Татвар-Төсөв-Авлига

-Татвар төлөх нь иргэн хүний үүрэг бол хэрхэн зарцуулсныг хянах нь иргэн та бидний эрх шүү-

Бид яах гэж татвар төлдөг вэ? Аюулгүй орчинд амьдарч, үр хүүхдээ өсгөж, эрүүл энх байж, сурч боловсрох боломжийг олж авахын тулд. Хуулийн дагуу Монгол Улсын иргэн бүр авч байгаа цалингийнхаа 21 хувийг орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Татварын алба бидний татварт өгсөн мөнгийг хураан авч, улсын төсөв хэмээх том тогоонд нийлүүлнэ. Энэ том тогоонд төвлөрсөн мөнгийг эрүүл мэнд, боловсрол, хууль хяналтын салбарынхан, мөн төрийн албан хаагчдын цалинд зарцуулна, яагаад гэвэл тэд биднийг өвдсөн үед эдгэрүүлж, хүүхдүүдийг сургаж, эрх минь зөрчигдсөн үед хамгаалж, гэмтнийг бидний өмнөөс шийтгэж байгаа. Үлдсэн мөнгийг хөрөнгө оруулалт нэрээр эргээд бидэнд хэрэгтэй барилга байгууламж барих, зам тавих, хуучирсныг засварлах зэрэгт зарцуулна. Төсвийн орлого ганцхан та бидний өгсөн мөнгөөс бүрдэхгүй, гаалийн орлого, онцгой албан татварын орлого, ашигт малтмалын орлого гээд бий. Гэхдээ та бидний татварт өгч байгаа мөнгийг яагаад онцлоод байгаа нь дараа өгүүлэх зүйлээс тодорхой болно.

Монгол Улс жил бүрийн сүүлээр ирэх онд хэрэглэх мөнгөө буюу төсвөө юунд зарцуулах вэ гэдгээ УИХ-аар батлуулдаг. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад ашигт малтмалын салбараас орох орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор төсвийн тогоон дахь мөнгө нэмэгдсээр байгаа.  2004 онд улсын төсвийн орлого 613,701,547.4 мянган төгрөг байсан бол энэ онд зургаан их наяд 883,9 тэрбум төгрөг болтлоо өсчээ. Товчхон хэлбэл, та бидний сайн сайхан амьдрахад зарцуулах мөнгө ихэссэн гэсэн үг. Тиймээс ч бүтээн байгуулалт хөдөө хотгүй өрнөж байгааг та бид харж байгаа.

Харамсалтай нь “авлигажсан төсөв” гэдэг нэр томъёо энэ оны төсвийг хэлэлцэх үеэр гарч ирж, төсөв үнэхээр авлигажсаныг аудитын шалгалтаар нотолжээ. Бүтээн байгуулалтад шаардаг­дах хөрөнгийг бодит байдлаас хэд дахин илүү өртгөөр үнэлж, төсвөөс мөнгө гаргуулна гэж ойлгож болох юм даа. Мэдээж уг барилга байгууламжид энэ бүх мөнгө шингэхгүй, хэн нэгэн юм уу, хэсэг бүлэг хүний халаасанд орно.

2014 оны төсвийг хэлэлцэх үед төсвөөс санхүүжилт шаардсан 272 барилга байгууламжийн санхүүжилтийг түр царцаан, үнэхээр төчнөөн хэмжээний хөрөнгө шаардлагатай эсэхийг Үндэсний Аудитын газраар шалгуулахаар болсон юм. Аудитын газар шалгалтын дүнгээ гаргажээ. Аудитын шалгалтын дүнгээр нийт 81 төсөвт өртөг бүхий төслийг хойшлуулах шаардлагатай гэжээ.

Харин 518,3 тэрбум төгрөгийн өртөгтэй 146 төслийг 2014 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж, хэрэгжүүлэх боломжтой гэжээ. Үүнээс 79,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 объектыг энэ жил ашиглалтад оруулах боломжтой. Мөн 121,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий зам, гүүрийн 15 төсөл, мөн төсөвт өртөг нь нэмэгдсэн, нэмж санхүүжилт авах шаардлагагүй 23 объект, 58,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй долоон объектыг зориулалтыг нь өөрчлөн худалдах замаар мөнгөө эргүүлэн авах зэрэг дүгнэлтүүдийг гаргажээ. Харин төсөвт өртгөө нэмэгдүүлж, дахин төсвөөс мөнгө авах гэсэн 47 төслийг зогсоож, төсвөөс дахин мөнгө өгөх шаардлагагүй хэмээн үзсэн байна.

Зориудаар төсвийг хөөсрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг авлигын мөнгө болгон хувиргаж байсан гэмт үйлдлийг ийнхүү илрүүлж байгаа нь үнэхээр талархууштай. Аж ахуй эрхэлж, зовлогоо зовоогоогүй мөртлөө тансаг зэрэглэлээр амьдардаг хүний тоо Монголд олширсны шалтгаан ердөө энэ. Сүүлийн таван жилд дэлхийн нэртэй, үнэтэй брэндүүд Сүхбаатарын талбайг тойруулан салбар дэлгүүрээ нээж, алдагдалгүй ажиллаж байгаа. Хэн нэгний жилийн цалинтай тэнцэх мөнгөөр тэдгээр дэлгүүрээс бараа худалдан авч байгаа хүний хэд нь тэр мөнгөө “ариун цагаан хөдөлмөр”-өөр олсон бол гэдэг сонин. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн 2000-аад оны эхний хагаст авлига газрын наймаагаар, сүүлийн хагаст тендерээр, харин 2010 оноос хойш төсвөөр дамжиж байгаа хэмээн хэлсэн удаатай.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын эхээр Ховд аймагт ажиллах үеэрээ чухамхүү авлигажсан төсвийг нүдээрээ хараад ирснээ хэвлэлд нийтлүүлсэн. Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант суманд 2.2 тэрбумын өртөгтэй гэх хэдэн труба суулгасан гурван метр нүх байх юм гэнэ. Энэ нь цэвэр усны шугам, өргөтгөлийн станцын шинэчлэл ажээ. 2012 онд тендер зарлаж, энэ объектыг нэг жилийн дотор барих эрхийг “Хүчит чулуу” компани авсан байгаа юм. Үндэсний Аудитын газрын шалгалтаар барилгын гүйцэтгэл өнөөдөр 77.1 хувьтай, 13.8 км цэвэр усны шугам барьсан байгаа аж. Гэхдээ 500 метр куб усан санг ажлын зургаас өөрчилж цутгаснаас задарч, үүнд зарцуулсан 759,6 сая төгрөг салхинд хийссэн байна. Хамгийн хачирхалтай нь энэ ажлыг гүйцэтгэсэн “Хүчит чулуу” компанийн захирал Л.Бат-Эрдэнэ зурагт тусгаснаас өөрөөр цутгаж, төсвийн мөн­гийг үргүй зарсан тухайгаа “Бид тэрийгээ засчихсан. Тэр дайны юмыг яриад байвал Монголоор дүүрэн байна. 2.2 тэрбумын 15 хувь буюу 400 сая төгрөг нэмж өгвөл ажлаа дуусгана. Бусдынх нь төсвийг нэмээд байхад манайхыг яагаад нэмж болохгүй гэж. Би араас нь төрсөн хүүхэд юм уу. Төсвөө нэмэхгүй бол ажлаа хийхгүй. Ер нь цэвэр усны шугам сүлжээ ашиглалтад орлоо гэхэд Ховдод хэрэглэгч байхгүй. Ашиглалтын зардал хий төлөхөөс цаашгүй. Тэгэхээр удаж байх нь улсад ашигтай байх шүү” хэмээн ярьсныг “Өдрийн сонин”-д нийтэлжээ.

Ховдод ийм байгууламж шаард­лагагүй юм бол яах гэж төсвөөс 2.2 тэрбум төгрөг авав, төсвийн мөнгийг хэн хянадаг юм бол гэдэг асуулт эрхгүй төрж байна. Ашиггүйг нь мэдсээр байж барьж, төсвийн мөнгө авах гэсэн компанийг буруутгах аргагүй ч ийм сэтгэлгүй байж болох уу. Үнэхээр Л.Бат-Эрдэнэ захирлын хэлснээр ийм учир утгагүй зүйл Монголоор дүүрэн байгаа аж. Шат шатандаа нэгнийгээ хуурсан чөтгөрийн мөчлөг дунд амьдарч байгааг мэдэх ямар гунигтай вэ. Ийм байхад ямар хөгжил дэвшлийн тухай ярих вэ. Зөвхөн ганц жишээ нь энэ. Ийм жишээ аймаг болгонд, сум, дүүрэг болгонд байгаа юм байна. Гэтэл нэг орон дээр хоёроороо хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд, төрөх ор хүрэлцэхгүйгээс коридорт хэвтэж байгаа тулгар эх, цэцэрлэг байхгүйгээс гэртээ түгжигдэн хоцордог балчир хүүхдүүд, нэг ширээн дээр гурвуулаа шахцалдан сууж, гурван ээлжээр хичээллэж байгаа хүүхдүүд гээд мөнгө хэрэгтэй газар өчнөөн байна. Нийслэлдээ ганц байгаа усан бассейн гэхэд баригдсан цагаасаа ганц засвар хийгээгүй байсаар л байна.

Хэрвээ та бидний татварт өгсөн мөнгийг ингэж талд аваачиж цацчихдаг юм бол татвар төлөхөө боливол яасан юм бэ. /Төрийн эсрэг гэмт хэрэгт уриалан дуудсан гээд баривчлаад явчих­гүй байгаа даа/ Иргэдэд татвартаа төлж байгаа тэр мөнгө дутахаас биш илүүдэхгүй. Иргэд ээ, төлсөн татварын мөнгө чинь зөв зүйлд зарцуулагдаж байгаа эсэхийг хянаж эхэлье, төсвийн мөнгийг санаатайгаар буруу зүйлд зарцуулсан эрх мэдэлтэнд хариуцлага тоо­цохыг шаардаж эхэлье. Татвар төлөх нь иргэн хүний үүрэг бол хэрхэн зарцуулсныг хянах нь иргэн та бидний эрх шүү.
Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №053

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …