-АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЧИХЭЭД БАЙХАД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ Л СУУЦГААЖ БАЙНА ГЭВ-
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын нутгийн удирдлагын ордонд иргэн С амиа алдсан хэрэг гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Засаг даргын Тамгын газраар үйлчлүүлж явсан 46 настай иргэн С тус газрын шатнаас унаж амиа алдсан байна. Талийгаач бизнес эрхэлдэг нэгэн байсан гэнэ. Тэрээр Өвөрхангай аймгийн төрийн албан хаагч нартай ажил хэргийн шугамаар уулзаад бухимдсан байдалтай нэг өрөөнөөс гарч ирсэн гэнэ. Тэгж явахдаа таван давхрын шатнаас унаж амиа алджээ. Хэрэг гарах үед тэнд байсан иргэдийн цагдаа нарт өгсөн мэдээллээр “Талийгаач шат руу уруудаж яваад гэнэт толгой нь эргэсэн байдалтай гуйвах шиг болсноо шатны уруу өнхөрсөн. Тэгээд ухаан ороогүй” гэжээ. Мөн өөр эх сурвалжууд талийгаачийг амиа егүүтгэсэн байх хэмээсэн байна.
Түүнчлэн өөр албаны эх сурвалж “Талийгаач залуу шатнаас унасан. Тухайн үед аймгийн яаралтай түргэн тусламжийн эмч нар нэлээд удаж байж ирсэн. Эмч нарыг ирэх үед талийгаач залуу хэдийнэ амьсгал хураасан байсан. Шатнаас толгойгоороо унаж, хүзүү болон нуруу нь хугарч тархины яс цөмөрсөн нь үхэлд хүргэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын барилга ашиглалтад ороод олон жил болж байгаа. Таван давхар барилга дундаа зайтай шаттай. Шатны хашлага ямар нэг хамгаалалтгүй өдий олон жил болж байгаа. Уг нь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрынхан үүнд шалгалт хийж, хүн унахаас хамгаалсан хаалт хийлгэх арга хэмжээ авсан бол хүний амь үрэгдэхгүй байсан. Аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахгүй болохоор бусад нь яах болж байна вэ. Аймгийн удирдлагууд хүний амь үрэгдчихээд байхад юман чинээ бодохгүй, юу ч болоогүй юм шиг л ажиллаж байгаа нэртэй сууж байна лээ” гэв.
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт өмнө нь хүчингийн хэрэг гарч байсан гэнэ. Тодруулбал, Хоёр залуу таван давхрын өрөөнд хүчингийн хэрэг үйлдэж байсан тухай эх сурвалжууд дурдаж байна. Мөн албан өрөөндөө архи ууж хоорондоо зодолдож байсан тохиолдол ч цөөнгүй гарч байжээ.
Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.
эх сурвалж: аравт.мн