Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, МХЕГ-аас ирүүлсэн 2014 оны 01 сарын 22-ны 01/10 тоот нэгдсэн удирдамж, МХГ-ын даргын баталсан 21-02/012/18 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр, “Хүнсний тухай”, “Улсын нөөцийн тухай” зэрэг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мөрдөлтийн байдал, хүнсний ногооны үр, хүнсний болон үрийн буудайг шинжилж баталгаажуулах, чанар аюулгүй байдалд дүгнэлт гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчлийг арилгах хяналт шалгалтыг аймгийн МХГ-аас хийлээ.
Ховд аймгийн хувьд 2014 онд 2724,4 га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн нь өмнөх оныхоос 2,5 га-аар илүү байна. 2014 оны тариалалтанд нөөцөлсөн үр тариа 230,7 тн, үрийн төмс 8754,6 тн, хүнсний ногооны үр 2234,6 кг байна.
Илэрсэн зөрчил дутагдалтай нь холбогдуулан 7 газраас 12 нэр төрлийн 48 дээж авч шинжилгээнд хамруулан 7 дүгнэлт гаргаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, ажилтнуудад зөвлөмж өгч ажилласан байна.
Шалгалтын явцад давхардсан тоогоор 6 зөрчил илэрсэн бөгөөд үүнээс 4 буюу 66,6 хувийг газар дээр нь арилгуулж ажиллаа.
Хяналт шалгалтын дүнгийн хувьд:
Ховд аймагт 2014 оны тариалалтанд үрийн зориулалтаар хадгалагдаж байгаа хүнсний ногооны 1710,7 кг үр, 8754,6 тн үрийн төмс, 457,1 кг төл сонгино байна. Хяналт шалгалтанд 1 байгууллага, 5 аж ахуйн нэгж, 1 иргэний үрийн зориулттай хадгалж байгаа 54,8 тн үрийн төмс, 1112,5 кг хүнсний ногооны үр, 140 кг төл сонгино, сармисыг шинжилгээнд хамруулахад үрийн төмс, төл сонгино, сармис тарих үрийн чанарыг 100%, хүнсний ногооны үрний 11 дээж, 425,9 кг /чинжүү, хүрэн манжин, бөөрөнхий байцаа, шар луувангийн үрүүд/, буюу 38,3% тариалалтанд шаардлага хангахгүй, 24 дээж буюу 61,7% нь шинжилсэн үзүүлэлтээрээ стандартын шаардлага хангасан дүнтэй шалгагдлаа.
Тариаланчдын ихэнх нь өөрсдийн зоорио энгийн аргаар буюу шохойдох, утах төдийхөн зэргээр ариутгаж байгаа нь таримлын өвчин, хортон, вирусын гаралтай өвчнүүд ихсэх үрэнд болон хөрсөнд халдварлах, ургац буурах магадлал өндөр болж байна.
Манай аймаг хүнсний ногооны үр үржүүлэгчдээ дэмжих, урамшуулах тал дээр анхаарч бодлого боловсруулж ажиллах шаардлагатай байгаа ба сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүд сорт нь тодорхойгүй, шинж чанар нь мэдэгдэхгүй хүнсний ногооны үр хилээр оруулан тарьж, түүнийг дагаад ургамлын өвчин хортон нэмэгдэх, хөрс элэгдэж эвдрэх хандлагатай байна.
2014 онд Ховд аймаг 2724,4 га талбайд тариалалт хийхээр төлөвлөгөө гаргасан бөгөөд төлөвлөсөн талбайд шаардагдах үрийн хэмжээг тооцож үзвэл 2013 оны нөөцөлсөн үр тариа 8, үрийн төмс 2,5 дахин их, хүнсний ногооны үр нь 35,7% дутагдалтай байна. Энэ нь аймгийн хэмжээнд газар тариаланг эрчимтэй хөгжүүлэх, үр үйлдвэрлэлийн чиглэлээр тодорхой бодлого боловсруулж ажиллах шаардлагатайг харуулж байна гэж аймгийн МХГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан П.Гантөмөр мэдээллээ.