоолны тухай бодсон. Яагаад гэхээр би амттай сайхан хоолонд маш дуртай. Намайг Хамбургт амьдарч байхад тэнд монгол грилл ресторан байдаг байсан. Би тэнд очиж хооллох их дуртай байсан, халуун том хавтан бас халуун чулуун дээр бид мах, ногоо шарж иддэг байсан. Тэр хоолыг би жинхэнэ эх оронд нь идэх нь байна шүү дээ. Би танай улсын зоогтой танилцахдаа таатай байх болно.
-Гадаад хүмүүс Монгол орныг эзэн Чингис хаанаар нь төсөөлдөг. Та Чингис хааны тухай хэр мэдэх вэ?
-Би Чингис хааныг их хүндэлдэг, маш зоригтой, дайчин хүн байсан гэж боддог. Монгол үндэстэн бүрийн ген болон цусанд нь энэ зан чанар шингэсэн байдаг байх аа. Танай орны нэрийг тэртээх 13-р зуунаас одоог хүртэл дэлхийн тавцанд таниулж чадсан агуу хүн учраас Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд Чингис хааны үр удам гэсэн омогшил, эзэн Чингисээрээ бахархах сэтгэл байнга төрдөг болов уу гэж бодогддог.
Би дэлхийн түүхийн номноос түүний тухай уншиж байхдаа “Хөөх, Монгол улс тухайн үед дэлхийн нийт газар нутгийн тал орчим хувийг эзэлж, эзэнт гүрний ноёрхлоо тогтоож, олон үндэстэн ястнуудыг удирдан дэлхийн эдийн засаг, худалдаа арилжааны төв 13-р зуунд Монгол оронд төвлөрч байсан байна шүү дээ, ямар агуу том хаант гүрэн, байсан юм бэ хэмээн өөрийн эрхгүй Чингис хаанаар бишрэх сэтгэл төрсөн шүү. Тэр маш хүчтэй, ухаалаг нэгэн байж. Нэг жишээ л дурьдахад хятадууд монголчуудаас айгаад тэр том урт цагаан хэрмийг бариулсан гэхээр Монгол ямар агуу хүчтэй гүрэн байсныг нотолж байна.
-Монгол улсад тоглолт хийх саналыг аваад танд төрсөн анхны сэтгэгдэл юу вэ?
-Монголоос ирсэн урилгыг авахад надад үнэхээр агуу сэтгэгдэл төрсөн. Би их гайхсан ч давхар маш их сэтгэл догдлолд автсан. Би олон орноор аялж явсан ч Азийн орнуудаар зочилсон нь цөөн. Тэр ч утгаараа миний сонирхлыг их татсан. Ер нь миний очиж үзэх ёстой газруудын нэг бол яах аргагүй Монгол орон гэж би хувьдаа боддог байсан. Би монгол хүмүүсийг маш даруу, дөлгөөн зочломтгой хүмүүс байдаг гэж сонссон. Надад ийм сайхан оронд очих боломжийг олгож байгаад маш их баяртай байна. Намайг урьсан Монгол-Австрийн Залуучуудын Холбооны хамт олонд маш их баярлалаа.
-Та Монголд очоод хамгийн түрүүнд юу хийхийг хүсэж байна вэ?
-Би 12 цагийн турш онгоцоор нисч Монголд очих учраас хамгийн түрүүнд буудалдаа буугаад шүршүүрт орно доо. Дараа нь мэдээж танай орны сайхан зоогтой танилцах байх. Би хоолонд үнэхээр дуртай шүү /инээв/. Тэгээд танай орны сайхан нийслэл хоттой танилцахыг хүсч байна. Ийм сайхан боломж гарсанд би их баяртай байна. Германы Берлин хотоос огт өөр ёс заншилтай Монгол улсын нийслэл Улаанбаатар луу очих нь байна шүү дээ.
-Та орчин үеийн залуучуудын талаар юу гэж боддог вэ?
