Нэр алдар горилж, одон тэмдгээрээ дулдуйдаж яваагүй тэрээр эцсийнхээ амьсгалаа татах хүртлээ жүжгийн монолог цээжилж, шинэ уран бүтээлд өөрийгөө бэлдэж байсан гэдэг. Тэнгэртээ өтөлсөн бүргэд шиг, төрийн тамгаа цээжнийхээ хөндийд онголж одсон хаан шиг АРДЫН ЖҮЖИГЧИН ЖАМСРАНЖАВ гэдэг нэрийг урлагийн цээжинд он цагийн урсгалд элэгдэж мартагдалгүйгээр сийлж үлдээсэн түүнийг дурсаж эхнэр Б.Нармандахтай нь уулзаж ярилцлаа.
-Таныг Г.Доржсамбуу агсны сүүлчийн шавь нарын нэг гэж сонссон. Эндээс яриагаа эхлэх үү?
– Бид УБИС-ийн кино драмын ангийг 1984 онд төгссөн. Бүтэн нэг жил Г.Доржсамбуу багшаараа хичээл заалгаж байсан азтай. Талийгаач Цэвээнравдан ах, УГЖ Чаминчулуун эгч, Г.Доржсамбуу багш зэрэг залуучууд Орост сургууль төгсч ирээд удаагүй байсан тэр үед энэ их хүний шавь гэгдэж үнэтэй үг сургаалыг нь сонсох хувь тохиосон юм. Олон сайхан эрдэмтэн багш нар тэр дундаа Г.Доржсамбуу багшийн бидэнд суулгаж шигтгэж өгсөн, зааж зааварчилж байсан уран бүтээлчийн дөрөөр бид өдийг хүртэл урлагийн тайзан дээр гологдчихолгүй, уран бүтээлээ амилуулж, амьдарч яваа уран бүтээлчид. Багшийгаа дурсаж хүндэтгэхгүй байх эрх бидэнд байхгүй. Жилийн жилд хийдэг тоглолт болгон нь сайхан болдог. Багш маань эгэл хэрнээ агуу хүн байсан болоод сайн сайхныг нь дурсах хүн маш олон байдаг. Огт уурлаж загнадаггүй хэрнээ манай ангийнхан багшаасаа сүнсээ зайлтал айдаг байж билээ. Буруу харагдчихвий гэж тэгдэг байсан байх. Манай Ц.Төмөрхуяг дурсан ярьдаг юм. Хөвгүүд л болсон хойно коридорт зодолдож ноцолдоод л байж байна. Багшийг ирэх бараанаар бүх оюутнууд хага ярагдаж зам тавьж өгдөг байсан . Хүмүүсийн хүндэтгэлийг бараг эзэнд нь мэдэгдэлгүй хүлээдэг тийм агуу хүн байсан юм даа, миний багш. Шавь нараа элдэв эсийн дугуйлан, шог гараа жүжиг шийнд тоглуулах их дургүй. “Нүүр амаараа тоглодог арзаганадаг марзаганадаг юманд тоглоод яахав. Кинонд тоглолоо гэж битгий ярь. Зургаа авахууллаа гэж яриарай. Ганц нэг дүрд зургаа авахуулчихаад өөрөө өөрсөддөө битгий дурлаад байгаарай” гэдэг байсан. Биднийг сууриа буруу тавьчихвий, эвдэрчихвий гэж болгоомжилдог байжээ гэдгийг би бүүр сүүлд ойлгосон. Ер нь бидний үед ч биш манай Жаамаагийн үеийн найруулагчид ч дургүйцдэг байсан гэдэг. Манай Жаамаа АЖ Гантөмөр ах хоёр зургаа авахуулсанаа зурагчны газар томруулж угаалгаад ханандаа зүүчихсэн байсныг Ванган гуай харчихаад загнаж байсан юм гэнэ лээ. Багш манай ангиас хойш нэг анги төгсгөсөн байх аа. Сургууль соёлоо төгсөөд удаагүй байтал зах зээлд орж, хүмүүсийн амьдрал 360 хэм эргэсэн. Театр эзэнгүйдэж ганц уран бүтээлчид ч биш бүх л хүн идэх хоол, өмсөх хувцасны төлөө юу эсийг хийв дээ. Тэр үед театрынхаа галыг манаж цөөн тооны уран бүтээлч урлагтаа үнэнч үлдэж байлаа шүү дээ.
-Уран бүтээлчид ганзагын наймаанд гарч, хүмүүс театрын билетэнд биш картныхаа талханд оочирлож байх тэр үед та хаана ажиллаж байв?
-Тэр үед би театрт байгаагүй. Армийн драмын театраас би ажил амьдралынхаа гарааг эхэлсэн хүн. Сургуулиа төгссөнийхөө дараа Жаамаатай суух болоод ёс суртахууны доголдолтойгоороо цоллуулж , театр руу орох эрхгүй болчихсон байсан үе. Тухайн үед дуулдаг байсан учраас “Баян Монгол” чуулгад дуучнаар ажилласан. Филармонид нэг жил дуулсан. Уг нь төгсөөд театрт хуваарилагдсан ч театрын хаалга миний өмнө хаагдсан учраас тухайн үед өөр арга надад байгаагүй. Х.Төмөрбаатар гавъяат, дуучин Баяраа, дуучин Оюунчимэг, дуучин Нандинцэцэг зэрэг алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байснаа азтайд тооцдог юм. “Айлын гэр бүл үймүүллээ” гэж бүх хүн ад шоо үзэж байсан тэр үед намайг Филармонидоо авсан Д.Ухнаа даргад би үргэлж баярлаж явдаг. Тэр үед би хаашаа ч явахад бэлэн байсан шүү. Театр руу оруулалгүй өнгөрөх ч юу ч биш, гэр бүлийн талаар асуудал гаргасан хүмүүсийг хөдөө хөөдөг байсан цаг шүү дээ. Намчирхах үзэл гаарчихсан тэр үед 20 насны зөрүүтэй Жаамаа бид хоёрын хайр маш том асуудал үүсгэж байлаа даа. Хэцүү байсан уу гэвэл үнэхээр хэцүү байсан. Гэхдээ ачааны хүндийг миний хань л үүрсэн. Би зөвхөн ширвэлтийг нь амссан. Талийгаачийн маань эхнэр дарга нар дээр орж “Арга хэмжээ авч өг” гэж хэл ам хийсний буянаар би театрт орох эрхгүй болж, манай хүн хурлаар орж, цалингаа хасуулж хайр сэтгэлийнхээ горыг амсч байлаа. Омголон залуу байж, шартай ч байж. Хорих тусам хүний сэтгэл улам гаарч дэврээд байдаг юм билээ. Хориглох тусам хайр сэтгэлийнхээ төлөө тэмцсэн. Эсэргүүцэж байсан хүмүүс бид хоёрыг улам хурцалсан байх. Миний амьдралд нууц юм хэзээ ч байгаагүй. Хайрласан хайр нь, алдаа оноо нь бүгд ил байсан. Далдуур нууц амьдралтай, явдалтай хүмүүс бид хоёрын хайр сэтгэлийг доромжилж басамжилж байсан болохоор “Эд нар болоод байхад би яагаад болохгүй гэж, яагаад?” гээд зүтгээд байсан хүн шүү дээ. Бид хоёрыг буруутгахын хажуугаар дэмждэг хүмүүс байгаагүй биш байсан. Одоо нэрийг нь хэлээд яахав. “Нармандах аа, миний дүү хайр сэтгэлийнхээ төлөө тууштай яваарай. Битгий шантар. Бидний давж гарч чадаагүйг заавал давж гардаг юм шүү” гэж зоригжуулдаг хүмүүсийн урманд тэр хүнд үеийг давсан даа. 1987 онд театраас Армийн театр өрх тусгаарлаж, шангаа татсан юм. УГЖ Тунгалаг эгч намайг “орооч” гэсэн санал тавьж, Филармониос Армийн театрт орж ажиллалаа. Манай хамт олон үнэхээр хүчтэйгээр бүрэлдэж чадсан болохоор нэр хүндтэй ч байсан. Жүжигчин Золбоот, Ц.Төмөрбаатар, манай Оюунцэцэг, Равдан ах, Жагдаг эгч, Мөнхдорж найруулагч, Баатар найруулагч зэрэг чадалтай уран бүтээлчид гар нийлэн ажиллаж байлаа. Хүмүүс одоо санаж байна уу үгүй юу, “Аянгын бороо” “Худалч эхнэр” “Эцсийн шийд” зэрэг олон уран бүтээл Армийн театраас гарсан. Харамсалтай нь зах зээлийн тэр хүнд үед арми хажуудаа театр тэжээгээд байж чадахгүй байсан учраас 1991 онд татан буугдсан юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү?