Засгийн газрын ээлжит хуралдаанаар оюутанд тэтгэлэг олгох журмыг шинэчиллээ

09_29_2(1)Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх ажлыг   хариуцсан нэгж байгууллаа

 Ерөнхий Сайд Н. Алтанхуягийн 2013 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Уул уурхайн яам БНХАУ-ын “Синопек” корпорацитай “Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлж хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Манай орны хүрэн нүүрсний ордуудыг түшиглэн хийн түлш үйлдвэрлэж, дамжуулах хоолойгоор эхний ээлжинд Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, улмаар БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхэд хоёр орны Засгийн газар хамтран ажиллахаар тус санамж бичигт заасан юм.

Харилцан мэдээлэл солилцох, газар дээр нь танилцах зэрэг бэлтгэл ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн ба Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ ажлыг цаашид хариуцаж ажиллах төслийн нэгжийг Уул уурхайн яамны дэргэд байгуулахаар шийдвэрлэлээ.

30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан тус төслийн хүрээнд 16 тэрбум м.куб бүтээгдэхүүн үйлдвэрлэх 4 үйлдвэр, нүүрснээс хийн түлш үйлдвэрлэх хэд хэдэн цогцолбор байгуулна. 9 дүгээр сар хүртэлх хугацаанд цогцолборын ТЭЗҮ боловсруулж, цаашид хоёр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн шатанд шилжинэ. 2015-2018 онд үйлдвэр болон бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөж байна.

Төслийн бүтээн байгуулалтын үед 40 мянган түр ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсны дараа 10 мянган байнгын ажлын байр бий болох тул боловсон хүчний асуудлыг одооноос анхааралдаа авч, бэлтгэх шаардлагатай.

Хүрэн нүүрсний арвин нөөцөө орчин үеийн өндөр технологиор боловсруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаас гадна агаарын бохирдлыг бууруулахад бодит алхам болно гэж Засгийн газар үзэж байна.

Нүүрс хийжүүлж хийн түлш үйлдвэрлэх технологийг анх 1983 онд АНУ-д үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. БНХАУ-д гэхэд өнөөдрийн байдлаар 1 үйлдвэр ашиглалтад, 12 үйлдвэр баригдах шатандаа байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлнэ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд үүсээд байгаа хүндрэлүүдийг шийдэх орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхийг дэмжин Засгийн газрын баталгаа гаргахаар тогтлоо.

Энэ нь нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгоно. Ажлыг нийслэлийн Засаг дарга хариуцаж, төслийн техникийн шийдэл, програм хангамжийн найдвартай ажиллагаанд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хяналт тавина. Харин гүйтэтгэлийг “Слайд” ХХК гардан хэрэгжүүлэх юм.

Нийслэлд 24 компанийн 1000 орчим том оврын, жижиг оврын 700 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Эдгээрээр үйлчлүүлэх ахмад настан, оюутан, цагдаагийн апбан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн зардалд Засгийн газраас жил бүр 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог. Жилээс жилд нэмэгдэж буй уг нөхөн олговрыг дээрх дөрвөн бүлгийн бүх иргэн өдөр бүр нийтийн тээврээр зорчино гэсэн тооцооллоор өгдөг ч тэдний 35 хувь нь өдөр бүр зорчдоггүй нь судалгаагаар тогтоогдсон байна. Иймд нийтийн тээврээр зорчиж буй дээрх иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нөхөн олговрын хэмжээг бодит дүнгээр олговол улсын төсөв дэх нийгмийн халамжийн зардалд хэмнэлт гарна.

Цахим төлбөрийн системийн тусламжтайгаар зорчигчдын тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын тээврийн хэрэгслийг гэрээнд заасан чиглэл, цагийн хуваарийн дагуу явж байгааг хянах боломжтой. Автобусны байршил, цагийн хуваарийг иргэдэдгар утас болон буудлын электрон самбараар дамжуулан хүргэж, бэлэн бусаар төлбөр төлөх зэрэг хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн үйлчилгээ бий болно.

Оюутанд тэтгэлэг олгох журмыг шинэчиллээ

“Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, Монгол Улсад ойрын жилүүдэд эрэлт, хэрэгцээтэй “Тэргүүлэх ач холбогдолтой хөтөлбөрийн жагсаалт”-ыг шинэчлэн гаргалаа.

2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, cap бүр үндэсний тэтгэлэг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, сард олгох тэтгэлгийн хэмжээ, хугацааг тогтоож байгаа юм.

Доктор, магистр, бакалаврын хөтөлбөрт өдрийн ангид суралцагч оюутанд тэтгэлэг олгохдоо сургууль, суралцагчид дараах шаардлага тавина.

  • – Сургалтын байгууллагын төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос өмнөх жилийн төгсөгчдийн 30 хувь нь ажлын байртай болсон буюу Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газраар баталгаажуулсан байх;
  • – Сургалтын байгууллага нь удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;
  • – Суралцагч хичээлийн жилийн нэг улиралд 10-12 багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх;
  • – Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн, дипломын голч дүнг тус тус харгалзах;
  • – Сургууль өөрийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх.

Харин тэргүүлэх ач холбогдолтой хөтөлбөрийн жагсаалтыг ойрын жилүүдэд гадаад дотоодын их, дээд сургуульд бэлтгэх доктор, магистр, бакалаврын мэргэжил тус бүрээр гаргажээ. Ингэхдээ салбарын яамдын санал, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөгжлийн зорилт, бүтээн байгууллалтын төлөвлөлтөд үндэслэсэн байна.

