Манай улс жил бүр цэвэрлэх шаардлагатай ойг цэвэрлэх норм тогтоож, хуваарийн дагуу ажилладаг. Ийм хуваарийг салбарын сайд нь тушаал гарган мэргэжлийн байгууллагуудад даатгаж гэрээ үзэглэсэн байдаг. Харин ойн цэвэрлэгээ гээчийг зарим нэг нөхдүүд буруугаар урвуулан ашиглаж байгаа бололтой. Тодруулбал энэ сарын 14-ны оройн 22 цагийн орчим Шар хадны эмнэлэгийн ойролцоо мод ачсан 30 гаруй тэвш модыг хот руу оруулж ирэх гэж байгаа бололтой хүлээгдэж байсан юм. Хэсэг залуус тэднийг хулгайгаар мод тээвэрлэж байгаа гэж бодон цагдаад дуудлага өгсөн байна. Гэвч цагдаа нь ямар нэг шалтаг хэлэн ирэхгүй удаад байсан болохоор залуус цагдаа нарыг өөрсдийнхөө машинаар зөөж нягтлуулсан байна. Тэгэхэд эдгээр зулзган модыг ойн цэвэрлэгээний ажлын хүрээнд цэвэрлэсэн бөгөөд хулгайн бус албан ёсных гэдгийг хэлсэн байна. Хоёр компани Горхи Тэрэлжийн дархан цаазат газарт 100 га талбайд ойн цэвэрлэгээ хийж байгаа нь энэ гэнэ.
Цэвэрлэх шаардлагатай ой гэдэг нь унасан, хатсан, түймэр өртсөн, хорхойд идүүлээд үхсэн мод бүхий талбайг хэлж байгаа юм. Харин ойн цэвэрлэгээ гэдэг нь ойн түймэр хөнөөлт шавьжид нэрвэгдэн үхсэн, хүчтэй салхи шуурга, их цасанд өртөн амьдрах чадваргүй болон үхжиж унасан хуурай мод, гишүү мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг ойгоос гаргахыг хэлдэг. Харин таны харж байгаа эдгээр мод үнэхээр ойд ургах боломжгүй болоод тасдуулсан уу? гэдгийг уншигч та бүхэн зургаас хараад дүгнэх биз.
Дээрхи моднуудыг мөнгөний төлөө улайрсан нэгний золиос болсон уу? үгүй юу гэдгийг БОНХАЖЯ, Цагдаагийн байгууллага, МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч шалгаж байгаа ажээ. Шалгаж байгаа болохоор мэдээлэл өгөх боломжгүй. Харин шалгаж дуусаад мэдээлэл өгөх болно гэдгийг хэлж байлаа.
Ойн цэвэрлэгээний ажлын хүрээнд нэг ширхэг нойтон мод огтлох ёсгүй бөгөөд үүнд Мэргэжлийн хяналтын газар, цагдаа, байгаль хамгаалагчид болон салбарын яам нь хяналт тавин ажилладаг. Харин зохион байгуулалт сул байвал хулгайн мод бэлтгэгчдэд таатай боломжийг олгох болно. Нөгөө талаас хулгайгаар мод бэлтгэдэг нөхдүүдийн арга улам нарийсч байгаа. Хулгайгаар мод бэлгэгчдийн хувьд хот руу орж ирдэг нууц зам, ирээд нийлүүлдэг нөхдүүд гээд сүлжээ болсон байдаг. Үүнийг мэддэг ч зарим нэг төрийн албан хаагч хуйвалдсан байх магадлалтай.
Юутай ч хянаж шалгах байгууллага нь тодруулж байна, шалгаж байгаа гээд тайлбар өгөхөөс халгааж байна. Үнэхээр хулгайгаар мод бэлтгээд байна уу? цэвэрлээд байна уу гэдгийг бид эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: https://www.dorgio.mn/