Өвлийн олимпийн нэгэн төрөл болох керлингийн спортын эцэг гэж нэрлэж болохоор мөсний шагайн наадгайг Архангай нутгаас гаралтай хэмээн судлаачид үздэг. Уламжлалт энэхүү спортыг сэргээж, энэ спортыг сонирхдог иргэдийг идэвхижүүлэх, цаашид цар хүрээг нь тэлэх үүднээс аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ мөсний шагайн холбоог байгуулж аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн ивээл доор анх удаагаа зохион байгуулжээ. Засаг даргын нэрэмжит аймгийн мөсний шагайн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13,14-ний өдрүүдэд урд Тамирын гол дээр боллоо. Тэмцээнд нийт 19 сумын 120 гаруй харваачид багийн болон цуваа харвааны төрөлд цэц мэргэнээ сорьсон юм.
Багийн харваанд тэргүүн байранд Батцэнгэл сумын Ц.Батбаяр Х.Амарсайхан дэд байранд Эрдэнэмандал сумын Э.Баттуул, Б.Ямааранзан гутгаар байранд Цэнхэр сумын Н.Батхүү,М.Гантулга нар орлоо. Цуваан харваанд тэргүүн байранд Цэнхэр сумын Н.Батхүү дэд байранд Эрдэнэмандал сумын Э.Баттуул гутгаар байранд Цэнхэр сумын тамирчин монгол улсын анхны мэргэн Ц.Төмөрбаатар орж дөрөвдүгээр байранд Эрдэнэмандал сумын Ж.Ганзориг, тавдугаар байранд Батцэнгэл сумын Амарсайхан Эрдэнэбулган сумын Нарангэрэл нар тус тус шалгарлаа.
Анх удаагаа зохион байгуулагдсан аймгийн аварга шалгаруулах тэмцээн дэг журамтай, зохион байгуулалт өндөр байсныг тэмцээнд оролцогч нийт харваачид болон тэмцээнийг сонирхсон ард иргэд онцлов. Цаашдаа мөсний шагайн холбоо ажлаа идэвхижүүлж, залуу харваачдыг бэлдэх, бүс улсын чанартай тэмцээнд оролцогчдыг дэмжих, амжилт үзүүлэх тал дээр анхаарч ажиллана хэмээн холбооны гишүүд илэрхийллээ. Дашрамд дурьдхад мөсний шагайн холбоог цаашдаа аймгийн үе үеийн Засаг дарга нар тэргүүлэх ажээ.