2014 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны  дээд хязгаар тогтоолоо

Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, энэ онд цэргийн албанд татах цэргийн насны залуусын тоо зэргийг харгалзан энэ онд улсын хэмжээнд 714 хүнийг цэргийн алба дүйцүүлэн хаалгахаар тогтоолоо. Өнгөрсөн онд энэ хязгаарыг улсын хэмжээнд 659 хүнээр тогтоож байсан юм.

Харин дүйцүүлэн хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг өнгөрсөн оныхоос 700 мянга орчим төгрөгөөр өсгөж, 4 сая 413 мянга 314 төгрөг байхаар баталлаа. Энэ нь хугацаат цэргийн нэг алба хаагчийн хангамж, үйлчилгээний зардалд үндэслэсэн мөнгөн дүн юм. Сум, галт зэвсэг, шатах тослох материал зэрэг үндсэн хэрэглэлийн өртгөөс гадна хүнс, хувцас, орон байр, эмнэлэг үйлчилгээ, сургалт, соёл, захидал харилцаа, үзвэр, цалин, нийгмийн даатгалын зардлыг үүнд оруулж тооцдог байна. Иргэд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааснаас орсон орлогыг “Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу 50 хувийг орон нутгийн төсөвт, үлдсэнийг улсын төсөвт төвлөрүүлдэг.

Монгол Улсын иргэдийг Үндсэн хуулиар хүлээсэн “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдүүлэх, батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор цэргийн насны залуусаар цэргийн албыг дүйцүүлэн хаалгадаг.

Дүйцүүлэх албыг зохих журмын дагуу хаалгах, орлуулан хаагчдын мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Батлан хамгаалах, Сангийн сайд нарт болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Өнгөрсөн онд Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа анги, салбар, аврах отряд, хилийн цэрэгт туслах хүчин, хүмүүнлэгийн байгууллагад цэргийн насны залуусаар дүйцүүлэх алба хаалган цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлсэн байна. Үүний зэрэгцээ тэднийг байгалийн гамшиг, ослоос сэргийлэх, хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Энэ арга хэмжээ цаашид ч үргэлжилнэ.

2014 онд цэргийн дүйцүүлэн албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаар

№        Аймаг, нийслэл       Тооны дээд хязгаар

1          Архангай                  40

2          Баян-Өлгий              40

3          Баянхонгор              25

4          Булган                       35

5          Говь-Алтай               30

6          Говьсүмбэр              5

7          Дархан- Уул            35

8          Дорноговь                10

9          Дорнод                      30

10        Дундговь                   25

11        Завхан                       30

12        Орхон                        15

13        Өвөрхангай              45

14        Өмнөговь                  40

15        Төв                             40

16        Увс                             35

17        Сэлэнгэ                     30

18        Ховд                           60

19        Хөвсгөл                     70

20        Хэнтий                      20

21        Улаанбаатар            54

Бүгд                                       714

“Монгол цуур Үндэсний хөтөлбөр баталлаа

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас боловсруулсан “Монгол цуур” Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Монголчуудын нүүдлийн ахуй, соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн ч эзэмшсэн хүнтэйгээ хамт үгүй болж, мартагдах аюул тулгараад байгаа соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл бол Алтайн Урианхайн цуур хөгжим, түүнийг хийх арга барил, цуурдах уламжлалт урлаг юм. Ийм ч учраас цуур хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.

Баруун Монголын Урианхайн цуурдах урлагийг өвлөсөн сүүлчийн төлөөлөгч Ховд аймгийн Дуут сумын ардын гоц авьяастан Паарайн Наранцогт агсан амьд сэрүүн ахуйдаа зааж сургасан цөөн тооны хүн л өнөө үед энэ урлагийг залгамжилж байна. Алдарт цуурч П.Наранцогтын удмын цуурчид, судлаач эрдэмтэд 2006 оноос “Хүннү цуурчдын холбоо” байгуулж, цөөн тооны өсвөрийн цуурч бэлтгэж  байна. Гэвч багш, шавийн тоо цөөн, цуурдах арга барил, ур чадвар дутмаг, урын сан ядуу, санхүүгийн боломж муутай байгаа нь бэрхшээл учруулж байна.

Иймд өнөөдөр баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн бодлого, дэмжлэгтэйгээр цуурдах урлаг, уламжлалт урын сан, цуурын урлалтай холбогдох зан үйлийг сэргээж, залгамжлуулах ажлууд хийхээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллана.

Энэ урлагийг судалгааны эргэлтэд оруулах нь ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах болон Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах, улмаар хөхиүлэн дэмжих тухай конвенциуд, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг амьдралд хэрэгжүүлэх нэгэн чухал алхам болно гэж үзэж байна.

Товчхон:

–               Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 3 дугаар сарын 16-21-нд Австралийн холбооны улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийг баталлаа. Австрали улс Монгол Улсын “гуравдагч хөрш”, Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал түншийн нэг болохыг нотолж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “өргөтгөсөн түншлэлийн” түвшинд хөгжүүлэх, уул уурхай, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд энэ айлчлалын зорилго чиглэнэ.

–               Монгол Улсад Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг ҮХАА-н сайд Х.Баттулгад олгохоор тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …