Урлаг, уран сайхан хөгжиж буй энэ цаг үед өөрийн хүч хөдөлмөрөөрөө уран бүтээлээ хийж, сонсогч олноо баясгаж яваа Шаравын Энхбат хэмээх залуу уран бүтээлчтэй ярилцсанаа уншигч та бүхэнтэй хуваалцья.
-Намайг Шаравын Энхбат гэдэг. Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, Улаанбаатарт өссөн. Одоо бол зохиолын дуу дуулдаг, уран бүтээлч, Соёл продакшний дуучин.
–Дуулаад хэдэн жил болж байгаа вэ?
-Дуулаад бараг 10-аад жил болж байна. Сургуулиа төгсөөд цэргийн ансанбелид хэсэг ажилласан. Тэрнээсээ гараад мөн нэг хэсэг хувиараа бизнес хийж байгаад, сүүлийн 3,4 жил идэвхтэй урлагаараа явж байна даа.
-Урлагийн хүний хувьд өөрт тань тохиолддог хүндрэл бэрхшээл байдаг уу?
-Урлагийн хүний хувьд бол хүндрэл бэрхшээл байлгүй яахав. Гэхдээ нэгэнт номыг нь үзээд, зориод явж байгаа болохоор аль болох тэр бэрхшээлүүдээ тоочоод байлгүй өөрийн хүчээрээ даван туулахыг хичээдэг. Тийм болохоор тэр зэргийн юмыг нэг их тоодоггүй шүү. Гэхдээ манайхан чинь хийж, бүтээж яваа хүмүүсийг доромжлохдоо их сайн хүмүүс шүү дээ. Сайт, сонин, телевизүүдийн хувьд бол хааяа доромжлох, гүтгэх зүйлүүд мэр сэр гардаг. Саяхан нэг сайт дээр намайг “Хоёр эхнэртэй байхыг уриалж тоглолт хийж гэж байгаа” гээд биччихсэн л байсан. Яахав, би тэрийг нэг их тоодоггүй. Юм хийж байгаа хүнийг л хүмүүс муулдаг. Тэгэхээр би өөрийгөө юм хийж яваа юм байна гэж боддог.
-Өөрийн гэсэн хэдэн уран бүтээл туурвиж, олны хүртээл болгосон бэ?
-Урлагт ороод хийсэн дуунуудаа гээд бодоод үзэх юм бол нийт бараг 60 гаруй уран бүтээл хийсэн байна шүү. Ер нь 70 руу дөхөж байгаа гэж хэлж болно.
-Сүүлийн үед хийсэн уран бүтээлүүдээсээ дурьдвал?
-Хамгийн сүүлд, он гараад “Монголын заяааг тэнгэр түшдэг” гэж сайхан уран бүтээл хийсэн. Энэ дууны маань шүлгийг яруу найрагч Энхбаатар, хөгжмийн зохиолч “Пүмбээ” буюу Эрдэнэбаярын аяаар хийгдсэн ийм сайхан уран бүтээл гарсан. Монголчууд маань тэнгэр заяаатай, тэнгэр шүтлэгтэй хүмүүс шүүдээ. Тийм учираас Монгол хүн бүрийг дээд тэнгэр нь харж, хамгаалж байдаг юм шүү гэсэн утгатай уран бүтээл хийсэн дээ. Одоо цагаан сарын өмнөхөн зурагжуулаад, клипжүүлээд гаргах санаатай явж байна даа.
-Монголд нэлээн хэдэн жилийн өмнөөс зохиолын дуучид ихэссэн. Бичих сэдэвгүй болсон ч гэж ярьдаг. Таны хувьд өөрийн дууны шүлгээ яаж бичиж, зохиодог вэ?
-Ер нь бол яруу найрагч найз нар, ах нар олон байна. Хөгжмийн зохиолч ах нар, багш нар ч байна. Надад бол тийм шүлэг зохиож, бичих авьяас заяаагаагүй юм шиг байгаа юм ххэ. Миний ах Шаравын Энхбаатар гэж яруу найрагч хүн байдаг. Ахтайгаа ярилцаад, нэг иймэрхүү дуу хиймээр байна гээд үгээ бичүүлдэг. Ярилцахад их ойр байдаг учраас хүндрэл бэрхшээл бага байдаг. Мөн нэгэн хэвийн цензурт баригдалгүйгээр, гоё сайхан үгтэй шүлэг олоод хөгжмийн зохиолчиддоо тайлбарлахаар, тэр сайхан шүлэгний ая нь гэсэн их өвөрмөц гоёоор хийгддэг. Хүмүүс сонссон ч аятайхан байдаг болов уу гэж би хувьдаа боддог.
-Зохиолын дуучид өөр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг гэж би боддог. Таны хувьд бусад уран бүтээлчдээсээ ямар талаараа онцлог, ялгаатай вэ?
-Миний сүүлийн хийсэн 10 гаруй дуу бол ерөнхийдөө зөөлөн аятай, үгний утганд түлхүү анхаарсан уран бүтээлүүд гаргасан. Өмнө нь бол би ихэвчлэн уянгын дуу дуулдаг байсан. Тэгээд өөрийгөө жаахан өөрчлөөд, сонсогчиддоо арай өөр уран бүтээл хүргэе гэж зориод, сүүлийн үед ерөнхийдөө зөөлөн аятай, сонсоход аятайхан дуунуудыг л хийж байна даа. Энэ талаараа бусад дуучдаас арай өөр юм боловуудаа.
-Уран бүтээл хийхэд мэдээж мөнгө санхүүгийн асуудал тулгарах үе байдаг. Хоолой бичүүлэхээс эхлээд. Энэ талын асуудлыг та яаж зохицуулдаг вэ?
-Би Соёл продакшиний дуучин гэж явдаг. Тэгэхээр юмнууд нь бусад газраас илүү хөнгөлөлттэй байдаг. Жишээ нь хоолойгоо бичүүлэх, дуугаа тараах, цацах гэх мэтийн асуудлууд нь. Мөн намайг үргэлж дэмждэг Соёл продакшний захирал Дашзэвэг ахдаа баярлаж талархаж явдгаа хэлэх нь зүйтэй. Надад тохиолддог олон бэрхшээлт асуудлууд дээр үргэлж надад туслаж, дэмжиж, урам өгч явдаг хүн. Тандаа эрүүл энх сайн сайхныг хүсье.
-Таны хувьд Монголын зохиолын дуу дуулаачид хөгжлийн аль шатандаа явж байгаа гэж үздэг вэ?
-Өөрийн гэсэн төрөл, өөр өөрийн гэсэн онцлог шинжээрээ дуугаа дуулаад, уран бүтээлээ хийгээд явж байгаа хүмүүст би юугаа хэлхэв ххэ. Ер нь бол Монголын урлаг хөгжиж байгаа. Нийт урлагийн хүмүүстээ, тэр дундаа дуулаачиддаа цаашдын ажил амьдрал, уран бүтээлд нь амжилт хүсье. Өшөө илүүг хийж, сонсогч олноо баясгаж яваарай гэж ерөөе.
-Цаг гарган ярилцсан танд баярллаа
Ш.Энхбатын бүтээлээс
Ч.Мандахнар