“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-төрийн гэрэгэ”- сар шинийн баяраар гардуулна

600x600Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, Улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгодог билээ.

 “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын журмын дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн хүрээлэн,   Үндэсний бүтээмжийн төв, Өрсөлдөх чадварын төв, Нийслэлийн засаг даргын тамгын газраас төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 14-нд эхний хуралдаанаа хийж зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв.

 ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ирүүлж байхаар боллоо.

 Уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цомыг сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулах юм. Шагнал хүртсэн бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол одон медалиар шагнаж болох бөгөөд эдгээр шагналыг цом олгох ёслолтой хамтатган зохион байгуулж гардуулна.

             Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаар захирамжийн хавсралт

“ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД

ШАГНАЛ-ТӨРИЙН ГЭРЭГЭ” ШАГНАЛЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

            1. Монгол орны эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд шинэ жишгийг авчирч, дэлхийн стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан үйлдвэрлэл, барилга байгууламж, Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлсэн оюуны бүтээл, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг “/цаашид “бүтээн байгуулалт” гэх/ шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын он солигдохын өмнө Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгоно.

            /Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн … дугаар захирамжаар өөрчилсөн./

            2. Шагналыг Монгол хүний оюун ухаан, авъяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлон бүтээгдэж, тухайн ондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үйлдвэр, барилга, байгууламж, цогцолбор, хэвлэгдэн гарсан ном зохиол, үзэгчдэд хүрсэн урлаг, соёлын бүтээлд олгоно.

            3. Нэг жилд олгох шагналын тоо 3-аас хэтрэхгүй байна.

            4. Шагнал нь уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий батлагдсан загварын дагуу хийгдсэн цом байх бөгөөд жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулна.

            5. Уг шагналыг хүртсэн бүтээн байгуулалтыг бий болгох ажилд идэвх санаачилгатай оролцсон, гардан бүтээсэн, зохион байгуулсан хүмүүсийг төрийн алдар цол одон медалиар шагнаж болох бөгөөд эдгээр шагналыг цом олгох ёслолтой хамтатган зохион байгуулж гардуулна.

Хоёр. Нэр дэвшүүлэх, шалгаруулах

            1. ”Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ” шагналд дараахь байгууллагууд нэр дэвшүүлнэ.

– Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар – өөрийн орон нутагт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг;

– Төрийн яамд – өөрийн салбарт тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг;

– Иргэд, төрийн бус байгууллагууд – дэмжиж буй бүтээн байгуулалтыг. /Энэ дэд заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн … дугаар захирамжаар нэмсэн./

            2. Иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтынхаа талаар саналаа ирүүлж болнго. /Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн … дугаар захирамжаар хассан./

2. Нэр дэвшүүлэх бүтээн байгуулалтыг сонгохдоо дараах шалгууруудаас хангасан эсэхийг харгалзан үзнэ.

            2.1. Тухайн бүтээн байгуулалт нь хэмжээ, далайцаараа олон улсын жишигт хүрсэн байх;

            2.2. Хуулийн дагуу татвар төлдөг байх;

2.3. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөж байгаа нь аудитын дүгнэлтээр баталгаажсан байх;

2.4. Бүтээгдэхүүн нь импортын бараа, бүтээгдэхүүнийг орлохуйц байх;

2.5. Бүтээгдэхүүнээ экспортлогч байх;

2.6. Тухайн бүтээн байгуулалт, ашигласан техник, технологи нь олон улсын стандарт, жишигт хүрсэн байгаль орчинд ээлтэй байх;

2.7. Оюуны өмчийн гэрчилгээ авсан байх;

            2.8. Өөрийн салбартаа кластер бүрдүүлэгч тэргүүлэх үйлдвэр болох нөхцөлийг хангасан байх;

            2.9. Ажлын байр олноор бий болгосон байх;

            2.10. Хөрөнгийн биржээр олон нийтэд хувьцаагаа арилжаалсан байх;

            2.11. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын ААН-ээс худалдан авалт хийдэг, тогтвортой худалдан авалт хийх гэрээ байгуулсан байх;

2.12. Монголчуудын оюун санааны хөгжилд шинэ үе шат нээсэн байх.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн … дугаар захирамжаар өөрчлөн найруулсан./

3. Архи, тамхи, буу, зэвсэг үйлдвэрлэгчийг энэ шагналд дэвшүүлэхгүй.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн … дугаар захирамжаар өөрчилсөн./

            4. Нэр дэвшүүлэх ажлыг нэр дэвшүүлэх эрх бүхий байгууллагууд жил бүрийн 1 дүгээр сарын 25-ны дотор дуусган нэр дэвшүүлэх тухай шийдвэрийг шаардлагатай баримт бичгийн хамт Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн байна.

/Энэ заалтын дугаарыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн … дугаар захирамжаар өөрчилсөн./

            5. Шагналд нэр дэвшүүлэн ирүүлсэн материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нягтлан судална.

/Энэ заалтын дугаарыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн … дугаар захирамжаар өөрчилсөн./

Гурав. Бүрдүүлэх баримт бичиг

1. Шагналд нэр дэвшүүлэн ирүүлсэн баримт бичиг нь дараах хэсгээс бүрдэнэ.

            1.1. Шагналд нэр дэвшүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;

            1.2. Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын танилцуулга, холбогдох материалууд /Энэ журмаар заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг нотлох дүгнэлт, баримт бичиг, судалгаа/;

            1.3. Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт.

2. Шагналд нэр дэвшүүлсэн бүтээн байгуулалтын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан, танилцуулсан материалууд ирүүлж болно.

3. Шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтыг гардан бүтээсэн, бүтээх ажилд идэвх санаачлалтай оролцсон, зохион байгуулсан хүмүүсийг төрийн цол, одон, медалиар шагнуулах бол төрийн одон, медалиар шагнах журмын дагуу холбогдох материалыг ирүүлнэ.

/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн … дугаар захирамжаар өөрчлөн найруулсан./

Дөрөв. Ажлын хэсэг

            1. Уг шагналд нэр дэвшсэн бүтээн байгуулалтуудаас сонгон шалгаруулах  ажлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэнэ.

            2. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн хүрээлэн,   Үндэсний бүтээмжийн төв, Өрсөлдөх чадварын төв, Нийслэлийн засаг даргын тамгын газраас тус тус төлөөлөл оролцуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулна.

            3. Ажлын хэсэг нь нэр дэвшин ирсэн материалуудтай танилцан судалж санал дүгнэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.

            4. Уг ажлын хэсэг шаардлагатай бол бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцах, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүдээс лавлагаа, дүгнэлт авах, иргэд, хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг судлах ажлыг зохион байгуулна.

            5. Ажлын хэсгийн хуралдаан тэмдэглэл, шийдвэр, нэр дэвшүүлж ирсэн баримт бичгүүдийн хамт Ерөнхийлөгчийн Тамгын газрын  архивт хадгалагдана.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …