Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл авч, цаашид бодлогын төвшинд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар болон хууль эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Ярилцлагад Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагын төлөөлөл болон Байнгын хорооны ажлын албаныхан оролцлоо.
“Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Ойн тухай хуулийн хэрэгжилт “сэдвээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш, “Цагдаагийн байгууллагаас хууль мод бэлтгэлтэй тэмцэж буй өнөөгийн нөхцөл, цаашид авах арга хэмжэний талаар УМБГ-ын цагдаагийн дэд хурандаа С.Баянмөнх, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” талаар Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, доктор Н.Дашзэвэг нар тус тус илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо нээлттэй солилцлоо.
Ойн тухай хуулинд зөрчлийн тухай үнэн бодит мэдээлэл өгсөн буюу илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд олгох урамшууллын санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, ойн сан бүхий сумдад хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх орон нутгийн иргэдээс бүрдсэн сайн дурын бүлэг байгуулах, тэдэнд урамшуулал олгох, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсооход иргэдийн ба олон нийтийн оролцоог хангах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг гүйцэтгэх ёстой гэдэг дээр ярилцлагад оролцогчид санал нэгдлээ.
Мөн хулгайн модтой тэмцэхийн тулд нэгдсэн бодлого гаргаж, БОНХЯ удирдлагаар хангах шаардлага байгаа талаар саналаа солилцсон байна. Ойн тухай хуулийг хэрэгжүүлж байгаа мэргэжлийн хяналтын бүтцийг БОНХЯ-нд шилжүүлэх, бодлого болон хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгож, хариуцлагын тогтолцоог чангатгах шаардлагатайг ярилцлагад оролцогчид онцолж байна. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ярилцлагын хааж, хэлэхдээ хууль бус бэлтгэлтэй тэмцэхийн тулд Ойн мэргэжлийн хяналтын бүтцийг БОНХЯ-нд шилжүүлж, бодлого болон хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгож, ойн асуудал хариуцсан мэргэжилтэнүүдийг БОНХЯ босоо удирдлагаар хангах нь зүйтэй гээд хулгайн модыг илрүүлсэн, иргэн, сайн дурынханд мөнгөн урамшуулал олгодог байхыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа талаар онцолж, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлыг өндөрсгөх шаардлагатай гэж дүгнэсэн юм. Цаашид эдгээр асуудлаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос шаардлагатай арга хэмжээ авч, ажиллахаар тогтлоо.