Ховд телевиз нь “Ил тод засаглал” телевизийн шууд нэвтрүүлгийг хуваарийн дагуу бэлтгэн үзэгч олон нийтэд хүргэж байна. Өмнөх нэвтрүүлгүүдэд орж өөрийн байгууллагын үйл ажиллагаа, зорилт хөтөлбөрөө танилцуулсан байгууллагын мэдээллийг товчлон хүргэж байна.
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.ЧУЛУУНЫ НЭРЭМЖИТ ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР
Тус театр байгуулагдсан цагаасаа хойш соёл урлагаар олон нийтэд үйлчилж байна. Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд ахмад үеийнхээ үлдээсэн соёлын өвийг хадгалан шинэ бүтээлүүдээр сан хөмрөгөө баяжуулсаар явна.
Орчин үеийн театр урлагийг олон үндэстэн ястнуудын язгуур урлагийн хэв шинжтэй уялдуулан хөгжүүлэх бодлогыг баримтлан ажилладаг. Иймд хөдөөгийн соёлын төвүүдийг тухайн ястнуудын язгуур урлагийг хөгжүүлэх, дэлгэрүүлэх суурь нь байх ёстой гэсэн аймгийнхаа соёлын байгууллагын дотоод бодлогыг дэмжин ажиллаж байна. Энэ онд Галдан бошигт хааны мэлмий гийсний 370 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Н.Сүхдоржийн зохиол Галдан бошигт хаан дуурийг эх нутгийнхаа тайзнаа тавих зорилт дэвшүүлэн бэлтгэл ажилдаа оржээ.
Шинэ залуу боловсон хүчнээ чадавхижуулах, уран бүтээлийн эрэл хайгуул хийх, ажлын дотоод дэг журмыг сайжруулах, байгууллагын ил тод нээлттэй байх зарчим, санхүүгийн шилэн түрийвчний бодлогыг хэрэгжүүлэх гээд урьд өмнө нь байгаагүй шинэлэг олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Худалдан авах ажиллагааны хэлтэс нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, тайлагнах, захиалагчид зөвөлгөө өгөх, хяналт тавих чиг үүрэгтэйгээр орон нутагт шинээр байгуулагдсан байгууллага юм.
Тус хэлтэс нь 2013 онд улсын болон орон нутгийн өмчийн 41 төсөл арга хэмжээний 7 975 209 000 төгрөгийн худалдан авалт хийж бүтээн байгуулалтын үйл ажиллагааг эхлүүлэх, дуусгах боломжийг ханган ажиласан байна.
2014 онд 71 төсөл арга хэмжээний 5 728 100 000 төгрөгний худалдан авалт хийхээс 20 хувийг буюу 15 төсөл арга хэмжээг цахим худалдан авалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй төсөл арга хэмжээнд тендер зарлан үнэлэх тайландаа явж байна. 2013 оны ажил үйлсээрээ аймгийн тэргүүлэх байгууллагын нэгээр шалгарсан энэ хамт олон ажил хэрэгч чанар, ил тод нээлттэй байх зарчим, ажил үйлчилгээг олон түмэнд нээлттэй, шударга явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байна.
НИЙТИЙН НОМЫН САН
Мэдлэгт суурилсан шинэ эрин зуунд номын сангийн гүйцэтгэх үүрэг их. Тус номын сангийн хамт олон уншигчдад цаг хугацаа орон зайн хамааралгүйгээр хэрэгцээт мэдээллийг номын сангийн үйл ажиллагааны дагуу мэргэжлийн өндөр түвшинд мэдээлэл технологийн дэвшилтэт арга хэлбэрээр хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Нийтийн номын сангийн хамт олон 2014 онд:
- Цахим номын сангийн системд шилжих: Иргэд мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэйгээр хүргэх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн танхим байгуулах: Үүнтэй холбоотойгоор тоног төхөөрөмжүүдийг бэлтгэх
- Номын хандивын аян өрнүүлэх
- Угийн бичиг хөтлөлтийн аргачлалын талаар нийтэд сурталчилан таниулах, сургалт явуулах
- Номын сангийн үйл ажиллагаа үйлчилгээний талаар иргэдээс санал хүсэлт хүлээн авах нээлттэй хаалганы өдөрлөгүүдийг зохион байгуулж ховор номын үзэсгэлэн гаргах, албан байгууллагуудад “Нууц товчоо” залах ёслолыг зохион байгуулах
- Ажилтан солилцоо арга хэмжээг үлгэрлэн зохион байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Аймгийн нийтийн номын сан нь өнөөдөр 18 ажилтан ажилчид, 68000 номтой ба Хүүхдийн номын өргөө, нийтийн номын сангийн 5 тасаг танхимаар байнгын 4000, өдөрт дунджаар 150-180 хүнд үйлчилж байна.Уншигчдын дунд ямар ном эрэлт хэрэгцээтэй байгаа талаар байнгын судалгааг явуулж түүний үндсэн дээр шинээр худалдан авах номын жагсаалтыг бүрдүүлэн номын фондоо аривжуулсаар байна.
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС
Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон иргэдийн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хамрагдалт, хэрэгжилтэнд чухал ач холбогдол өгөн ажиллаж байна.
Энэ оны эхний 3 сарын байдлаар ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулинд нийт 18315 иргэн хамрагдсан нь аймгийн хэмжээнд 107 хувийн үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн байдлаар нөхөн даатгалаар шинээр 500 гаруй тэтгэвэр тогтоож, 1400 гаруй тэтгэвэрт өөрчлөлт хийн ажиллаж байна.
1991-1994 онуудад нөхөн олговроор тэтгэвэрт гарсан иргэдийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд хамрагдах иргэд цахим үнэмлэхний хуулбар, тэтгэвэрийн дэвтэртэйгээ ирж бүртгүүлэх ба эцсийн хугацаа 2014 оны 06 сарын 01 хүртэл үргэлжлэх юм.
2014 онд тус байгууллагын хамт олон иргэдтэйгээ илүү ойр, нягт уялдаатайгаар ажиллахыг зорилгоо болгожээ. Үүний нэгээхэн хэсэг нь сайн дурын даатгалын хамрагдалт юм. Аймгийн хэмжээнд тодорхой ажилгүй гэртээ суугаа иргэд, малчин, хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж тэдгээр хүмүүст тэтгэвэрийн шинэ хуулийн талаар ойлголт мэдээллийг тогтмол хүргэн ажиллахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Нийгмийн даатгалын байгууллагаас иргэдэд хамаарагдах хуулийн тодорхой мэдээллийг тогтмол өгч тэдэнд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэх талаар дорвитой өөрчлөлтүүдийг хийхээр Ховд телевизтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС
2013 онд шинээр байгуулагдсан байгууллагуудын нэг. 2013 оны ажил үйлсээрээ аймагтай тэргүүлсэн шилдэг байгууллага, хамт олон юм.
Өнгөрсөн онд “Ажилтай орлоготой Ховд хүн” хөдөлмөрийн чуулганыг зохион байгуулах, ажил идэвхтэй хайж байгаа бүртгэлтэй ажилгүй иргэдийг зуучлан ажлын байраар хангах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн түр сургалтанд хамруулах, “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг түр ажлын байраар хангах, Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 30 шахам малчинд дэмжлэг үзүүлсэн, хувиараа болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэгийг 90 иргэн, 2 аж ахуйн нэгжид олгож 103 ажлын байрыг шинээр бий болгосон гээд багагүй ажлыг ихээхэн үр дүнтэйгээр хийж хэрэгжүүлсэн байна.
Тус хэлтсийн хамт олон
2014 Хөдөлмөрийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсаны дагуу:
-1600-аас доошгүй шинэ ажлын байрыг бий болгох,
-2000 хүнийг ажлын байранд зуучлах,
-1600 хүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,
-Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт 180 хүн,
-Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 450 хүн,
-Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 40 хүн,
-Эзэнтэй Монгол хөтөлбөрт 310 хүн,
-ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 22,
-Залуучууд, 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэлт, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ажилтнуудын чадавхи бэхжүүлэх зэрэг хүрээнд нийтдээ 4619 хүнийг хамруулж ажиллана.
-ЖДҮ, Сум хөгжүүлэх сангийн зээлийн хүрээнд аймгийн Засаг дарга болон сумдын Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдуулан санхүүгийн дэмжлэг олгож ажлын байрыг нэмэгдүүлэх
-Байгууллагын ил тод нээлттэй байдлыг эрхэмлэн ажиллаж санхүү болон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаархи мэдээ мэдээллийг байгууллагын ил тод мэдээллийн самбар болон http://khovd.hudulmur.gov.mn вэб сайт, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд түргэн шуурхай тогтмол мэдээлэх
-Мөн Ажил Олгогч эздийн холбоо, ХАҮТ, Барилгачдын холбоо болон бусад мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж үйлдвэрлэл,үйлчилгээний стандартыг мөрдүүлэн ажил олгогч болон ажилтны ёс зүй,Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны нөхцлийг сайжруулах,хөдөлмөрийн харилцааны хэм хэмжээг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.
СТАНДАРЧИЛАЛ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС
Амаг орон нутгийнхаа хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд стандарчилал, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалт, хэмжил зүй, сорьцын хяналтын асуудлаар дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
Тус хэлтэс нь Стандарчилал тохирлын үнэлгээний тухай, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хуулиуд болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тогтоол шийдвэр, журмын хүрээнд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж, хэмжлийн таван төрлөөр хэмжүүрийн итгэмжлэгдсэн лабораториуд ажиллаж хэмжүүрийн баталгаажуулалт хийдэг төрийн захиргааны байгууллага юм.
Стандарчилал хэмжил зүй \СХЗ\-н хэлтсээс өнгөрсөн онд
- Стандартын улсын үзлэгийг орон нутагтаа амжилттай зохион байгуулж, ашиглагдаж буй стандартын судалгаа, тэдгээрийн шаардлага энэ цаг үед хэрхэн нийцэж байгаа талаар ААН байгууллага, иргэдээс санал авч судалгаааг нь дээд шатны байгууллагадаа хүргүүлсэн
- Усалгаатай газар тариалан эрхлэгчдийн холбооны “Ховдын шар төмс”-ний 5 сорт Ховдын тарваст 2 сортод үндэсний тохирлын тэмдэг авахад холбогдох бичиг баримтыг СХЗГазарт хүргүүлж аймагтай үндэсний тохирлын тэмдэгтэй хүнсний ногоог бий болгов
- Байгууллагын орчныг тохижуулахад нийт 80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба 4 машины граж, склад барихад 58,5 сая, цахилгаан халаалттай зуух суурилуулахад 12,0 сая, байгууллагын орчны зам, машины зогсоол, байгууллагын орчны тохижолтонд 9,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийжээ.
- Хэмжил зүйн салбарын 90, Стандартын байгууллагын 60, Сорьцын хяналтын 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УБ хотод Ховд аймгийн “Брэнд” бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гарган сурталчилсан.
Байгууллагын ил тод байдал:
Байгууллагын ил тод байдлыг хангахын тулд олон нийтэд байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээллийг харуулсан самбаруудыг байршуулан мэдээллийг тогтмол шинэчлэдэг
- Төсвийн зарлагын хувиарлалт, түүний хэрэгжилтийн талаар ажиллагсад байнга мэдээлэл хийж хэвшсэн
- Үнийн мэдээллийн дагуу бичиг хэрэг, цэвэрлэгээний материал авч байна.
- Ховдын мэдээ, Ховдын толь сонин, Ховд аймгийн албан ёсны сайтад байгууллагын үйл ажиллагааны талаархи мэдээллийг сар, улирал тутам тогтмол мэдээлдэг.
ЦААШДЫН ЗОРИЛТ
- СХЗГазрын дарга ба Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангуулж ажиллах
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсийн төв болох
- Баталгаажуулалтанд хамруулах хэмжих хэрэгслийн нэр төрөл, эталоны тоог нэмэгдүүлэх, усны тоолуурын эталонтой болох
- ISO-9001 олон улсын стандартыг төрийн байгуулагуудад нэвтрүүлэх, сургалт зохион байгуулах
- Үндэсний тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтууд дэвшүүлэн ажиллаж байна.
АЙМГИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
2000 оноос Хүүхдийн төлөө төв нэртэйгээр байгуулагдан дан ганц хүүхдийн асуудлаар, 2009 оноос Хүүхдийн төлөө хэлтэс, 2012 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус хэлтэс нь Хүүхэд төвтэй, гэр бүлд суурилсан хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил оролцоог төрийн бодлогод хуулийн хүрээнд хангана ажиллах эрхэм зорилготойгоос гадна Хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйл ажиллагаанд хүүхэд багачууд, тэдний эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, хууль ёсны бусад төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтнуудыг татан оролцуулж хамтран ажиллах, сум орон нутгийн хүүхдийн асуудал хариуцсан ажилтнуудад арга зүйн туслалцаа үзүүлэх зорилт дэвшүүлжээ.
МУ-ын засгийн газраас 2014 оныг гэр бүлийг дэмжих жил болгосонтой холбогдуулан үйл ажиллагааныхаа чиглэлийг нэгтгэн ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
-Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах
-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль,гэр бүлийн тухай хууль, НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг ханган ажиллах, олон нийтэд сурталчилан таниулах
-Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр судалгаа, тоон мэдээллийн сан бүрдүүлэх
-Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг дэмжин хөгжүүлж, арга зүйн туслалцаа үзүүлэх
-Хүүхэд өсвөр үеийнхнийг хөгжүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэх төрөл бүрийн дугуйлан сургалтуудыг зохион байгуулах
-Хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжийг дэмжин туслах
-Хүүхдийн урлаг, спортын төрөлжсөн арга хэмжээг зохион байгуулах
-Нийгмийн олон талт үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах явдлыг дэмжих замаар хөгжлийн бэрхшээлтэй болон нэн ядуу өрх, тэдний хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах
-Нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, хараа хяналтгүй эмзэг бүлгийн хүүхдийг асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх санаачлага гаргасан хувь хүмүүс, гэр бүлийг урамшуулан дэмжих
-Төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурынхны хамтын ажиллагааг дэмжин ажиллах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.