Шоовдорлогдсон хүмүүс

Нийслэлийн нэг дүүргийн хорооны тоонд ордог ч алслагдсан аймгийн сум, багаас ч дор хөгжсөн газар XXI зуунд байна. Энэ бол Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо буюу олны хэлж заншсанаар Шу­вуун фабрик, Туул тосгон юм. Хотынх­ныг өндөг, тахиа, гахай, мах, ногоогоор хангадаг гол газар болох Шувуун фабрикт өдгөө 4800 хүн аж төрж байна.

Уг нь хоттой харьцуулахад агаар нь цэвэр, хөрс нь эрүүл, амьдарч, суухад тохиромжтой газар. Гэвч айл өрх, аж ахуйн нэгжүүд шувуу­ны сангасаа ил задгай асгадгаас бо­лоод зуны улиралд байж суухын аргагүй эвгүй үнэр ханхий­дэг аж. Энд хоёр айл тутмын нэг нь га­­хай, шувуутай. Үүнээсээ бо­лоод эрүүл ахуйн та­лаар ярилт­гүй болжээ. Дээхнэ үед гахай тэжээдэг айлуу­дыг төв суурингаас зайдуу байршуулдаг байсан. Гэтэл энд хүн амьтан хо­лилдон аж төрж байна.

Шувуун фабрик орчимд хотын зам засвар, барилгын гол түүхий эд болох хайрга, дайрганы карьерууд үйл ажил­лагаа явуулдаг.

Харам­салтай нь хайрга, дайрга ачсан том оврын машинууд дур зоргоороо зам гаргаснаас болж байгаль орчин сүйдэж, малын бэлчээр хомсоджээ.

Саяхны орсон борооноор Туул тосгоны Түргэний гол орчмын ногоо тарьдаг айлууд үерт автсан байна. Тус тосгоны тариа­ланч С.Нар­мандахынх л гэхэд тарьсан төмс, байцаа нь усанд автаж, үерээс орж ирсэн “Багро” үйлдвэрийн хагархай шил­нүүд талбайгаар нь нэг ши­гээд, авах юм­гүй болсон гэнэ. Энэ хавийнхан бараг зун болгоноор үерт автаж, ийнхүү эд хөрөн­гөөрөө хо­хирдог болсон аж.

Үүнээс гадна Шувуун фабрикийнхан 5000 орчим иргэнтэй мөртлөө ахуйн үйл­чилгээний нэг ч газаргүй. Тухайлбал энд үсчин, оёдол­чин, гутал засварын га­зар гэж алга. Ийм үйл­чилгээ авахын тулд нэг талдаа 800 төгрөг төлж байж хот руу ордог гэнэ. Тэр ч бүү хэл ганц байдаг эмийн сан нь хааяа нэг зурагчин хийж, энэ хавийнхны хэрэгцээ шаардлагыг хангадаг аж.

Түүнчлэн хүн амын хэ­рэгцээг хангах хүнс, ба­рааны жижиг зах, түлээ нүүрс зардаг газар хэрэгтэй байгаа тухай Туул тосгоны иргэд ярьж байв.

Сургууль, цэцэрлэг нь байх ёс­той хүүхдийн тооноосоо аль хэдийнэ давжээ. Эндхийн сургуульд хамгийн холдоо цэргийн 341 дүгээр анги буюу 10-аад км-ийн цаанаас хүүхдүүд хичээлдээ ирдэг. Харин цэцэрлэгт нь 75 хүүхэд хүлээн авах ёстойгоос 100 гаруй хүүхэд авдаг байна.

Эндээс хот руу дөрвөн автобус явдаг. Ингэхдээ том хүн 800, оюутан, ахмад настнууд үнэмлэхээ үзүүлээд 400, хүүхдүүд 200 төгрөгөөр явдаг аж.

Харин нэг авууштай нь энэ тосгонд зуны цагт ажилгүйдэл харь­цангуй бага байдаг гэнэ. Учир нь ногоо, тариалангийн аж ахуй эрхлэгчид дулаа­ны улиралд оюутан, за­луусыг цагаар хөлсөлж ажил­луулдаг бай­на. Харин өв­лийн улиралд ажилгүйдэл нэмэгддэг тухай хорооныхон ярьж байлаа.

Ийнхүү орчин цагт үсчин, зурагчин, ахуйн үйл­чилгээний газаргүй суурин улс орны зах хязгаарт бус, хотын нэг захад дүнхийж байна.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …