Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг болон МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөгийн эдийн засаг, ажилгүйдэл, тэтгэмжийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэд “2014 онд ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 56 хувиар нэмэгдсэн. 260 орчим мянган иргэн цалингийн зээлтэй, хүн амын орлогын ялгаа 6.5 дахин нэмэгдсэн ийм нөхцөлд МАН Засгийн газарт хамтрахаар болсон” гэдгийг онцолсон юм. Улмаар эдийн засгийн өсөлт 17.5 хувьтай мандаж явах үеэс өдгөө огцом буурч 7 хувьд ч хүрэхгүй байгаа асуудалд бодитоор хандаж, зөв шийдэл олох хэрэгтэй гэдгийг хэлэв. Энэ үеэр Сангийн сайд, Ж.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой гэх шүүмжлэл өрнөж байгаа. Цаашдаа цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?
-Гол нь бага цалин, тэтгэвэр авдаг хүмүүсийнхийг нэмнэ. Гэхдээ иргэдийн хүсч байгаа төвшинд хүртэл цалин тэтгэврийг нэмж чадахгүй. Тийм боломж байхгүй. Тодорхой хэмжээнд нэмэх эх үүсвэрийг УИХ-аар баталсан. Энэ эх үүсвэрийн хүрээнд л нэмнэ гэсэн үг. Цаашид эдийн засгийн нөхцөл боломжийг дээшлүүлсний дараа цалин тэтгэврийг нэмэх арга хэмжээг нэн тэргүүнд авна.
-Цалинг хэд орчим хувиар нэмэх боломжтой вэ?
-Хамгийн бага цалин авдаг хүний цалин тэтгэвэр 15 орчим хувиар нэмэгдэх байх. Харин өндөр цалинтай хүнийх 10 орчим хувиар нэмэгдэх болов уу.
-Сар шинийн баяр ойртож байгаа энэ үед орон нутгийн зарим төрийн байгуулагын цалин буухгүй байна гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Ийм зүйл огт байхгүй. Сангийн яамнаас санхүүжилтийг 100 хувь олгоод явж байгаа.
З.Заяа