Монгол Улс Дэлхийд маш идэвхтэй тоглогч болон гарч ирлээ

ebee nub НҮБ Монгол Улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг дэмжиж хамтарсан тунхаглал гаргасан нь Монгол Улсын сүүлийн зуунд олсон хамгийн том ололт амжилтын нэг байлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад анх удаа айлчилж буй НҮБ-ын 67 дугаар Ерөнхий ассамблейн дарга, ноён Вук Еремич өчигдөр бараалхлаа. Үүний дараа тэд хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

Хэвлэлийн бага хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. НҮБ-ын 67 дугаар Ерөнхий ассамблейн дарга анх удаа Монголд түүхэн айлчлал хийж байгаад би туйлын баяртай байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн болсноос хойш хагас зуу гаруй жил өнгөрлөө. Монгол Улс бол НҮБ-ын их идэвхтэй, чухал гишүүдийн нэг байсаар ирсэн, цаашид ч тийм байх болно гэдгийг хэлье. НҮБ-ын зүгээс олон төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулж биднийг дэмжиж ирсэн. Би нэг зүйл нэмж хэлэхэд, 1990 оноос хойш Монгол Улсын хийсэн түүхэн шилжилтийг НҮБ-ын зүгээс дэмжиж, бидэнд байнгын туслалцаа үзүүлж ирсэнд гүн талархал илэрхийлье.

НҮБ-ын сүүлийн үед гаргасан чухал шийдвэрүүдээс гурван зүйлийг тэмдэглэж хэлье. Ноён Вук Еремичийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргаар ажиллаж байх үед НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон Монгол Улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг дэмжиж хамтарсан тунхаглал гаргасан явдал бол үнэхээр НҮБ-ын гишүүний хувьд Монгол Улсын сүүлийн зуунд олсон хамгийн том ололт амжилтын нэг байлаа. Энэхүү хамтарсан тунхаглалд 2012 оны есдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотод гарын үсэг зурсан юм.

Монгол Улсын талаар НҮБ-ын Ерөнхий ассамблей, Хүний эрхийн зөвлөл, АОХН-ээс баталсан тунхаг, баримт бичгүүд гарч, НҮБ-ын зургаан хэлээр хэвлэгдсэн байдаг. НҮБ-ын Ерөнхий ассамблейг ноён Вук Еремичийг даргалж байх үед Монголын санаачлагыг дэмжиж НҮБ-аас ардчиллын боловсролын талаар тусгай тогтоол баталсан. Энэ тогтоолын биелэлтийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхий ассамблейд хоёр жил тутам тайлагнадаг, ийм чухал тогтоол гэдгийг тэмдэглэж хэлье.

Энэ зургадугаар сарын 5-нд Монгол Улс Дэлхийн байгаль орчны өдрийн Дэлхийн зочноор сонгогдож энэ өдрийг тэмдэглэсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн захирал Монголд айлчилж энэ өдрийг бид хамтдаа тэмдэглэж, байгаль орчны асуудлаар хэлэлцэж маш чухал шийдлүүдэд хүрсэн. Монгол Улсын Их Хурал НҮБ-аас гарсан хоёр ч чухал шийдвэрт нэгдсэн орсон. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон. Мөн НҮБ-ын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсон байдаг.

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийг та бүхэн сайн мэднэ. Өнгөрсөн жил Өмнөд Суданд бүтэн батальон илгээсэн. Бид хамтран дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаадаа баярладаг.

Бид хоёр шийдвэрийг санаачлаад явж байгааг та бүхэнд хэлье. НҮБ-аас усны асуудлаар бие даасан шийдвэр, конвенц гаргая. Мөн архины буруу хэрэглээг багасгахтай холбогдсон шийдвэр гаргая гэсэн манай хоёр санаачилга явж байгаа. Эдгээрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн зүгээс дэмжиж байгаад их баярлалаа.

Ноён Вук Еремич НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргын хувьд Монгол Улсад анх удаа айлчилж байна. Танд тавтай морилж, айлчлалаа үргэлжлүүлэхийг хүсэн ерөөе. Баярлалаа” гэв.

Монгол Улсын санаачлагаар гаргасан зоримог алхам, санаачилга нь дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ, дуурайлал болох ёстой гэж үздэг

nubbb НҮБ-ын 67 дугаар Ерөнхий ассамблейн дарга, ноён Вук Еремич хэлсэн үгэндээ “Баярлалаа, ноён Ерөнхийлөгч өө. Би НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргын хувьд танай сайхан оронд анх удаа айлчилж, түүхэн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Монгол Улс дэлхийн талбарт, олон улсын хөгжлийн талбарт маш идэвхтэй тоглогч болон гарч ирээд байна. Миний бие НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргаар өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд томилогдохдоо Монгол Улсын оролцоотой, дэлхийд түүхэн чухал ач холбогдолтой тогтоолыг баталж ажлаа эхлүүлсэндээ туйлын их баяртай байдаг. Монгол Улсын хувьд болон дэлхийн аюулгүй байдал, энх тайвны хувьд маш чухал ач холбогдолтой энэ тогтоол нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг НҮБ-ын бүх гишүүн орнууд, Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орон, дэлхий нийтээр хамтад нь хүлээн зөвшөөрүүлсэн тогтоол болсон юм. Монгол Улсын санаачлагаар гаргасан энэхүү зоримог алхам, санаачилга нь дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ, дуурайлал болох ёстой гэж бид үздэг. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар баталсан бас нэг чухал тогтоол бол Монгол Улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АОХН-ийг даргалах явцдаа гаргасан ололт амжилтуудын талаар байсан юм.Энэ тогтоолыг бас л бүх гишүүдийнхээ буюу дэлхийн бүх улс орнуудын нэгдсэн зөвшилцлөөр хүлээн зөвшөөрч баталсан юм. Энэ тогтоол нь Монгол Улсын өнөөдөр дэлхийд эзэлж байгаа байр суурь, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийгээс Монголд үзүүлж байгаа хүндлэл, тэр нэр хүндийг илэрхийлсэн чухал тогтоол болсон юм. Монгол Улсын энхийг сахиулах үйлажиллагаа, хүний эрхийг хангах, байгаль орчныг хамгаалах зэрэг чиглэлээр гаргасан олон санал санаачлагыг дэлхий хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Эрхэм Ерөнхийлөгч өө, НҮБ-ын Ерөнхий ассамблейн нэрийн өмнөөс энэ бүх чиглэлээр Таны гаргаж байгаа тууштай манлайлалд талархаж баяр хүргэе. Таны гаргасан ирээдүй рүү харсан, ирээдүйгээ бодсон нэн чухал санаачлагыг би энд цохон тэмдэглэмээр байна. Энэ бол Архины эсрэг конвенцтой болох асуудал. Таны гаргасан энэхүү санаачлагыг бусад улс орнууд сайтар судаж, талархан дэмжиж хүлээн авна гэдэгт итгэж байна.

Эрхэм Ерөнхийлөгч өө,ирээдүйд, цаашдаа энэ конвенцийг баталж,хүчин төгөлдөр мөрдөх баримт бичиг болгохын төлөө Тантай би хамтарч ажиллахад бэлэн байна. Надад халуун дотно сайхан сэтгэлээр хандаж, Монгол Улсын өнөөгийн байдал, цаашдын төлөв, зорилтын талаар танилцуулсан Танд баярлалаа.

Монгол Улс хурдан өсөлттэй эдийн засагтай орон. Түүнээс гадна авлигатай маш амжилттай тэмцэж байгаа орон гэдгийг таньж мэдэж, олон улсын байгууллагуудын статистик мэдээгээр эдгээр нь нотлогдож байгаатай танилцахад надад таатай байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталж Монгол Улсын үндсэн чиглэлүүдээр гаргасан, манлайллын чанартай, дэлхийн тэргүүнд яваа эдгээр санаачлагаар НҮБ-аас гаргасан тогтоолын эх хувийг би Танд гардуулъя” хэмээгээд Монгол Улсын Ерөнхийлөгчид тогтоолуудыг гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тогтоолуудын эхийг хүлээн аваад “Сэтгэл хөдөлмөөр сайхан мөч тохиож байна. НҮБ-ын зүгээс Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тунхаглан баталж хамгаалсан, олон улсад зарласан ийм шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон гаргана гэдэг бол манай олон үеийн дипломатчид, олон үеийн төр, засгийн удирдлага хүсч мөрөөдөж байсан зүйл. Үүнийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ерөнхийлөгч нь өөрөө ирж гардуулж өгч байгаа нь үнэхээр түүхэн үйл явдал юм. Монголын санаачлагаар НҮБ-аас гаргасан олон шийдвэрийг хүлээлгэн өгсөнд их баярлалаа” гэсэн юм. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

МҮОНТ-ийн сэтгүүлч Р.Гандиймаа:

– Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хувьд олон улсын тавцанд Монголынхоо нэр хүндийг хүргэх, мөн дэлхий дахины аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн талаар байр сууриа илэрхийлж хүчин чармайлт тавьдаг Ерөнхийлөгч. НҮБ-ын зүгээс цаашдаа Монгол Улстай ямар чиглэлээр тодорхой хөтөлбөрүүдээр ажиллах вэ. Сая Архины эсрэг конвенцийн талаар дурдлаа. Монгол Улсын хувьд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Авлигатай тэмцэхэд хүчин чармайлт гаргаж байгаа. Энэ чиглэлээр НҮБ-ын хүчин чармайлт, хамтын ажиллагааг Та тодорхойлно уу.

– Хоёрдугаарт, Таныг манай Ерөнхийлөгчтэй адилхан Харвардын их сургууль төгссөн гэж сонссон. Танай сургуулийг төгсөгчид дэлхийн улс төр, эдийн засагт бодлого тодорхойлоход ямар үүрэгтэй ажилладаг вэ. Тухайлбал, таны ажилладаг НҮБ-д Харвард төгсөгч хэр олон байдаг вэ?

Вук Еремич:
-Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг тодорхойлоход манай хамтын ажиллагаа үнэхээр олон талтай өрнөж байгаа. Монгол бол маш олон талбарт идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байгаа орон. Миний даргалдаг Ерөнхий ассамблей 193 гишүүн оронтой. Бусад бүх гишүүн орнуудын явуулж байгаа үйл ажиллагаа, бодлогын талаар би тун нарийн мэдээлэлтэй байгаа. Тэдний дундаас Монгол орон үнэхээр цоройж байгаа. Бусадтай харьцуулахын аргагүй ерийн бус идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа орон гэж хэлж болно. Монгол Улс дэлхийн хариуцлагатай иргэн болохын төлөө, энэ үйлстээ манлайлахын төлөө ажиллаж байгаа орон гэж хэлж болно. XXI зуунд НҮБ-ын гишүүн, энэ цэнхэр гаригийн орон болгон бусдынхаа замнасан замаар хөгжлийн төлөө явж байгаа.

Улс төр болгон орон нутгийн чанартай гэж улстөрчид ярьдаг. Гэхдээ XXI зуунд орон нутгийн чанартай гэгдэж байсан тэр улс төр дэлхийн чанартай болж байна. Шинэ зуунд дэлхийн үйл хэргийг, дэлхийн аж байдлыг сайн таньж мэдэхгүйгээр аливаа нэг улс дангаараа хөгжинө, дангаараа амжилтад хүрнэ гэж бодож болохгүй. Энэ бол жижиг орнуудын хувьд туйлын үнэн юм. Ялангуяа Монгол Улс, эсвэл миний төрөлх эх орон Серб мэт жижиг орны хувьд энэ бол туйлын үнэн.

Гэхдээ жижиг орнуудыг агуу болгодог, том болгодог зүйл юу вэ гэхээр тэдгээр орны дэлхийд эзлэх байр суурь, дэлхийн нэр төр, нэр хүнд байдаг. Энэ утгаараа Монгол бол том байр суурьтай орон.

Харвардын их сургууль төгссөн тухай ярихад туйлын таатай байна. Би “ангийнхаа хүүхэдтэй” зэрэгцээд сууж байна. Бид хоёр нэг ангид сурч байсан. Эрхэм Ерөнхийлөгч бол манай ангийн хамгийн мундаг сурдаг “хүүхдийн” нэг байсан. Хэдэн сарын өмнө би сургууль дээрээ очиж лекц уншсан. Тэгэхэд намайг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа сургуулийнхаа халуун мэндийг дамжуулаарай гэсэн. Тэгээд би Харвардын их сургуулийнхаа багш, ажилтнуудын мэндийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид хүргэж байна.

НҮБ болон бусад дэлхийн олон байгууллагад манай төгсөгчид ажиллаж байгаа. НҮБ-ынЕрөнхий нарийн бичгийн дарга бас манай төгсөгч. Дэлхийн олон орны Гадаад хэргийн сайд нар бас манай төгсөгчид байдаг. Олон улсын бизнесийн байгууллагын удирдлагуудад бас бий. Бид нийлээд хамтдаа дэлхий даяар их сайхан сүлжээг бүрдүүлж чадсан. Дэлхий даяар тархсан энэ сайхан хамт олны маань нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилладагт бид маш их баярлаж бахархдаг. Харвардын оюутан, Харвардын төгсөгчийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй ажил, Монгол Улсын гаргасан амжилтад маш их талархаж явдаг.

Ц.Элбэгдорж:
-Их баярлалаа, эрхэм дотнын хамгийн сайн найз, НҮБ-ын Ерөнхий ассамблейн Ерөнхийлөгч Вук Еремичдээ маш их баярлалаа. Олон улсын хэмжээнд НҮБ-ын Ерөнхий ассамблейг даргалах, тэргүүлэх энэ гайхамшигтай үйл хэрэгт нь улам их амжилт хүсэн ерөөе.

Би үнэхээр их баярлаж байна. НҮБ-аас гаргасан хоёр шийдвэр орос, хятад, англи, франц, испани, араб зургаан хэл дээр ирсэн байна. Зургаан хэл дээр гаргасан Монгол Улсын Аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй бүсийн статусыг баталсан хамтарсан тунхаглал, ардчиллын асуудлаар гаргасан тогтоолыг хүлээж авлаа. Үнэхээр түүхэн баримт бичиг байлаа. Их баярлалаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Найзтайгаа уулзах цаг маш бага байлаа. Сонгуулийн үеэр ч улс орны амьдрал явж байх ёстой” гээд уулзсан завшаанаа ашиглан үдийн хоолонд орохоор ангийн андын хамт Сүхбаатарын талбайгаар алхсан юм.

Эх сурвалж: www.president.mn

Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг батлалаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. …