А.Ариунболд: Байрны м2-аас 3.5 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байна

olloo_mn_1424658025_ariun1Барилгын компаниуд байрны метр квадратыг дутуу олгож иргэдийг хохироосон. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ талаар арга хэмжээ авч иргэдэд байрны метр квадратын үнийн зөрүүг иргэдэд олгохоор болсон. Гэтэл зарим компани одоог хүртэл зөрүү мөнгийг иргэдэд олгохгүй луу унжиж байгаа юм. Ямар учраас олгохгүй байгаа талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга А.Ариунболдоос тодрууллаа.

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг шүүхийн хаалга татуулсан нэг асуудал бол байрны ам.метр талбайн зөрүүтэй холбоотой гомдол. Олон хүн хохирогч болсон. Өнөөдрийг хүртэл хохирлоо барагдуулаагүй компани бий. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Байрны ам.метр талбайн зөрүүтэй холбоотой гомдол 800 орчим ирсэн. Мөнгөн дүнд шилжүүлбэл 3.5 тэрбум орчим төгрөгийн хохирол иргэдэд учруулсан байна. Өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн хохирлыг хариуцагч тал иргэдэд олгосон байгаа. Нөгөө талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг хохирол барагдуулдаг газар гэдэг ойлголт суусан байна. Үгүй юм.
Иргэдээс ирсэн гомдлыг хянаж, буруутай этгээдийг хуулийн байгууллагын тусламжтайгаар олж, илрүүлж, хариуцагч талд уламжилж, шаардаж, эцсийн бүлэгт иргэдийн хохирлыг хариуцагчаас гаргуулах үүрэгтэй. Бидний зүгээс тухайн компанийн дансанд халдах, өмчийг нь хураах эрхгүй. Гэтэл зөрчилд хэрэг үүсгэх явцад зарим нэг нь маргаан үүсгэдэг. Тэдний зүгээс танай байцаагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн заавал мөрдөгдөх стандарт чинь хууль зөрчиж байна гээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргачихдаг. Үүнээс болж иргэдэд чирэгдэл үүсдэг, хэрэг шийдэгдэхгүй удах тохиолдол олон гардаг.
Зарим нь бүр он дамжих ч болдог. Нөгөө талаар шалгуулагч этгээдэд хуулиар төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрх нь нээлттэй байдаг. Тэр хүрээнд манай байгууллага, иргэний эрхийг хүндэтгэх учиртай.

– Мэргэжлийн байгууллага тухайн барилгыг баригдахаас нь дуустал хүртэл хяналт, шалгалт хийдэг. Харин Улсын комисс тэдний хяналтын дүнд зөвшөөрөл өгдөг. Гэтэл хэрэглэгчдэд очсон орон сууц нь асуудал болдог. Үүнд дээрх хоёр байгууллага буруутай болох нь гарцаагүй биш үү?
-Барилга баригдах анхны зурагнаас эхлээд газар нь зөвшөөрөлтэй юу гэдгээс эхлэн хяналтыг хийх ёстой. Мөн барилгын норм, дүрэм хэр хангагдаж байна вэ гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид хангуулж ажилладаг. Эцэст нь барилгын ажил дуусахад Улсын комиссын гишүүд хяналт тавьж хүлээн авдаг. Заавал мөрдөх стандартад заагдсанаар барилгын ам.метр талбайг хэмжих хэрэгтэй. Хэрэв анхнаас нь санаатай дутуу ам.метртэй барилгын зураг төслийг зөвшөөрч Мэргэжлийн хяналт нь зөвшөөрөл өгсөн бол тэр байгууллага буруутай. Үүнийг нь Улсын комисс хүлээн авсан бол бас буруутай.
Манай газрын зүгээс ийм зөрчилтэй барилгыг хүлээж авахгүй байхыг анхааруулсан, сэрэмжлүүлсэн бичгийг удаа дараа явуулсан. Яг ийм төрлийн зөрчил гаргасан 60 орчим компани бий. Тухайлбал, “Тайгам алтай”, “МД Тоф” зэрэг компанид гаргасан иргэдийн гомдол шүүхэд очсон. Гэмээ ухаарч иргэдийн гомдлыг барагдуулсан компани байгаа. Гэхдээ иргэд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Юун төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн мөнгөөрөө орон сууц худалдаж авч байгаа билээ. Түүнд хяналт тавих эрх нь иргэдэд нээлттэй шүү дээ. Гэтэл хэн хэндээ итгэсэн нэрийн дор эцэстээ өөрсдөө хохирогч болж байна. Тиймээс барилга ч гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт хийж, бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж байгаа бол эрсдэлийг тооцож, хяналт тавьж байгаасай гэж хэлмээр байна.

-Маргаантай асуудлын эцсийн үр дүн ямар байдаг юм бол?
-Дийлэнх компаниуд манай газраас өгсөн шаардлагыг биелүүлдэг. Ганц нэг нь маргаан үүсгэж, шүүхийн байгууллагад ханддаг. Компанийн зүгээс манай гаргасан шийдвэрийг үгүйсгэж, шүүхийн байгууллагад 30 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Манай зүгээс энэ хугацаанд тус байгууллагын эрхийг хангах үүднээс хүлээнэ. Хэрэв энэ хугацаа өнгөрвөл шаардлагыг албадан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тухайн компанийн гаргасан гомдол шүүхэд шилжвэл асуудал нь шүүхийн шийдвэрээр эцэслэгддэг.

-Хариуцлагын тогтолцоо харьцангуй сул байгаа нь аж ахуйн нэгжийг өөгшүүлэх үзэгдэл гэдэг?
-Хуульд заасан хариуцлагын тогтолцоо харилцан адилгүй. Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуульд заасан хариуцлага харьцангуй бага. Энэ хуулиар аж ахуйн нэгжийг 250-300, иргэнийг 60 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Өрсөлдөөний тухай хуульд заасан хариуцлага харьцангуй өндөр. Гэхдээ тухайн зөрчлөөс хамаарч харилцан адилгүй. Хамгийн ихдээ 10 сая хүртэлх төгрөгийн торгуулийн арга хэмжээ бий. Заалт нь томоохон аж ахуйн нэгж үгсэн хуйвалдаж нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл гаргасан бол борлуулалтын орлогын зургаан хувийг төр авах эрхтэй. Үүний жишээ бол шатахуун импортлогч аж ахуйн нэгжид ногдуулсан 17 орчим тэрбум төгрөгийн торгууль. Хэрэв тухайн аж ахуйн нэгж гаргасан зөрчлөө арилгахгүй, удаа дараа гаргавал тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох эрх нээлттэй.

Г.Сүрэн
Эх сурвалж:  olloo.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …