Нэг иргэн шинээр өмчлүүлэх 52 газрын бүх байршилд бүртгүүлж болно

UntitledНийслэлийн өмчийн харилцааны газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Жадамбатай ярилцлаа.

Эдүгээ Улаанбаатар хотод 100 мянга орчим иргэн газар өмчилж авсан нь нийслэлийн сая 200 гаруй мянган иргэний дөнгөж найман хувь нь юм. Газар нутагтайгаа харьцуулахад хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хотод газар өмчилж авах нь иргэдийн хувьд хүнд асуудал болсон. Хаана ямар газрыг, хэчнээн хүнд, хэдийд, яаж олгож байгаа нь ойлгомжгүй, ихэнхдээ танил талаараа явагддаг гэсэн ойлголт нийгэмд хүчтэй бий. Тиймээс газар өмчлөх ажлыг шинэчилсэн арга хэлбэрээр, шударга, шуурхай зохион байгуулна хэмээн өнгөрсөн оны тавдугаар сард НИТХ-ын тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 15309 га бүхий 52 газрын байршил тогтоосон. Уг 52 байршлыг энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган 160 мянга орчим иргэнд шинээр газар өмчлүүлэх боломжтой болсон гэж буй билээ. Энэ ажлыг шийдвэр гаргах түвшинд хүний оролцоог багасгаж, өөрөөр хэлбэл цахим хэлбэрээр буюу компьютерийн программаар хийхээр болсон. Гэвч ажил төлөвлөсөн хугацаанаас удааширч, сураг алдраад байгаа талаар иргэд хэлж буй юм. Харин хариуцсан албаны хүн бидэнд дараах ярилцлагыг өглөө.

-Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлөх ажлыг цахим хэлбэрээр энэ хавраас хийж эхлэнэ гэж байсан ч одоогоор сураг алга. Төлөвлөсөн ажил хугацаандаа явж байна уу, эсвэл амжсангүй юу?

-Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх зорилготойгоор ажиллаж байна. Шинээр төлөвлөлт хийх газарт эхлээд байр зүйн зураг хийгдэх ёстой байдаг. Тухайлбал, жалга, дов, хэвгий, налуужилт гэх мэтчилэн айл бууж болохгүй газрыг тооцоолоод тухайн газар дээр төлөвлөлт бодитоороо ямар байх ёстой вэ гэдэг зургийг хийдэг. Үүний дараа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар байр зүйн зураг дээр үндэслээд хаана сургууль, цэцэрлэг байгуулах, худаг ус, зам нь хаагуур байх, айлууд нь хаана хаана яаж байрших зэргийг харуулсан ерөнхий төлөвлөгөө хийдэг. Одоогоор ерөнхий төлөвлөгөө хийж хараахан дуусаагүй. Хотын удирдлагаас Ерөнхий төлөвлөгөөний газрыг түргэн хугацаанд хийгээд иргэдэд өмчлүүлэх ажлаа эхэлье гэж шахаж байгаа. 52 байршилд ерөнхий төлөвлөлт болон инженер техникийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулалттай хийхийн тулд хугацаа хэрэгтэй юм.

Ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байршлуудад газраа цахим хэлбэрээр яаж олгох вэ гэдэг тухайд Манай Өмчийн харилцааны газар, Нийслэлийн мэдээлэл технологийн газартай хамтран сонгон шалгаруулалтаар гарч ирсэн компаниар программ хийлгүүлсэн. Программ ерөнхийдөө дуусч, туршилтын шатанд байгаа ч тухайн байршилд хэчнээн айл байрших, хаана хаана байрших гэдэг нь ерөнхий төлөвлөгөөнөөс хамааралтай учраас тэр төлөвлөгөө гарахыг хүлээж байна.

-Ерөнхий төлөвлөгөөг иргэд харж, танилцчихаад энэ байршилд газар өмчилж авмаар байна гэдэг хүсэлтээ гаргах уу. Өөрөөр хэлбэл, хаана газар өмчилж авах боломж байна вэ гэдгийг иргэд яаж мэдэх вэ?

-52 байршлыг аль өнгөрсөн онд иргэдэд зарлачихсан шүү дээ. Манай газрын цахим хуудаст 52 байршлын зураг байгаа. Цахим хуудсын зохих хэсэгт нэвтрэнгүүт Улаанбаатар хотын газрын зураг гарч ирнэ. Томруулаад хотын яг хаана хаана 52 байршил байна вэ гэдгийг харах боломжтой. Харин ерөнхий төлөвлөгөөний тухайд бол аль нэг байршлыг сонгоход тэр байршлын ерөнхий төлөвлөгөө гарч ирнэ. Одоогоор ерөнхий төлөвлөгөөний зураг ороогүй байгаа. Орох үед нь иргэд ерөнхий төлөвлөгөөг харчихаад тэр байршилд сонгон шалгаруулалтад оролцож ч болно, оролцохгүй ч байж болох боломж бүрдчихнэ.
52 байршлаас ерөнхий төлөвлөгөө хийгдэж дууссануудад нь эхний ээлжинд сонгон шалгаруулалт зарлана. Тухайн байршлын ерөнхий төлөвлөгөөний зураг манай Өмчийн харилцааны газрын www.umch.gov.mn цахим хуудсаар нийтэд ил болно.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт тийм нэртэй уулын аманд 150 айлын газарт сонгон шалгаруулалт явуулах гэж байна гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахад иргэд зарласан байршилд сонгон шалгаруулалтад оролцоод явах юм. Процедурын хувьд тухайн сонгон шалгаруулалт зарлаж байгаа байршилд иргэн эхний ээлжинд зүгээр л хувь хүний мэдээллээ оруулаад бүртгүүлнэ. Мэдээж Улаанбаатар хотын харьяат, өмнө нь Улаанбаатарт болон орон нутагт газар өмчлөөгүй байх ёстой. Маягт /анкет/ бөглөж байх явцад хэрвээ тэр хүн газар өмчлөөд авчихсан байх юм бол “Та бүртгүүлэх боломжгүй байна” гэсэн мэдээлэл гарч, цаашаа ажиллах горимгүйгээр программ хийгдсэн байгаа. Программ газар өмчилж авсан эсэх талаарх мэдээллийг автоматаар шалган үзээд хэрвээ өмчилсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй тухай мэдээлэх юм. Хэрвээ газар өмчлөөгүй бол дараа дараагийн маягтууд /анкет/-ыг үнэн зөв бөглөж дууссанаар тухайн иргэний майл хаяг, гар утсанд баталгаажилтын код очно. Код авснаар сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдлээ гэсэн үг.

-Өмнөх байршилд буюу эхэнд зарлагдсан байршилд сонгон шалгаруулалтад орсон ч шалгарч чадаагүй бол дараагийн зарлах байршилд сонгон шалгаруулалтад оролцож болно биз дээ. Оролцохын тулд дахиад л бүртгүүлэх ёстой юу. Эсвэл эхний бүртгэлээрээ цаашид оролцоод явж болох уу?

-Дараагийн байршлуудад хэрхэн оролцох вэ гэвэл, тухайн иргэн нэгэнт өмнөх байршилд оролцоод бүртгүүлчихсэн юм чинь баталгаажилтын кодтой болчихсон байна гэсэн үг. Тиймээс кодоо системд нэвтэрч явуулснаар дараагийн байршлуудад оролцох боломжтой болоод явна.

-Газар өмчилж авчихаад зарж борлуулчихсан, өөрөөр хэлбэл өмнө нь газар өмчилчихсөн ч одоо газаргүй иргэн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой юу?

-Боломжгүй. Хуулиараа Монгол Улсын иргэн нэг л удаа үнэгүй газар өмчилж авах эрхтэй.

-Нэг байршилд сонгон шалгаруулалт явагдах хугацаа болон дараагийн байршлууд зарлагдах хоорондын хугацаа ямар байх вэ?

-Бидний төлөвлөж байгаагаар бүртгэлийн хугацаа 15 хоног байна. Систем өөрөө сонгон шалгаруулалтыг автоматаар хийнэ. Түүнд нэг өдрийн л хугацаа орох байх. Тухайн иргэн сонгогдсон тохиолдолд газар өмчилж авах эрх үүссэн тухай мэдээллийг гар утас, мэйл хаяг руу нь илгээнэ. Тэгсний дараагаар газар өмчлөхөд шаардагдах материал буюу иргэний үнэмлэх, өөрийн хүсэлт зэргээ харьяа газрын албанд бүрдүүлж өгнө. Тэгээд л боллоо. Гэрчилгээний гарах үед очоод гэрчилгээгээ авчихна гэсэн үг.

-Нэг байршилд, тухайлбал 150 айлын газартай байршилд 15 хоногийн хугацаанд бүртгэл явагдахад тэр байршилд магадгүй 1000 иргэн хүсэлт илгээж болно. Тэгвэл эхний 150 иргэнийг хүлээж аваад хаах уу, эсвэл?

-Бүртгэлд хэдэн ч иргэн хамрагдах боломжтой. 10 000 иргэн ч бүртгүүлж болно.

-Тэгвэл 150 иргэнийг энэ дундаас яаж сонгох вэ?

-Программ өөрөө санамсаргүйгээр буюу автоматаар сонгоно. Санамсаргүй сонгох алгоритм программд оруулсан байгаа. Тэгэхээр эхэнд бүртгүүлсэн ч, сүүлд бүртгүүлсэн ч ялгаа байхгүй, 15 хоногт бүртгүүлсэн бүх иргэнээс 150-ыг нь автоматаар сонгоно.

-150 иргэн санамсаргүйгээр сонгогдчихлоо гэж бодьё. Тэгвэл тухайн байршлын яг хаана нь таарсныгаа яаж мэдэх вэ?

-Жишээн дээр тайлбарлахад, тухайн байршлын ерөнхий төлөвлөгөө байна гэж бодьё. Тэр төлөвлөгөөн дээр Өлзийтийн нэгдүгээр гудамжны нэг номерийн хашаа энэ байна гээд дугаарлачихсан байна. Энэ мэтчилэн зуунтавин дугаар /хашаа/ тэмдэглэчихсэн байх юм. Энэ нь иргэдэд нээлттэй байна. Сонгон шалгаруулалт явагдсаны дараа санамсаргүйгээр сонгогдсон иргэнд “Та Өлзийтийн нэгдүгээр гудамжны 10 дугаарт сонгогдлоо” гэж мэдээлэл очих жишээтэй.

-Сонгогдсон иргэн “Би нэгдүгээр гудамжны 1 дугаарыг сонгоё” гэх боломжгүй гэсэн үг үү?

-Боломжгүй. Тухайн байршлынхаа яг хаана нь таарах вэ гэдгийг автоматаар сонгоно. Тэгэхгүй бол бүгд л ашигтай байрлал авах гэнэ. Тиймээс шударгаар, аль хэсэгт нь ч таарч болохоор автомат сонголтоор шийдэгдэхээр тохируулсан байгаа.

-Сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдсэн иргэдийн азтай нь газартай болж, азгүй нь хоосон хоцорно л гэсэн үг болж таарах нээ?
-Тэгнэ л гэсэн үг.

-Таны ярианаас кадастрын зураг гэж айл болгон хийлгэх шаардлагагүй болсон юм байна гэж ойлгогдлоо, зөв үү?

-Кадастрын зургийг иргэд хийлгэхгүй. Угаасаа ерөнхий төлөвлөгөө хийгдэж, байршилд сонгон шалгаруулалт явуулаад, хашаагаа барихад бэлэн газрыг нь өмчлүүлж байна гэдэг нь өмчилж авч буй иргэн кадастр хийлгэх шаардлагагүй гэсэн үг. Кадастрын зургийн төлбөр ч гэж авахгүй. Мөн өмнө нь авдаг байсан газар өмчлөөгүй тухай лавлагаа ч авах шаардлагагүй. Программ энэ мэдээллүүдийг хувь хүний регистрийн дугаараар Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтын зохих хэсгээс автоматаар бөглөнө.

Цахимаар хэлбэрээр газар өмчлөх энэ ажлын бас нэг давуу тал нь насанд хүрээгүй хүн буюу хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, компьютер ашиглаж мэдэхгүй хүмүүс итгэмжилсэн хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулаад оролцох боломжтой байгаа. Мөн хөдөө орон нутагт ажлаар явсан болон гадаадад байгаа Улаанбаатар хотын иргэд байгаа газраасаа оролцох боломжтой. Дашрамд сонгон шалгаруулалтанд оролцохдоо хүсэлт гаргагчийн төрлийг заавал сонгоно. Тухайн иргэн өөрөө юмуу, итгэмжлэгдсэн төлөөлөгч юмуу гэдгээ сонгоно гэсэн үг.

-Цахим бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Ерөнхий төлөвлөгөө батлагдаж гарч ирнэ. Батлагдаад гараад ирэнгүүт бид заавал дөрөвдүгээр сарын 1 гэхгүйгээр шууд ажлаа эхлэнэ.

-Цахимаар газар өмчлүүлэх энэ программыг хаана хийсэн бэ. Монголдоо юу, эсвэл гадаадад хийлгэсэн үү?

-Программын ерөнхий шаардлагыг манай Мэдээлэл технологийн газраас боловсруулаад ulaanbaabar.mn цахим хуудсаар олон нийтэд зарласан. Шаардлагыг хангаж программ хийхээр шалгарсан компани нь манай Монголынх байгаа.

-Программд хүний оролцоо байхгүй, өөрөөр хэлбэл тухайн программ дээр ажиллаж байгаа хүн өөрийнхөө ойр дотны хүмүүсийг сонгогдохоор оруулах ч юмуу тийм асуудал үүсэхгүй гэх баталгаа байна уу?

-Хүний оролцоогүй хийхийн тулд л энэ ажлыг хийж байгаа. Программыг хийсэн компанид ийм юм байхгүй гэдэг хатуу шаардлагыг тавьсан. Хэрвээ тийм юм хийсэн байх юм бол тэр компанитай хатуу хариуцлага тооцно.

-Компани бүх ажлыг хийнэ гэсэн үг үү?

-Тийм. Бид Нийслэлийн мэдээлэл технологийн газарт хүсэлт тавьсан. Түүний дагуу Мэдээлэл технологийн газраас программыг гадны халдлагаас хамгаалж, сэргийлэх бүх арга хэмжээг хийсэн компанитай нь хамтарч авч байгаа.

-Цаашид Улаанбаатар хотод цахим хэлбэрээр газар өмчилдөг энэ байдал уламжлал болох уу, эсвэл зөвхөн энэ удаад юмуу?

-Юу ч гэсэн энэ 52 байршилд цахим хэлбэрээр явуулна. Амжилттай болбол цаашид шинээр өмчлөх байршлуудад цахим хэлбэрээр явуулж байя гэсэн байр суурьтай байгаа.

-Таны ажил үүрэгт хамаарахгүй байж магадгүй ч нэг асуулт байна. Энэ 52 байршлаас өөр Улаанбаатарт өмчлүүлэх газар байна уу?

-Байгаа, байгаа. Эхний ээлжинд энэ 52 байршилд өмчлүүлээд, дараа нь нэмж өмчлүүлэх боломжтой газрыг тогтоогоод өмчлүүлнэ.

-Цахим хэлбэрээр газар өмчлөхтэй холбогдуулаад иргэдийн хүлээлтэд хариу өгөх өөр мэдээлэл таньд байна уу?

-Энэ ажил “Том төрөөс ухаалаг төр лүү” гэж яригдаж байгаа төрийн бодлогын хэмжээнд ямар нэг шийдвэр гаргах түвшинд хүний оролцоо байхгүйгээрээ онцлог, ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл цаана нь таньдаг хүндээ өгөх, хээл хахууль авах ч гэдэг юмуу тийм асуудал үүсэхгүй. Иргэдэд явдал чирэгдэл болохгүйгээр хэрэгжүүлэх гэхчлэн олон давуу талтай юм.

Ц.Эрдэнэцэцэг
Olloo.mn

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …