НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, номхон далайн бүсийн 32 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ сарын 10-14-нд манай оронд болох уг уулзалтанд 40 гаруй орны Хүнс, хөдөө аж ахуйн сайд нар, өндөр хэмжээний төлөөлөгчид оролцон, хүн төрөлхтний өмнө тулгараад буй асуудлын нэг болсон өлсгөлөнг хязгаарлах, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцэх юм.
Дэлхий дээрх өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн 60 хувь нь амьдардаг Ази, Номхон далайн бүсийн орны хүн амын дундах өлсгөлөнг 2015 он гэхэд 50 хувиар бууруулахаар НҮБ “Мянганы хөгжлийн зорилт” дэвшүүлж, 2025 он гэхэд өлсгөлөнг бүрмөсөн арилгах кампанит ажил өрнүүлж байна.
Энэ сарын 10-12-ны хурал улс орнуудын Засгийн газрын ахлах албан тушаалтнууд, 13-14-ний хурал Засгийн газрын сайд нар болон өндөр хэмжээний төлөөлөгчдийн хүрээнд болох юм.