-Одоогийн залуучуудын тухай бодол маань шууд л интернеттэй холбогддог. Өнөөгийн нийгэм миний залуу байх үеийнхээс их өөр, залуус боломжоор дүүрэн нийгэмд амьдарч байна гэж боддог. Бас одооны залуучууд хэзээд мэдээллээр тасрахгүй, бид ч мөн адил тэр мэдээллийн эрх чөлөөт нийгмийн давхраанд амьдарч байгаа. Интернетээр бүх чиглэлийн мэдээллийг хил хязгааргүй, дэлгэрэнгүй авчихдаг болсон энэ цаг үед амьдарч байгаадаа бид үнэхээр баярлаж явах хэрэгтэй. Тийм ээ, бид залуу байна, энэ чинь л гайхамшиг шүү дээ.
-Уран бүтээлч болоход тань юу танд хамгийн их нөлөөлж, урам зориг, онгод хайрласан бэ?
-Энэ үнэхээр сайхан асуулт байна. Хөгжим надад хэзээд ойр дотно мэдрэмж төрүүлж ирсэн. Би чин сэтгэлээсээ дуу хөгжимд хайртай, дуртай нэгэн байсаар ирсэн. Би анх хөгжимтэй холбогдохдоо Rep-ээс эхлээд soul, rnb, rock хүртэлх бүх төрөл, чиглэлийн дуу хөгжмийг сонирхож сонсдог байсан. Одоо ч гэсэн би Micheal jackson, Public enemy, PMD, The Police, rock чиглэлээс ASDC гэх мэт янз бүрийн урсгалын дуучид, хамтлагуудыг сонсдог. Миний анхны гараа DJ-гээс эхэлсэн шүү дээ. Би олон сайхан уран бүтээлчдийг харж, урам зориг авдаг байсан.
Одоо өөрийнхөө дуртай, хайртай зүйлээ мэргэжил болгоод, бас хүмүүсийг өөрийнхөө уран бүтээлээр хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж байгаадаа үнэхээр их аз жаргалтай байдаг. Одоо ингээд Монгол руу хүртэл уригдаад очиж байгаа нь маш сайхан санагдаж байна.
-Дуучин болоход тань юу хамгийн их нөлөөлсөн бэ? Мөн анхны гарааныхаа тухайд?
-Ер нь бол надад тэгж их нөлөөлсөн юм байгаагүй. Яагаад гэхээр надад өөр сонголт байгаагүй гэх үү дээ /Инээв/. Учир нь би багаасаа л хөгжимд хайртай байсан. 16 настайгаасаа хөгжмийг илүү их сонсдог болж эхлээд 19 наснаасаа DJ хийж уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Ээж маань үүнийг хамаг чадлаараа эсэргүүцэж байсан ч надад тийм ч их цаг хугацаа байгаагүй, би хөгжимгүй амьдарч чадахгүй гэдгээ л мэдэрч байсан. Миний найзууд, хамтран ажилладаг хүмүүс маань мөн л над шиг DJ байсан. Бид хамтдаа урлагийн гараагаа эхлээд, надад ямар ч алдар цол байгаагүй тэр үед нэг найз маань намайг шууд л өөрийн дураар MC хэмээн өргөмжилж билээ. Тэгээд л MC гэдэг сайн дураараа өгсөн цолноос би реппер болсон юм даа. /Инээв/
Анх тайзан дээр гарсан түүх маань одоо бодоход маш аймшигтай, бас их инээдтэй санагддаг. Өө бурхан минь, би тайзан дээр гараад л шууд дууныхаа үгийг мартчихсан. Тэр үед надад үнэхээр аймшигтай, ичмээр мэдрэмж төрж байсан. Би гартаа микрофоноо барьчихсан, үнэхээр сандарсан байсан л даа. Аз болж миний хажууд өөр нэг MC байсан, би түүнд шууд л микрофоноо өгөөд алга болсон. Тийм ээ, анхны тайз маань ийм л байсан. Одоо бол мэдээж бүх зүйл өөр. Тайзан дээр гарах үнэхээр сайхан, тайз бид хоёр салшгүй бат холбоотой болсон.
-Та Азийн улс орнуудыг хэрхэн харж, дүгнэдэг вэ?
-Би Азийн орнуудыг бидний ирээдүй гэж боддог. Бидний ирээдүйг өнөөдөр буюу одоогийн нийгмийн цаг үе гэж хэлж болно. Азийн орнууд асар том зах зээлийг эрх мэдэлдээ авсан, цаашдаа ч олон улсын зах зээлийг өөрсдийн гарт оруулах гарцыг олсон тив. Азийн орнууд яаж ийм богино хугацаанд хөгжиж, товхинож буй үйл явцыг харж судлах нь надад их сонирхолтой байдаг. Японоос Турк улс хүртэл эдийн засгийн тэр том боломжуудыг бодож сэтгэж гаргаж байгаа нь үнэхээр агуу.
Ер нь бол ойрын 5 жил бүх эдийн засгийн эрх мэдэл Азийн хөгжиж буй зах зээлийг гартаа авсан улс орнууд руу хараагаа чиглүүлсэн байгаа, бас ирээдүйд Европын ихэнх хүмүүс Азид амьдрах байх гэж би боддог.
-Та хүмүүнлэгийн ажилд хэр зэрэг оролцдог вэ?
-Би Хамбургт байхдаа Гана улсын өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зөвөлгөө өгч, нийгмийн талын асуудлуудаа шийдэхэд нь тусалдаг байсан. Дүү маань хуульч хүн л дээ. Бид хамтарч бичиг баримтын асуудалтай өрх толгойлсон эмэгтэйчүүдэд оршин суух эрхийн төлөө Герман улсын засгийн газартай үүсээд байгаа асуудлыг нь шийдэхэд тусалдаг. Миний хувьд энэ тусламжаасаа маш их туршлага олж авсан, бас хүмүүст тусалснаараа сэтгэл зүйн хувьд өөртөө маш их аз жаргалыг мэдэрдэг.
Одоо Монголд тоглох тоглолтынхоо хүрээнд дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайн төлөө дуу хоолойгоо өргөж, олон улсын сонорт хүргэх ажилд гар бие оролцож байгаадаа үнэхээр баяртай байна.
-Hийгмийн цөөнх болох бэлгийн чиг хандлага өөр хүмүүсийг та ямар өнцгөөс харж дүгнэдэг вэ? Энэ асуудлыг Монгол улсын нийгэм хүлээн зөвшөөрдөггүй юм.
-Хамгийн түрүүнд би нэг зүйлийг хэлмээр байна. Бид бүгд адилхан хүн төрөлхтөн. Бид чинь даяарчлагдсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Зарим улс оронд тэднийг бэлгийн гаж хандлагатай гээд амийг нь хүртэл бүрэлгэдэг гэж дуулсан. Энэ бол байж болохгүй зүйл. Тэд бэлгийн чиг хандлагаа өөрсдөө сонгоогүй шүү дээ. Тэднийг хүмүүс, нийгэм маш дутуу үнэлдэг мэт санагддаг. Жишээ авч үзэхэд, яагаад би ижил хүйстэн нэгнээс илүү гэж? Хүмүүс тэднийг зүгээр л байгаагаар нь хүлээн авч хүн гэдэг үүднээс нь хүндэлж харьцах ёстой шүү дээ.
Би ижил хүйстнүүдийг эсэргүүцдэггүй. Гэхдээ нөгөө талаар би тэднийг үзэн яддаг. Тэр нь юу вэ гэхээр олон улс оронд ижил хүйстэн хосууд хүүхэд үрчилж авдаг болсон. Тийм бэлгийн чиг хандлагатай хүмүүстэй бяцхан үрс хамт өсөж торнино гэхээр надад хүүхдийн хүмүүжлийн хувьд ямар ч баталгаагүй мэт санагддаг. Хүүхэд гэнэн цагаахан байдаг учраас харсан үзсэн бүх зүйлээ дуурайж хийхийг хүснэ. Энэ бол үнэхээр аймшигтай, би хувьдаа эрс эсэргүүцдэг.
–Таны хамгийн хэлэх дуртай үг юу вэ?
-Миний хэлэх дуртай үг бол “Бүх зүйл боломжтой”. Тийм ээ, энэ бол миний хамгаас хэлэх дуртай үг. Хэрвээ хүн дотроо нэг зүйлийг хүсч түүнийхээ төлөө тэмүүлж чадаж байвал бүх зүйлийг хийж бүтээх боломж бололцоо аяндаа гарч ирдэг.
-Та шүтлэгтэй юу? Шашин шүтлэгийн талаарх таны үзэл бодол юу вэ?
-Тийм ээ, би шүтлэгтэй. Би бурханд, байгаль дэлхийд итгэдэг. Гэхдээ энэ сэдэв рүү хүмүүс их туйлширдаг юм шиг санагддаг. Бид бүгд дэлхийн өөр өөр өнцөгт өсөж торнисон өөр өөр ёс заншил, шашин шүтлэгтэй хүмүүс. Хүн ихэнхдээ хаана өсөж хүмүүжиж байна, ямар ч сонголтгүйгээр тэр улсынхаа шашин шүтлэгийг өвлөн авдаг. Гэтэл христийн шашин, будда, муслимийн аль нь хамгийн шилдэг шашин бэ гэдэг талаар л маргалдацгаагаад байдаг. Хүн бүр өөрийн сонгосон шашин шүтлэгээ хамгийн шилдэг үнэн зөв бодит гэж боддог. Мэдээж хүн бүр өөрийн сонгосон шашин шүтлэгтээ үнэнч явах эрхтэй, гэхдээ эцэст нь юу чухал вэ гэхээр таны зүрх сэтгэл сайн уу, муу юу, та шашин шүтлэгтээ үнэнч байгаад сайхан сэтгэл зүрхтэй хүн болж чадсан уу, үгүй юу гэдэгт л хамаг учир байгаа юм.
Угтаа бол нэр нь л өөр болохоос бурхан гэдэг ганцхан зүйл бий. Чи бурхныг барьж харж тэмтэрч чадахгүй, гэхдээ чи сайн сайхан юм хийх тусам чамд хүч тэнхээ, эерэг энергийг өгдөг. Энэ чинь л бурхан шүү дээ. Ер нь бол орчлон ертөнц байгаль дэлхий бол бидний хувьд хамгийн том бурхан, байгаль эх дэлхий амьтдыг бид хайрлах хэрэгтэй.
Харин зарим муу хүмүүс итгэгч гэнэн хүмүүсийг бурханаар дарангуйлдаг, бүх алхмуудыг нь хянадаг, шашин шүтлэгийг ашиглан бизнес хийдэг нь надад таалагддаггүй.
-Та улс төр сонирхдог уу?
-Би улс төрд маш сонирхолтой. Гэхдээ би зурагт үздэгггүй, сонин ч нэг их уншаад байдаггүй, харин fm радиогоор хааяа шинэ соргог мэдээ сонсдог. Байдлыг ерөнхийд нь ажиглаж, өөрийнхөө дүгнэлтийг хийж суудаг.
Ер нь бүх эдийн засгийн эрх мэдлийг төр барьж байдаг, бүх хууль зүйг төрөөс гаргадаг. Улс орныг, бас бид өөрсдийн өдөр тутмын амьдралыг улс төргүйгээр төсөөлөшгүй шүү дээ. Энэ бол маш чухал сэдэв. Ялангуяа залуу хүмүүс энэ сэдвээр маш их мэдлэгтэй байх хэрэгтэй гэж би боддог. Тэд бол бидний ирээдүй шүү дээ.
-Та арьс өнгөөр ялгаварлах үзлийн (racism) талаар санал бодлоо бидэнтэй хуваалцаач?
-Би арьс өнгөний гадуурхлыг өөрийн амьдралаараа туулж байсан. Би ХБНГУ-д өсөж торнисон, анх 12 настайдаа энд ирж байсан. Би Гана улсад амьдардаг байхдаа олон улсын сургуульд явдаг байсан. Надад Хятад, Европ гэх мэт маш олон тив улсаас ирсэн найзууд байсан. Тэнд хэзээ ч хүмүүс бие биеэ гоочилдоггүй байсан болохоор би Ганад амьдардаг байхдаа арьс өнгөний үзлийн талаар юу ч мэдэхгүй хүүхэд байсан. Германд ирснийхээ дараа би өөрийгөө “Хөөх, чи бусдаас өөр харагдаж байна” гэж бодох болсон.
Одоо бол миний хувьд арьс өнгөний үзэл, гадуурхал зэрэг нь үнэхээр хэнд ч хамаагүй зүйл. Хэрвээ хүн арьс өнгөөр бусдыг ялгаварлан гадуурхаж байгаа бол тэдний зүрх сэтгэл хаалттай хэвээрээ байна гэсэн үг. Юу тэдэнд байгаа болоод тэд надаас илүү хүмүүс болж байгаа юм бэ? Эсвэл юу надад илүү байгаа болоод чамаас илүү гараад байгаа юм бэ? Хүүхдүүд ухаан орох хүртлээ өөрийгөө бусадтай адилхан арьстай, адилхан нүд амтай гэж боддог. Жаахан ухаан ороод ирэх үед нь хүмүүс ялгавартай хандаж, чи бусдаас өөр шүү гэж яс маханд нь, сэтгэлд нь мэдрүүлдэг.
Одоо бусдыг арьс өнгөөр гадуурхдаг хүмүүс байвал “Алив ээ, бид чинь 2013 онд, орчин цаг үеийн нийгэмд амьдарч байна шүү дээ” гэж хэлнэ. Энэ бол дэндүү хоцрогдсон сэдэв. Одоо ийм хүн байвал би тэр хүнийг үнэхээр өрөвдөнө. Тэр намайг мэдэхгүй, миний дотор юу байгааг харж чадахгүй их олон зүйлээр хоцорч байна гэсэн үг. Би зүгээр л арьс өнгийг гадуурхдаг үзэл бодлоо одоо болиоч ээ, томоожоогүй хүмүүс ээ гэж хэлмээр байна.
-Эрх чөлөө, шударга ёсны тухай таны бодол юу вэ?
-Эрх чөлөө гэдгийг би байгаль дэлхийд, хүн бүрт, сэтгэл зүрх бие мах бодод нь байгаасай гэж хүсэж, найдаж явдаг. Хэн ч байлдаж тулалдаж бие биенийхээ амийг хөнөөх гэж энэ орчлонд мэндлээгүй. Тийм ээ, бид өөр арьс, өөр нүдтэй, өөр ёс заншил, шашин шүтлэгтэй. Бас өөр өөрийн гэсэн эх хэлтэй. Гэхдээ бид бүгд л энэ дэлхийд мэндэлсэн байгаль ээжийн үрс. Тийм ч учраас хааяа бодохоор улс орнуудыг хязгаарласан хил гэж зүйл байгаад дэмий ч юм шиг.
Яахав, бидэнд өөр өөрийн гэсэн орон зай хэрэгтэй л дээ. Гэр бүл, нийгмийн эрх чөлөө, улс төр, ажил төрлийн гээд бүх чиглэлд эрх чөлөө маш чухал сэдэв. Харамсалтай нь дэлхий дахинд болж буй үйл явдлыг сонсохоор, яагаад зүгээр л энх тайван, дайн байлдаангүй амьдарч болдоггүй юм бол доо гэж өөрийн эрхгүй боддог.
-Дайн байлдаан болоод терроризмыг та аль өнцгөөс хардаг вэ?
-Терроризмын талаар би сайн мэдэхгүй ээ. Террорист гэж хэн юм бэ? Засгийн газар луу чинь дайрах гэж оролдож байгаа хүн үү? Олон хүмүүсийн сайн мэдэх Nelson Mandela-гаар жишээ аваад үзье л дээ. Тэр хүн эрх чөлөөний төлөө, өөрийн засгийн газарт хар арьстай хүмүүсийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэж байсан. Мэдээж хүн ямар нэг чухал юмыг уриалаад түүнийхээ төлөө бүх амьдралаа золиослон тэмцэж байхад түүнийг нь хэн ч сонсохгүй бол тэр эсрэг үйлдэл хийж эхэлнэ.
Тэр хүмүүсийг л террорист гэж үзээд байдаг юм шиг санагддаг. Ер нь бол энэ их аюултай, хэцүү сэдэв. Хүн болгоны террорист гээд байгаа тэр хүмүүсийг бүгдийг террористууд гэж хэлэхэд хэцүү бас буруу гэж би боддог.
-Та сайхан хайртайгаа учирсан уу? Энэ талаар…?
-Тийм ээ, би сайхан хайртай учирсан. Үнэхээр би гүн гүнзгий тэр сайхан хайрыг олсон. Энэ бол хөгжим. Бас миний хайртай фэнүүд.
-Та ямар хүнийг жинхэнэ эмэгтэй хүн гэх вэ? Эмэгтэй хүний ямар ааш зан таалагддаг вэ?
-Би эмэгтэй хүнд хайртай, Би ямар гэдгээс нь шалтгаалахгүйгээр тэднийг хайрлаж хундэлж явдаг. Тэд амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс шүү дээ. Жишээ нь гэр орныг эмэгтэй хүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Тэд байхгүй бол ямар ч халуун дулаан уур амьсгал байхгүй. Бас эмэгтэйчүүд маш ухаалаг байдаг, эрэгтэй хүмүүсээс ямагт түрүүлж сэтгэдэг.
Эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх ёстой. Гэхдээ гаднаасаа биш дотроосоо. Хааяа угаалгын өрөө рүү ороод хэдэн цаг алга болчихоод шал өөр хүн болоод гарч ирдэг. Тэр нь ч гэсэн их хөөрхөн. Би жишээ нь хэзээ ч ижил хүйстэн байж чадахгүй. Ийм үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг хараад би хааяа ижил хүйстнүүдээс “Чи яаж ижил хүйстэн байж чадаж байна аа?” гэж асуумаар байдаг. Гэхдээ энэ миний л бодол шүү дээ.
Хааяа эмэгтэйчүүд их аюултай байж чаддаг, гэхдээ чи тэд нараар оролдож зэвүүцлийг нь хүргэсэн тохиолдолд л тэд хариугаа авах маягаар маш аюултай болдог. Ямар ч эмэгтэй хүн маш хүчтэй, хүссэн бүхнээ өөрийн болгож чаддаг. Тийм ээ, бүсгүйчүүд ээ та нар бол үнэхээр хүчирхэг, гайхалтай сахиусан тэнгэрүүд.
-Хүн бүр л өөрийн мөрөөдөлтэй байдаг. Таны мөрөөдөл тань биелсэн үү? Таны цаашдын мөрөөдөл юу вэ?
-Тийм ээ, хүн бүр өөрийн гэсэн хүсэж мөрөөддөг том, бага мөрөөдөлтэй байдаг. Хүн өөрийнхөө мөрөөдлийг биелнэ гэдэгт итгэхгүйгээр мөрөөдөх юм бол мэдээж хэзээ ч биеллээ олохгүй. Би та нарт амьдралаараа баталгаажуулж өгье. Мөрөөдөл биелдэг юм. Хэрвээ хүн өөрөө түүндээ сэтгэл зүрхээрээ итгэж байвал мөрөөдөх л ёстой. Тэгэхгүй бол хүн ямар ч алсын хараа зорилгогүй, хэн ч биш болно. Хүн байгаа зүйлдээ хэзээ ч ханаж цадаж болохгүй. Цаашдаа улам их тэмүүлэх ёстой, өөрийнхөө бие мах бодтой мөрөөдөж буй зүйлээ холбож байнга бодож мөрөөдөж байх хэрэгтэй. Нэг өдөр л та тэр мөрөөдлийнхөө төлөө хийж бүтээсэн зүйлтэй, мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байх болно. Хэрвээ та мөрөөдөлтэй бол түүнийгээ хэзээ ч бүү орхиорой. Яагаад гэвэл тэр биелэх боломжтой. Биелэх ч болно. Би андгайлж байна.
Миний хамгийн том мөрөөдөл биелсэн. Биелээгүй бол би энд ингээд ярилцлага өгөөд сууж байхгүй байсан. Одоо ч надад маш том мөрөөдөл байгаа. Нэг том мөрөөдлөө хуваалцах юм бол би Африкт буюу өөрийнхөө улсад өөрийн нэрээр эмнэлэг нээхээр төлөвлөөд байгаа. Ер нь бол би бусдаас сайн сайхан юу авсан, тэр бүгдээ эргүүлж өгөхийг хичээдэг.
-Та голчлон ямар брэндийн сонголт хийдэг вэ?
-Энэ үнэхээр хэцүү асуулт байна. Би брэндүүдэд дуртай. Тансаг зүйлүүдэд ч мэдээж дуртай. Брэнд болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ яг тэр нь надад илүү таалагддаг гэж хэлэх хэцүү юм. Вurberry, Рrada, Аrmani, Versage (versaje) гэх мэт бүгдийг нь л хэрэглэдэг, бүгд л сайн.
-Таны амьдралын хамгийн хүнд хэцүү үе хэзээ байсан бэ? Тэр үеэ яаж даван туулсан бэ?
-Миний аав, ээжийн нас барах тэр үеүд миний амьдралын хамгийн хүнд хэцүү байсан. Миний ээж, аав 10 жилийн зайтай нас барсан. Ээжийгээ нас барах үед би дөнгөж 18 настай байсан. Германд аль хэдийн ирчихсэн, дуу хөгжимтэй холбогдоод эхэлчихсэн байсан үе. Би айлын том хүү, хоёр эрэгтэй, нэг охин дүүтэй л дээ. Ээж маань хөхний хорт хавдраар нас барсан. Би тэр үед зүгээр л бусдын туслалцаа хэрэгтэй жаахан хүүхэд байснаа ухаарсан. Өмнө нь өөрийгөө их том болсон гэж бодоод явдаг байсан. Гэхдээ хүнд үеүд намайг тэр бүхнийг давж гарах хүч, тэнхээтэй хүн болгосон.
Миний энэ үеийн амьдралын тухай олон зүйлийг олж мэдэхийг хүсвэл миний эхний альбомыг сонсоод үзээрэй. Миний хувийн амьдрал, миний дотор юу болж байсан талаар ихийг олж мэдэх боломжтой. Хүнд хэцүү бэрхшээлүүд хүнийг төсөөлшгүй хүчтэй болгодог. Хүнд хэцүү үеүд үргэлж хойноосоо сайн сайхан зүйлийг дагуулж байдаг гэдэгт би итгэдэг. Хүн үргэлж сайн сайхан юмны талаар бодож байх хэрэгтэй. Нэг бүдэрлээ, хэцүү зүйл тохиолдлоо гээд дандаа эсрэг муухай юм бодож болохгүй. “Ying yang” гэж хятадаар хэлдэг шиг хүний амьдралд хүнд ч үе бий, сайхан ч үе бий, хэзээ ч битгий бууж өгөөрэй. Энэ чинь л амьдрал шүү дээ.
-Таны амжилтын хамгийн оргил үе хэзээ тохиож байсан бэ?
-Би оргил үеэ яг төдий хугацаанд, тэнд энд гэж хэлэхгүй. Миний оргил үө 1996 оноос эхэлсэн гэж би боддог. Би анхны сингл “Darkman”-аа гаргасны дараа ар араасаа олон дуунууд маань хит болсон. Миний мөрөөдөл биелсэн. Би маш богино хугацаанд олны танил болж, олон орнуудаар аялан тоглосон. Энэ үеийг л би оргил үе маань гэж хэлнэ дээ. Миний уран бутээлээ тууривах тэр үйл явц бүр миний амьдралын оргил үеүд байх болно. Би их азтай хүн. Өөрийнхөө хайртай дуртай зүйлийг мэргэжил болгоод түүгээрээ амжилт гаргаад явж байгаадаа үнэхээр их баярладаг. Бурханаас заяасан авьяасаар хүмүүст аз жаргал өгч чадаж байна аа гэдэг бол маш агуу зүйл.
-Ta хүүхэд насныхаа тухай дурсаач? Та өөрөө хүүхэдтэй юу?
-Миний хүүхэд нас үнэхээр сайхан байсан. Миний аав менежер, ээж багш хүн байсан. Тэд маш сайн аав ээж байж чадсан, ажилсаг гэр бүлд төрж өссөндөө би одоо ч бурхандаа талархаж явдаг. Хүүхдэд анхнаас нь ямар суурь хүмүүжил өгөх нь маш чухал. Хүн тэр хүмүүжлээрээ ирээдүйд амьдрах болно. Намайг юугаар ч дутаалгүй сайн хүн болгон өсгөсөнд нь би үнэхээр баярлаж явдаг.
Би хоёр сайхан хүүхэдтэй. Охин тэгээд хүү. Хүүхдүүд гэдэг үнэхээр гайхалтай бурханы бэлэг.
-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Миний хобби ерөнхийдөө энэ тэрүүгээр аялах, хоол хийх, хүмүүстэй чин сэтгэлээсээ ярилцаж суух, тэгээд мэдээж хөгжим бол миний хамгийн том хобби шүү дээ. Би их олон зүйл сонирхдог. Жишээ нь би эдийн засгийн талаар их сонирхдог. Би шинэ соргог зүйлийг сурч мэдэх, унших хоббитой. Би тархиндаа их олон зүйлийг хийхийг эрмэлзэж тэр бүхнээ хобби болгож яваа хүн.
ЯРИЛЦСАН Г. ГАНЧИМЭГ /МОНГОЛ-АВСТРИЙН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО/