Хос дээл, хос бүрх малгай, хос ятга гэхээр таны санаанд XX “Зуун манлай” хос дуучин МУГЖ С.Вандан, МУГЖ дуучин Д.Дуламсүрэн нар бууж байгаа биз ээ. Тэдний уран бүтээлийг сонсож үзээгүй Монгол хүн гэж эс үгүй. Орчин цагийн алтан дуучид алтан үеийнхээ аялгуу дуунуудыг орчин цагийн хөгжмөөр баяжуулж үзэгч түмэндээ хүргэсээр байгаа билээ.
Сүүүлийн үед Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай… хэмээн залуучууд аялах болсон.
30 гаруй жил ханилан нэг биеийн хоёр тал болсон хос дуучид маань өөрсдийн амьдралын түүхийг өгүүлсэн “Ижил заяа” дуу гарган тэрхүү дуугаа өөрсдийн идэр залуу насныхаа гэрэл зургуудаар дүрсжүүлж хийсэн нь олны таалалд нийцэж, хит болсон. Мөн “Тавилан” дуу ч таны сонсох дуртай дуунуудыг жагсаалтыг тэргүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Тэгвэл урлагийн тайзнаа гаран дуу хуураараа олноо баясгаад 40 гаруй жилийг ардаа үдсэн Хос дуучид тун удахгүй бие даасан тоглолтоо хийхээр зэхэж эхэлжээ. Тоглолт ирэх оны буюу 2015 оны 1сарын 22-ны өдрийн 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болохоор тов нь гарлаа. Уг тоглолтын продюссероор МУГЖ дуучин С.Жавхлан ажиллаж байгаа гэнэ.
Зууны манлай дуучдын тоглолтонд алтан үеийн төлөөлөл мөн залуу уран бүтээлчид оролцох аж.
Дашрамд дуулгахад, МУГЖ С.Вандан, МУГЖ дуучин Д.Дуламсүрэн нар “Алтан цомог”-оо гаргах гэж буйгаа дуулгалаа. Энэхүү алтан цомогт нь хуучны болоод шинэ уран бүтээлүүд нь багтжээ. 108 маанийн бэлэгдлийг илэрхийлэн 108 минутын бичлэгтэй байхаар бүтээж байгаа юм байна.
Д.Ана
Эх сурвалж: Urlag.mn