БНСУ-ыг зорьсон олон Монгол залуу эх нутагтаа ирж, сурсан мэдсэнээрээ улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тэдний нэг бол дуучин С.Гантогоо. Гэрээгээр ажиллаж байсан Монгол залуу БНСУ-ын тайзан дээр дуулаад зогсож байна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Тэгвэл С.Гантогоо үүнийг л хүсч мөрөөдсөн. Одоо тэрээр өөрийн анхны бие даасан цомгоо гаргахаар амс хийх завгүй ажиллаж байна. Энэ үеэр түүнтэй уулзаж, шинэ цомог, шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. “Над шиг мэдэр” нэртэй шинэ уран бүтээл нь олны хүртээл болоод байна. Энэ уран бүтээл дээр хэнтэй хамтран ажилласан бэ?
-Монголдоо гаргаж буй анхны цомогт багтсан “Над шиг мэдэр” дуугаа өнгөрсөн долоо хоногт сонсогчдын хүртээл болголоо. Сэтгэл маш өндөр байна. Олон хүний хичээл зүтгэлийн үр дүнд эхний дуугаа амжилттай олны хүртээл болголоо шүү дээ. Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Халиун ах миний продюсероор ажиллаж, Монгол контентын хамт олонтой хамтран ажиллаж байна. Сайн уран бүтээл төрүүлэхийн тулд бүгд нэг сэтгэлээр ажиллаж байгаа тул итгэлийг нь алдахгүйг хичээж байна. БНСУ-д Олон Улсын дуулаачдын байгууллагад ажиллаж байсан туршлага минь Монгол контентын хамт олонтой баг болон ажиллахад их тус болж байна.
“Над шиг мэдэр” дууны бүжгийг “Аймар продакшний залуустай хамтран дэглэж, клипэнд тоглох бүжигчдээ шалгаруулсан. Мөн цомгийн эхний дуу ямар байх вэ гэдгийг Н.Халиун ахтай, багийнхантайгаа ярилцаж байгаад “залуу уран бүтээлчтэй хамтарч ажиллая” гэсэн шийдэл гарч хөгжмийн зохиолч Н.Тэмүүлэн, ZZ хоёртай хамтран ажилласан.
-“Над шиг мэдэр” дууны клипийг үзсэн. Эрч хүч мэдрэгдэж байсан. Гэхдээ үгийг С.Гантогоо гэж бичсэн байх шиг харагдсан. ZZ үгийг нь зохиосон юм уу?
-ZZ-гээс дууны үг аваагүй дуучин Монголд цөөхөн байдаг байх. Гайхалтай авьяастай залуу. Гайхалтай ч шүлэг бичиж өгсөн. Түүн дээр Шинээ бид хоёр ажиллаж, бага зэргийн өөрчлөлт хийсэн байгаа. Тийм болохоор л өөрийнхөө нэрийг багтаасан юм. Түүнээс “Над шиг мэдэр” дууны үг бол ZZ-ийнх.
-Шинэ цомогт ямар уран бүтээлүүд багтаж байгаа вэ. Тэсрэлт хийх төлөвлөгөө байна уу?
-Ямартай ч эхний уран бүтээлээ цацлаа. Одоо дараа дараагийн уран бүтээлдээ анхаарлаа хандуулж байна. Орчин цагийн залууст ямар дуу таалагдаж байна вэ, тэд юуг сонсохыг хүсч байна вэ, мөн би өөрөө юу дуулахыг хүсч байгаа вэ гэдгийг л уран бүтээлүүддээ шингээнэ дээ. Ер нь залуусыг зөв зүйлд уриалсан агуулгатай уран бүтээл түлхүү хийхийг эрмэлзэж байна.
-Монгол контентынхонтой болон продюсер Н.Халиунтай хэрхэн холбогдож, хамтран ажиллахаар болсон бэ?
-Монгол контентынхон залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг. Энэ шугамаар анх холбогдсон. Монгол контент уран бүтээлч, продюсер хоёулантай нь гэрээ байгуулсан. Ингээд л уран бүтээлийн ажилдаа орчихсон явж байна. Би өөрийгөө азтай гэж боддог. Харин энэ азтай байх шалтгааныг би өөрөө л бүтээсэн. Намайг гудамжинд зүгээр алхаж байхад “Чи Монгол контентын уран бүтээлч болох уу” гэж санал тавиагүй. Нөгөө талаас аз гэдэг зүйлийг хөдөлмөрлөж байж л олж авдаг гэж хэлэх гээд байна л даа. Би өөртөө “азтай байхын тулд улам л илүү хөдөлмөрлө” гэж байнга хэлдэг. Мундаг хамт олонтой хамтран ажиллаж байна. Сайхан үр дүн, сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би азтай залуу шүү дээ. Мөн түүнийхээ төлөө хөдөлмөрлөж байна.
-Таны амьдралаас сэдэвлэсэн баримтат киног Солонгосын уран бүтээлчид хийж, зарим зураг авалтыг Монголд, тэр дундаа таны төрсөн нутаг Хөвсгөл аймагт авч байсан санагдаж байна. Энэ кино юу болсон бэ. Нээлтээ хийсэн үү?
– “Ганаагийн түүх” нэртэйгээр анх хийгдэж байсан баримтат кино маань “Шар автобус” нэртэй болсон. Нээлтээ хараахан хийгээгүй байгаа. Хяналтын үзлэгийн шатанд явж байгаа. Эхлээд БНСУ-ын үзэгчдийн хүртээл болох байх. Үүний дараа мэдээж, Монголдоо, Монголынхоо үзэгчдэд киногоо хүргэнэ. Аль нэг телевизээр гаргах уу, эсвэл кино театрт өдөрлөг хэлбэрээр зохион байгуулж олон нийтэд хүргэх үү гэдгээ бодож л байна. Залуус үзээд урам зориг аваасай, эерэг нөлөөлөл үзүүлээсэй гэж хүсч байгаа. Киноныхоо дуунуудыг би өөрөө дуулсан. Энэ дуунуудаа цомогтоо оруулах хүсэлтэй байгаа.
-Киноны зураг авалт хийхээр нутагтаа 12 жилийн дараа очсон гэж дуулсан. Далай ээж хүүгээ хэрхэн угтан авсан бэ. 12 жилийн дараа нутагтаа очсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Үнэхээр гайхалтай байсан. Дунд сургуулиа төгсөөд оюутан болсноос хойш нутагтаа очоогүй юм. Харин өнгөрсөн зун баримтат кино хийх аз завшаанаар нутагтаа очоод ирсэн. Кино багийнхан шар автобусаар Хөвсгөл рүү явсан юм. Тэгсэн би Солонгосчуудтай адилхан “хөөх, ваав, яасан гайхалтай байгаль вэ” гэж гайхаж, биширсээр явсан. Их хөөрсөн шүү. (инээв)
Нутгийн иргэд маань биднийг халуун дотноор хүлээн авч, гайхалтай мэдрэмжийг төрүүлсэн. Төрөлх сургууль, аймаг, сумын захиргаа гээд маш сайхан хүлээн авсан. Энэ дашрамд хоймор нутгийн зон олондоо баярласан талархсанаа илэрхийлмээр байна.
-С.Гантогоог “яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дараагаас шинэ уран бүтээлээр бөмбөгдөх болов уу гэсэн хүлээлт үзэгчдэд байсан байх. Одоо уран бүтээлүүдээ хүлээлгэхгүй олны хүртээл болгоод явна биз дээ?
-Мэдээж удаан хүлээлгэхгүй байхыг л хичээж ажиллана. Цомгийнхоо эхний дууг хүргэчихлээ. Дараа дараагийн уран бүтээлүүд удахгүй цацагдаад эхэлнэ. Мөн энэ ондоо багтааж цомгоо гаргана гэсэн шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Цомог, дуу гээд завгүй гүйсээр хувийн амьдралаа хойш тавиад байгаа юм биш биз. Найз охинтой болсон уу?
-Мөрөөдлийнхөө төлөө хичээн ажиллаж байна. Бас миний мөрөөдлийг бодит болгохоор олон хүн ажиллаж байгаа. Энэ олдох боломжийг тултал нь ашигламаар байна. Найз охинтой болох, гэр бүлийн амьдрал зохиох бол цаг хугацааны л асуудал. Одоогоор уран бүтээлдээ анхаарлаа хандуулъя гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ амьдралд гэнэтийн зүйл олон. Хэн нэгэн их ажлын дундуур гараад ирэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Хорин жил хүсч, мөрөөдсөн зүйлийнхээ төлөө тэмүүлээд явж байгаа болохоор гэнэтийн зүйлийн тухай одоогоор бодож амжаагүй байна. Тоглолтоо хийх юмсан, цомгоо гаргачих юмсан гээд л зүтгэж байна. Түүний дараа бүх зүйл болно оо.
-Таныг мөрөөдлийнхөө төлөө зүтгэж, олон залууд эрч хүч, урам зориг өгч байгаа гэж би хувь даа боддог. Мөрөөдөлтэй байх, мөрөөдлийнхөө төлөө зүтгэх талаар залуусдаа хандаж зөвлөгөө өгөхгүй юу?
-Би одоо ч гэсэн суралцсаар яваа. Яавал зөв амьдрах вэ том ухагдахууныг судалсаар л явна. Залуусдаа хандаж хэлэхэд, хичээл зүтгэл хамгийн чухал. Би Солонгост амьдарч байхдаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө өөрөө зүтгэж, хөдөлмөрлөх ёстой гэж ойлгон бусдаас хараат байдал, хандлагдаа өөрчлөлт хийсэн. Би хохирогч биш хожигч байх ёстой гээд л урагшаа алхсан. Эхлээд амьдарч байгаа орныхоо “хэлийг суръя” гээд энд тэндгүй шинэ үг нааж эхэлсэн дээ.
Хүн өөртөө л найдах хэрэгтэй. Аав, ээж чинь чамайг төрүүлж, өдий зэрэгтэй хүн болгож өсгөсөн. Одоо цаашид яаж амьдрах, ямар хүн болох вэ гэдэг нь чиний, хувь хүний л хийх алхам юм. Нэг ч алхаж үзээгүй байж шантарчихсан байгаа залуусыг харахаар урам хугардаг. “Яах гэж Монголд төрсөн юм бэ. Гадагшаа л гарч амьдрах юмсан” гэж бодож явдаг залуус олон болжээ. Би ч тэдний нэг байсан. Гэвч зорилгоо, мөрөөдлөө урдаа тавиад хөдөлмөрлөвөл хаана ч амьдрах боломжтой. Гол нь шантрахгүй л зүтгэх хэрэгтэй. Хүсэл мөрөөдлөө битгий орхи. Би багаасаа л дуучин болохыг хүссэн. Гэхдээ газар зүйн багш мэргэжилтэй. Мөн Солонгост гэрээгээр ажиллаж байсан. Энэ бүх хугацаанд дуучин болох мөрөөдлөө огт орхиогүй. Мөн хоосон мөрөөдөөд суугаагүй. Мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөсөн учраас л өнөөдөр та бид хоёр миний шинэ уран бүтээлийн тухай, цаашид хийгдэх уран бүтээлүүдийн минь талаар яриад сууж байна шүү дээ. Дахиад хэлье, Азтай байхыг хүсвэл хөдөлмөрлөх л хэрэгтэй.
Г.Нараа