АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй батлан хамгаалахын төлөөлөгчид өчигдөр манай оронд айлчлаад буцсан билээ. Монголд саатсан хугацаандаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд, ноён Чак Хейгл Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийж, “Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Аюулгүй байдлын асуудлаарх хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан юм. Мөн Ирак, Афганистан улсад болон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл 25 цэргийн алба хаагчтай уулзан, талархлаа илэрхийлсэн. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ хүндэт зочиндоо бэлэг бэлгийн дээд хурдан морь бэлэглэснийг Чак Хейгл билэгшээн хүлээн авч, өөрийн залуу насандаа тоглож байсан бейсболын багийнхаа нэрийг өгөөд, сайн хамгаалан хайрлаж өсгөхийг малчинд нь захиж, дурсгалын зоос гардуулсан юм. Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй Америкийн батлан хамгаалах салбарын төлөөлөгчид мөн Төрийн ордонд айлчилж, Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан. Хэдхэн цагийн дотор үйл явдал өрнүүн, зочдынхоо сэтгэл санааг өргөсөн энэхүү айлчлалын талаар монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд мэдээлэл цацлаа. Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудтай уулзах үеэр авсан зарим асуулт, хариултыг хүргэе.
Бүс нутагтаа Монгол Улсын батлан хамгаалах салбар үүрэг оролцоогоо нэмэгдүүлэхэд АНУ-аас ямар хүчин чармайлт, дэмжлэг үзүүлэх вэ?
Чак Хейгл: Монгол Улс бол Америкийн нэгдсэн улсын хувьд үнэтэй түншлэгч орон юм. Тиймээс бид бүхий л талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ялангуяа батлан хамгаалах салбарын хувьд харилцаагаа улам чиглэл бүрээр хөгжүүлэх, батжуулах ёстой. Уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайдтай санал бодлоо хуваалцаж, тодорхой асуудлуудад санал нэгдсэн. Мөн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид өргөтгөн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Тэрхүү мэдэгдэлд тодорхой дурдсанчлан өнөөдрийг хүртэл хамтран хэрэгжүүлж байгаа дадлага, сургуулилтууд, ажиллагаануудын тоог нэмэх, илүү өргөжүүлэх зорилготой байгаа. Олон улсын хамтарсан “Khaan Quest” хээрийн сургуулийг цаашид хамтран зохион байгуулж явуулна гэдэгт санал нэгдлээ. Мөн хүмүүнлэгийн чиглэлийн ажиллагаа ялангуяа, гамшгийн дараах аврах ажиллагааны чиглэлээр хамтарсан сургуулилт, ажиллагааг явуулах, шинээр хамтран зохион байгуулж болох бусад сургуулилтын талаар ч харилцан саналаа солилцсон.
Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг хэрхэн дүгнэж байна вэ, бас хэтийн төлөвийг яаж төсөөлж байгаа вэ?
Д.Бат-Эрдэнэ: -Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа 1991 оноос хойш байнга өсөлттэй байж, зохих түвшинд хүрсэн гэж үнэлж байна. Батлан хамгаалах салбарын шинэчлэлд оруулж байгаа хувь нэмрийг бид өндрөөр үнэлдэг. Манай мэргэжлийн маш олон боловсон хүчин АНУ-д боловсрол эзэмшсэн. Энэ улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг явуулдаг. Энэ хүрээнд бид дэлхийн энх тайван, аюулгүй тогтвортой байдлаас ач тусыг нь зөвхөн хүртэгчид биш хувь нэмрээ оруулдаг байх ёстой гэдэгт манай төрийн гадаад бодлого чиглэгдэж байдаг. Тийм ч учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хүлээн зөвшөөрөгдсөн Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын ажиллагаанд оролцох манай чадамжийг нэмэгдүүлэхэд АНУ-ын БХЯ байнга тусалж ирсэн. Цаашид бид эмнэлгийн болон цахим аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжууд байгаа гэдгийг өнөөдрийн мэдэгдэлдээ тусгасан.
АНУ-ын хувьд Афганистаны ажиллагааг дуусгавар болгож байгаа. 2014 оноос цааших цэргийн хамтын ажиллагаа ямар байх вэ?
Чак Хейгл: -Саяхан Афганистан Улс чөлөөт сонгууль зохион байгуулсаныг дэлхий нийт мэдэж байгаа. Энэ улсын ард түмэн сүүлийн жилүүдэд маш хүнд хэцүү цаг хугацааг туулж ирлээ. Чөлөөт сонгуулийн эцсийн дүн бидний бодож байснаас хамаагүй илүү байлаа. Афганистаны хувьд, Зэвсэгт хүчнийх нь хувьд амжилт гэж харж байна. АНУ-ын 2014 оноос хойш баримтлах шийдвэрийн хувьд Ерөнхийлөгч Б.Обамагийн хэлсэнчлэн НАТО-гийн түншлэгч орнууд, олон улсын аюулгүй байдлыг хангах хүчний орнуудын санал бодлын дагуу хэрэв Афганистан АНУ-аас дэмжлэг авахыг хүсвэл энэ улсын хөгжил, цэргийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна.
АНУ-ын төсөв сүүлийн жилүүдэд танагдаж байгаа. Үүнтэй холбогдуулаад Америкийн зүгээс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр аливаа нэг хүндрэл, удаашрал гарна гэж бодож байна уу?
Д.Бат-Эрдэнэ: -Бидний харилцаа бол дэлхийн энх тайван, тогтвортой аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагаа. Үүний үр дүнд Энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж байсан хамтын ажиллагаа, тусламжуудаа бууруулахгүй байх тухай асуудлаар ярилцсан.
Эх сурвалж: “Соёмбо” сонин