-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Авлигатай тэмцэх газарт Ц.Нямдорж гишүүнийг ямар хөрөнгийн эх үүсвэрээр хоёр хувийн хаус бариулсан болохыг шалгаж өгөхийг хүссэн. УИХ-ын гишүүний хөрөнгө орлоготой холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянаж шалгахаар хуульчлагдсан байдаг. Ингээд шалгаад хэрэв эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна гэж үзвэл АТГ-т шилжүүлж шалгуулах ёстой юм. Тиймээс энэ асуудлыг эрх бүхий байгууллагад нь хандаж тавих нь зүйтэй юм.
-Өмнө нь Ц.Нямдоржийг “Энержи ресурс” компанийн орон сууцанд үнэ төлбөргүй амьдардаг гэх асуудлыг шалгаж байсан. Энэ хэрэг юу болсон бэ?
-Ц.Нямдорж гишүүн нь “Энержи ресурс” компанийн Зайсан дахь орон сууцны хотхонд түрээсийн байранд үнэ төлбөргүйгээр амьдардаг гэх асуудлыг шалгах шаардлагатай гэж О.Баасанхүү мөн тавьсан. Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга АТГ-т хандаж байсан. Энэ асуудлын хүрээнд АТГ шалгаад тухайн үед “Энержи ресурс” компанийн ашигт малтмалын үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагатай байна гэж байсан ч прокуророос асуудлыг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгосон. Асуудал бүхэлдээ хүчингүй болсон тул Ц.Нямдоржийн асуудлыг шалгах ажиллагаа давхар хүчингүй болсон. Тиймээс Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлтийг О.Баасанхүү гишүүн прокурорын байгууллагад хандан гаргах нь зүйтэй болов уу.
-БНСУ-ын хөнгөлөттэй зээлийн мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт Ц.Нямдоржийг мөн шалгаж байгаа гэж үнэн болов уу?
-БНСУ-ын хөнгөлөлтэй зээлийн хэрэгжилтийн талаар Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэн Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийг бас шалгах шаардлагатай гэж байсан. Энэ нь БНСУ-ын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Холбооны хяналт, мэдээллийн сүлжээний санхүүжилтийг хийж, төслийг хэрэгжүүлсэн, энэ төслийн хөрөнгийн зарцуулалт дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайн хэрэг дээр тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийг сэжигтнээр тооцон, ямар нэгэн эрүүгийн хариуцлагад татсан асуудал байхгүй. Харин цаад хөрөнгийн зарцуулалтад л эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж ойлгож болно.