Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай зарим эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг баталж 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөхөөр шийдвэрлэжээ. Иймд даатгуулагч өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болсон байна. Өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд дараах мэс засал хамаарах юм.
• Зүрхний төрөлхийн гажгийн мэс засал
• Зүрхний олдмол гажгийн мэс засал
• Зүрхний ишемит өвчний үеийн мэс засал
• Артерийн судасны эмгэгүүдийн үеийн мэс засал
• Тархи мэдрэлийн мэс засал
• Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
• Бөөрний мэс засал
• Чих, хамар, хоолойн мэс засал
• Гэмтэл, бэртлийн мэс засал
• Ерөнхий мэс засал
• Эрхтэн, хиймэл эрхтэн суулгах мэс засал орох аж. 2015 онд өндөр өртөгтэй мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгслийн үнийн хөнгөлөлтөд Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиар баталснаар эрүүл мэндийн даатгалын сангаас 13.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн даатгуулагч тухайн сард өвчний учир эмийн заалтаар оношилгоо, шинжилгээ хийлгэх бол эрүүл мэндийн даатгалын сангаас 55 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсан бол нэг удаад гурван сарын хэмжээтэй тэнцүү буюу 165 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болжээ.
Б.ДЭЛГЭР