Ховд нутгийн Улсын сайн малчид шагналаа гардлаа

dc97b6d8fbf92fe5original“Фронтод 70 хул морь бэлэглэж байсан”

Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн Дарви, Мөст сумыг зориод ирлээ. Ховд аймаг нь Улаанбаатар хотоос 1600 км зайтай оршдог олон ястны өлгий нутаг билээ.  Ховдын баруун хязгаарт өвлийн тэсгэм хүйтэн уур амьсгал яльгүй зөөлөрч, хаврын урьтай золгожээ.  Харин ноён оргил Сутай хайрхан хүйтэн уур амьсгалыг улам мэдрүүлэх шиг дүнсийн харагдана. Цаст богд нь далайн түвшнээс дээш 4250 метрийн  өндөрт байрладаг, 60 км сунаж тогтсон ажээ.  Говь-Алтай аймгийн Тонхил, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын дунд оршдог Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг юм. Өндөр цаст уулсаа тойрон суугаа Ховд нутгийн зон олон амар тайван аж төрцгөөж байна.

Сар шинийн өмнө Монгол Улсын Засгийн газар Улсын сайн малчдыг тодруулдаг уламжлалтай.  XVII жарны Галзуурагч хэмээх модон хонь жилийн Улсын сайн малчнаар 70 хүнийг шалгаруулсны 4 нь Ховд нутгаас төржээ.  Энэхүү хүндтэй шагналыг гардуулахаар Боловсрол соёл, шинжлэх ухааны дэд сайд Я. Төмөрбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт хэвлэл мэдээллийн төлөөлөл Ховд нутгийг зорьсон нь энэ.  БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатараар ахлуулсан багынхан Дарви сумын малчин Р.Цэрэндорж, Мөст сумын малчин Ж.Төмрөөгийнд сайн малчны шагнал гардуулахаар хувиарлагдсан юм.

Бид сааталгүй давхиж Ховд аймгийн Дарви суманд хүрэлцэн ирлээ.  Зорьсон айл маань сумын төвөөс холгүйхэн Булаг баг буюу Ядмын ар гэдэг газар байдаг.  Биднийг очиход мал сүрэг нь гадуураа бэлчиж, сайн малчны баярыг хуваалцахаар олон зочид хүрэлцэн иржээ.  Малын тоо толгойгоо таван төрөл дээр өсгөсөн Р.Цэрэндоржийн Улсын сайн малчны шагналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт гардуулан өгсөн бол өргөмжлөлийг БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар уншиж танилцууллаа.  Мөн Ховд аймгийн Засаг дарга дарга Д.Цэвээндавран, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар өөрсдийн гарын бэлгийг өгөв. Түүнчлэн Дарви сумаас олон Хөдөлмөрийн баатар, Улсын аварга, сайн малчин төрөн гарсан нутаг аж.  Үүнийг нь нутгийн зон олон болоод аймаг орон нутгийн удирдлагууд онцолж байсан юм.  Дарви сумаас хоёр жил тутамд Улсын сайн малчин төрдөг өгөөжтэй газар ажээ.  Давичууд Р.Цэрэндоржийг “Элбэг цээеэ” гэж нэрлэдэг байна.  Учир нь гэр бүлийн хоёр үргэлж олонтойгоо байж, бусдад тусалж байдаг болохоор нутгийн иргэд ийн нэрлэдэг байна.   Эднийх хөдөөний айл гэхээргүй тохилог юм аа. Хаваржаандаа нэг давхар тоосгон байшин барьжээ.  Орчин үеийн малчин айл гэж энэ дээ хэмээн Р.Цэрэндоржийн цаагуур орох нөхдүүд цөөнгүй. Аргагүй л хөдөлмөрч хүмүүсийн нэг.

 Тэрбээр нэр хүндтэй шагналын эзэн болсон сэтгэгдлээ ийнхүү сэтгүүлчдэд хуваалцсан юм.  “Мал маань тарган тавлаг онд сайн орлоо.  Хань, ижил үр хүүхдүүдийнхээ буянд энэхүү амжилтад хүрлээ. Манайх 1500 гаруй малтай. Түүнээс 400 хонь, 100 гаруй ямаатай. Үлдсэн нь тэмээ, үхэр, адуу нийлсэн байгаа.  Мал маллаад 25 жил болж байна.  2007 онд аймгийн сайн малчин цолыг хүртэж явсан” хэмээн даруухан өөрийгөө танилцууллаа.  Тэрбээр эхээс 12-уулаа бөгөөд айлын дөрөв дэх хүү нь аж.  Төрсөн ах дүү нар нь мөн л мал дагаж аймаг, сумын сайн малчин гэх алдрыг хүртэж байжээ. Р.Цэрэндорж гуайнх хэд хэдэн айлыг малжуулсан байна.  Тэдний дундаас сумын сайн малчин төрсөн нь хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг үзэх сайхан хэмээн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.  Эднийх дөрвөн хүүхэдтэй бөгөөд бага  хүү нь аавынхаа малч ухааныг өвлөн мал маллаж байна.  Тэрбээр хүүгээ удмын малчин болгоно хэмээн бахдалтай ярих нь сайхан.  Р.Цэрэндорж гуай өөрөө малч удамтай нэгэн.  Түүний өвөө нь 1940 оны үед Улсын сайн малчин гэх цолыг хүртэж явжээ.  Тэрбээр өвөг дээдсийнхээ малч удам, ухааныг таслалгүй яваа нь миний нэг бахархууштай зүйл гэж бидэнтэй хуучилсан юм.  Тэр ч бүү хэл түүний өвөг эцэг 1945 онд фронтод 70 хул морь бэлэглэж байжээ.  Түүний эхнэр С.Нямжав “ Мал маллах сайхан.  Хүнд хэцүү үе бий.  Нүүр нүдгүй шуурч байхад бид чинь малаа дагаад л явж байна шүү дээ. Бидний хөдөлмөрийг улс маань үнэллээ. Мал дагавал ам тосдоно гэдэг дээ” хэмээн баяраа хуваалцлаа.  Тэрбээр 2012 онд улсын шилдэг эмэгтэй малчнаар тодорч байжээ.

Хотоор дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүнтэй Ж.Төмрөөгийнх

Дараагийн очих айл маань Мөст сумын малчин Ж.Төмрөө гуайнх.  Дарви сумын Булаг багаас Мөст сум хүрэхэд 100 км.  Гэхдээ засвал замаар явсан гэдгийг онцлох нь зүйтэй.  Алс зэлүүд хөдөө нутаг гэхэд засмал замыг маш сайн тавьжээ.  Ер нь шороон замаар явах нь бага.  Зам саадгүй учир 1.30 минут давхиад Ж.Төмрөө гуайн хотонд ирлээ. Мөн хамаатан садан, саахалт айлын хүмүүс цугларч сайн малчны баярыг хуваалцахаар иржээ.  Ж.Төмрөө гуайнх Баянхайрхан багтаа олон жил нутаглаж иржээ.  Тус багаас 37 жилийн дараа Улсын сайн малчнаар Ж.Төмрөө гуай тодорч байгаа нь энэ. Засгийн газрыг төлөөлөн БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар өргөмжлөлийг уншиж танилцууллаа.  Түүнчлэн БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар Мөст сумын уугуул.  Энэхүү нэр хүндтэй шагналыг Мөст сумын уугуул сайд гардуулж өгсөнд Ж.Төмрөө гуай ихэд бэлэгшээж байгаагаа онцоллоо. Мөн Улсын сайн малчны цол тэмдгийг УИХ-ын гишүүн Д.Батцогт гардуулан өглөө.

Ж.Төмрөө гуай өдгөө 65 настай.  Мал дагаж 55 жилийг ардаа үджээ.  Тэрбээр өөрийгөө “би малын сүүдэр шиг л байдаг” гэж тодотгох аж. Тэрбээр 10 хүүхдийн эцэг.  Таван хүүхэд нь аавыгаа дагаж мал малладаг бол таван хүүхэд нь хот хүрээнд ажилладаг байна. Орон нутгийн залуучуудад малч ухаан зааж, сургаж иржээ. Эдний нутгалдаг Баянхайрхан баг нь ерөнхийдөө өндөр уулын бүс нутагт оршдог.  Өндөр хад, асга ихтэй газар аж.  Тиймээс энэ бүс нутагт мал маллахад тийм ч амар биш гэж туршлагатай малчин маань бэрхшээдэг талаараа ярилаа.  Газар нутгийн байдлаас болоод отор нүүдэл байнга хийдэг байна.   Харин өнөө жилийн хувьд өнтэй сайхан өвөл боллоо гэж Ж.Төмрөө гуай хэллээ.  Жилийн жилд өвс ногоо тачирхан байдаг бөгөөд царцаа их үед  өвс маш муу ургадаг байна.  Тиймээс хадлан тэжээлээ гэрээлж авдаг байна.  Ер нь “бид чинь байгаль дэлхийгээ шүтэж явдаг улсууд  шүү дээ” хэмээн хуучиллаа. Тэрбээр өөрийнхөө болоод өрөөлийн хүүхдүүдийг сайн малчин болгох туйлын хүсэлтэй явдагаа бидэнд хэллээ. Тиймдээ ч олон залуучуудад мал маллах ухааныг зааж, сургаж иржээ.  Ж.Төмрөө гуай “65 настай өвгөн хэчнээн олон жил мал маллах билээ дээ.  Гэхдээ 10 жил малаа дагаж амьдарна аа” хэмээн сэтгэл өөдрөг ярьж байна.

Улсын сайн малчин болох нэг шалгуур нь хэдэн айл өрх малжуулсан зэргээс хамаардаг. Ж.Төмрөө гуайнх энэхүү шалгаруулалтыг маш сайн биелүүлсэн бөгөөд нийтдээ 60 гаруй айлыг малжуулж, хөрөнгө таслаж өгчээ.  Үүнийг ч нутгийн зон олон магтан ярих дуртай юм билээ. Үүнээс гадна сумын сургууль, цэцэрлэг, захиргаа, эмнэлгийн хүнсэнд зориулж мал өгдөг байна.  Тэрбээр сумын аварга малчны шагналыг 5 удаа, аймгийн аварга малчин шагналыг тус тус хүртсэн байна. “ Хүн өөрөө хичээж, бүтээе, хийе гэвэл болдог л юм байна” гэж ярих Ж.Төмрөө гуйанх энэ жил 2427 мал тооллуулжээ.  Мал гэдэг гэдсийг нь цатгаж, хамгаалж л чадаж байвал өөрөө өсдөг буянтай сүрэг гэж тэрбээр ярьж байна.

 Тэрбээр хоромхон зуур БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатартай ярилцлаа. Энэхүү завшааныг ашиглан малчдын тэтгэврийн насыг наашлуулж, 55 болгох талаар саналаа хэллээ.  Түүнчлэн зургаан настай хүүхүүдийг  сургуульд оруулах нь залуу малчдад хүндрэлтэй байгааг ч шүүмжлээд авсан.  Ийнхүү БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатарт амжилт хүслээ.

Түүнчлэн БСШУ-ын дэд сайд Я.Төмөрбаатар Ховд аймгийн Мөст сумын уугуул.  Төрж өссөн нутгийнхаа сайн малчдад шагнал гардуулаад явж байгаа нь бахархууштай байна хэмээн ярьж байлаа.  Түүний өвөг эцэг Ховд аймгийн Мөст сумаас төрөн гарсан анхны улсын сайн малчин аж.  1931 онд Маршал Х.Чойбалсангаас Алтан гадас одон хүлээн авч байсан түүхтэй юм байна. Ийнхүү Мөст сумын сайн малчин Ж.Төмрөөгийнд ҮДБЭЧ-ын хөөмийч Ц.Цогтгэрэл, ҮДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батцэцэглэн нар уртын дуу эгшиглүүлж, гэрийн жавар үргээлээ.

Ховд аймгийн хувьд хөх морин жил онцгой сайхан жил болж өнгөрчээ. Аймгийн хүн ам өссөн төдийгүй, аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт бүх талаараа өсчээ. Түүнчлэн аймгийн мал сүрэг улсын хэмжээнд хамгийн өндөр хувиар буюу 17.2 хувиар өсч, 2 сая 625 мянган толгой мал тоолуулжээ.  Энэ нь Ховд аймгийн түүхэнд хамгийн олон малтай болсон жил аж.

Д.Мягмарсүрэн

 Эх сурвалж: Unen.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …