Хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ

йМонголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд 2013 оны санхүүгийн үзүүлэлтээ хөрөнгө оруулагчдад танилцуулж дууссан. Түүнчлэн эдгээр компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж энэ оны үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэж байна. Үүнээс гадна хамгийн гол анхаарал татдаг шийдвэр нь эдгээр компанийн ногдол ашиг юм. 2012 оны хувьд бүртгэлтэй компаниудаас нийт 10.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахад “АПУ” ХК 5.2 тэрбум төгрөгийн дүнтэйгээр тэргүүлсэн.
Гэхдээ дийлэнх компани 100 төгрөгөөс доош хэмжээний ногдол ашгийг хуваалцахаар шийдвэрлэсэн учраас А самбарын хувьцаануудаас Б самбарынх хамгийн их өгөөжтэй байсан. Тэгвэл одоогийн байдлаар хэд хэдэн компани 2013 оны ногдол ашиг тараах шийдвэр гаргаснаа олон нийтэд зарлажээ. Тухайлбал “Бидисек” ХХК энэ оны есдүгээр сарын 30-ны дотор нэгж хувьцаа бүртээ 11.78 төгрөг тараахаар болжээ. Тус компанийн хувьд өнгөрсөн онд 287 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцааны өгөөж нь жилийн эцэст 26.1 төгрөгт хүрсэн учраас 11 гаруй төгрөгийн ногдол ашиг тарааж байна.
Харин Монголын нооc ноолууран бүтээгдэхүүний экспортын зах зээлийн тал хувийг дангаараа эзэлдэг “Говь” ХК-ийн хувьд аравдугаар сарын 1-нээс өмнө хувьцаа эзэмшигчиддээ нэгж бүрт нь 130 төгрөг тараахаар болжээ. Учир нь 2013 онд тус компани нийт долоон тэрбум 103 сая төгрөгийн ашигтай ажилласан юм. Тэгвэл сантехникийн материалын үйлдвэр болон талбай, агуулахын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Гермес цэнтр” ХК гуравдугаар сарын 20-ноос эхлэн нэгж хувьцаа бүртээ 5.82 төгрөгийн ногдол ашиг олгож эхлээд байна. Тус компанийн хувьд өнгөрсөн онд татварын дараах ашиг нь 457.1 сая төгрөгөөр хэмжигдэж байжээ.
Харин Б самбарт бүртгэлтэй хувьцаануудаас “Тахь-Ко” оёдлын нэгдэл ирэх сарын нэгнээс өмнө нэгж хувьцаа бүртээ 65 төгрөгийн ногдол ашгийг тараах юм байна. Нэг тэрбум 290 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан тус компанийн хувьд цэвэр ашиг нь 281.5 сая төгрөг байжээ. Түүнчлэн “Газар сүлжмэл” ХК-ийн хувьд 2013 онд хоёр тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсноос 472.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэгвэл энэ удаагийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн цэвэр ашгийг 100 хувь буюу нэгж хувьцаандаа 7233.4 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ. Ногдол ашгийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Д.Амар
Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …