Айл өрхүүдийн гэрэл цахилгааны төлбөр дээр хогны хураамж нэрээр 2500 төгрөг нэмж авсаар даруй 2-3 жил болсон. Иргэд ч ХХI зуунд таг харанхуй суултай биш гээд хогоо ачуулсан ч эс ачуулсан ч дуртай дургүй 2500 төгрөгөө “ходруулан” төлсөөр байгаа. Арай гэж ном горимондоо орж нэг нь авч, нөгөө нь өгч хэвшээд байтал “Хог хаягдлын шинэ менежмент” гэх нэртэй нэг жигтэй ажил гараад ирэх нь тэр. Түрүүчийн ходрооныхоо аргаас ч бүр долоон дор энэ “Шинэ менежмент” гээчийг иргэд сонсоод ямар их дургүйцэж байна гээч. Арга ч үгүй шүү дээ.
Бүтэн нэг улирлын 90 хоногт 7500 төгрөг төлөөд хогоо ганцхан удаа ачуулж, бага боловч хогноосоо салдаг байсан. Харин одоо хотын удирдлагуудын шийдвэрлээд байгаа “Хог хаягдлын шинэ менежмент” гэгчээр хогондоо дарагдах янзтай болсондог.
Юун нөгөө “Азийн цагаан дагина”, “Хоггүй хот”. Түүнийг бодохын ч хэрэггүй. Тэрхүү тарааж өгөх хар уутанд айл өрхүүд хогоо хийгээд хашааныхаа хаалганы гадна тавих юм гэнэ. Эрүүл ухаанаар бодоод үздээ.
Бараг л улиралдаа ганц удаа ачуулдаг байхдаа хог ухагчид, нохой муур, шувуунаас хамгаалж эгээтэй л гэртээ оруулж хураахаас наахнуур юм болж байж багахаан хогтой суудаг байлаа шүү дээ. Гэтэл “Хог хаягдлын шинэ менежмент”-ээр бол хогийн гялгар уут хийсч ирээд толгойд углагдах, хэрэглэсэн ОО-ын цаас ам хамар шудраад өнгөрөх нь энүүхэнд болох нь.
Үүнийгээ Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Д.Энхбат “Шинэлэг ажил, оновчтой санал, хуучинсаг үзлээсээ салах хэрэгтэй, “Азийн цагаан дагина” гэсэн бичигтэй ууттай хогоо шууд л газар булна. Энэ чинь шинэ менежмент” гээд сууж байх юм.
Үгүй ядахдаа тэр “Мянгуужингийн үлгэр” шиг уутан дээрээ “Азийн цагаан дагина” гэж бичихгүй байвал яасан юм. Ууттай нь газарт булна гэхээр шууд утгаараа “Азийн цагаан дагина”-аа оршуулж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм.
НИТХ-аар баталсан “Хог хаягдлын шинэ менежмент” уг нь ил задгай хог хаяхыг л болиулж байгаа ухаантай юм. Гэтэл “сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэр болох нь хэнд ч ойлгомжтой болчихоод байна.
Гэтэл Д.Энхбат даргын ярьж буйгаар гэр хорооллын айлууд жалга руу хогоо асгачихдаг байсан бол “Мянгуужингийн хар уут”-тай болсноор гудамж талбай хоггүй болж, жалга судаг, үерийн ус зайлуулах хоолойнууд хачин цэвэрхэн болох юм гэнэ.
Аж ахуйн нэгж, албан газрууд ч дээрх жишгээр хогоо уутлаад байгууллагынхаа гадна гаргаж тавих юм. Харин түүнийг нь шөнө ачиж явна гэж байгаа. Бас тэгээд хог тээвэрлэх зардлын санхүүжилтийг нийслэлээс татаас маягаар гаргана гэж байгаа.
Төсөв мөнгө хүрэлцэхгүйн зовлон тоочиж суудаг хэрнээ хаанаас, юунаас нь тасалж, татаж танах гээд байгаа нь бас л сонин. Болж бүтэж, өгч, авч хэвшсэн, бас ч үр өгөөж нь харагдаад эхэлсэн ажлаа “Хог хаягдлын шинэ менежмент” гэх нэрээр бусниулах нь мэдээж амархан л даа.
Гэхдээ “Азийн цагаан дагина” дотор “заларсан” хог хаягдлаа ачихад зарцуулах таван тэрбум төгрөг гэдэг бага мөнгө бишсэн, уг нь.
Эх сурвалж: