Налайх дүүрэг нийслэлийн дагуул хот болох нь тодорхой боллоо

amarsaihan1          Налайх дүүргийн иргэдийн хувьд өчигдөр хариуцлагатай гэмээр санал асуулгад оролцсон өдөр байлаа. Учир буюу гэвэл НИТХ-аас шийдвэр гарган Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал авах ажиллагааг эхлүүлэхээр болж Налайх дүүрэг иргэдийн санал асуулгыг өчигдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 07:00-21:00 цаг хүртэл санал асуулгыг авсан. Тус дүүрэг 34 мянга 575 иргэнтэй бөгөөд санал өгөх нэрсийн жагсаалтад 19 мянга 535 иргэн бичигдсэн байна. Үүнээс санал асуулгад 62.3 хувь нь буюу 12 мянга 180 иргэн санал өгснөөс 96.1 хувь нь буюу 11 мянга 708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжжээ. Харин 3.1 хувь буюу 374 иргэн “Үгүй” гэсэн санал өгсөн бол 0.8 хувь буюу 98 иргэний санал буруу дугуйлагдсан тул хүчингүйд тооцжээ. Харин Багануур дүүргийн хувьд Хот байгуулах санал авах ажиллагаа өнөөдөр /01.22/ 08:00-20:00 цаг хүртэл үргэлжлэх тул тус дүүргийн иргэд харьяа саналын хэсэгтээ очиж саналаа өгч болох аж.

Ингэснээр Налайх дүүргийн иргэдийн олонхийн саналаар тус дүүрэгт хот байгуулах асуудлыг дэмжсэнд тооцож дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа юм.

Налайх дүүргийг бие даасан дагуул хот болгох хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, бие даан хөгжих боломжийг олгох асуудлыг НИТХ-ын төлөөлөгч Сайнбуянгийн Амарсайхан санаачлан өөрийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан бөгөөд түүний санаачлага, оролцооны үндсэн дээр өдгөө энэхүү ажил нь бодитойгоор хэрэгжихээр болж байгаа нь энэ юм. Налайх дүүргээс нийслэлийн ИТХ-д сонсогдсон тэрээр анх санаачлан Нийслэлийн Налайх дүүргийг “ЭКО НАЛАЙХ ДАГУУЛ ХОТ” болгон хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг боловсруулж НИТХ-ын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өнгөрсөн зун буюу 2014 оны 6 сард өргөн барьсан байдаг. Энэхүү асуудлыг өнгөрсөн 2014 оны аравдугаар сарын 04-нд хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн, хөтөлбөрийг бүхэлд дэмжиж НИТХ-аас ажлын хэсэг гарган уг хөтөлбөрийг нарийвчлан судалж НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлахаар шийдвэрлэсэн байдаг.

     Тэгвэл энэ ажлын үр дүн болж өдгөө Налайх, Багануур дүүргийн иргэдийн дунд амьдарч байгаа дүүрэгтээ хот байгуулах асуудлаар санал асуулга явуулж, Налайхчууд 96.1 хувьтайгаар дэмжээд байна. Одоо харин санал асуулгын үр дүнд үндэслэн НИТХ-ын тогтоолоор дээрх хоёр дүүргийг Нийслэлийн дагуул хотын статустай болох юм бол НАЛАЙХ, БАГАНУУР хотын иргэд өөрсдөө хотын дүрмээ нийт иргэдийн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгээр батлан, улмаар Хотын захирагчаа ч нийт иргэдийн саналаар сонгож, хотынхоо нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаа бие даан шийдвэрлэж, эрчимтэй хөгжих боломж бүрдэх бололцоотой. Ингэснээр цаашид иргэд сонгогчид хотын удирдлага, албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тогтолцоо ч ил тод, ойлгомжтой болж, амьдарч байгаа иргэдийнхээ оролцоонд тулгуурлан хот өөрөө  бие даан хөгжөөд явах боломжтой гэдгийг НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан өөрийн өргөн барьсан “НАЛАЙХ ДАГУУЛ ХОТ” төсөлдөө тусгасан юм байна.
              Налайх дүүрэг Налайх хот болж, үйлдвэр технологийн паркын төсөл тэргүүтэй олон төсөл хөтөлбөрүүд шат дараатай хэрэгжиснээр Налайх хотод олон мянган ажлын байр удахгүй бий болох нь тодорхой болж байгаа юм. Налайх дүүрэгт хот байгуулсанаар өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65 мянга орчим хүн амтай хот болон хөгжих бололцоотой гэдгийг С.Амарсайхан Налайх дүүргийг дагуул хот болгох төсөлдөө тусгажээ.

Ийнхүү Налайх дүүрэг нийслэлийн дагуул хот болох нь тодорхой боллоо. Өөрсдийнхөө санал асуулгын үр дүнд дүүргээ хот болгосон Налайхчууддаа баяр хүргэе.

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …