Ноён уулаа аврах зорилготойгоор зохион байгуулагдсан “Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн өлсгөлөн зарлаад 14 хоносон. Улмаар тэд сүүлийн хоног дээрээ тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хуурай өлсгөлөнд шилжсэн юм. Тэгвэл 2 сарын 23 -ны шөнө 00:00 -01:00 цагийн үед цагдаагийн тусгай тасгийг байлцуулан тэднийг албадан эмчилгээнд хамруулж байгаа нэрийдлээр өлсгөлөнг нь таслан зогсоосон. Энэ үйлдлийг “төр иргэдийнхээ амь насанд аюул учрахаас урьдчилан саргийлж авсан арга хэмжээ” гэж ойлгоод орхие гэтэл Цагдаагийн хариуцлагатай албан тушаалтнууд барин тавин худлаа яриад эхлэлээ. Тэдний яриагаар бол өлсгөлөн зарлагсад бараг л “өөрсдийнхөө санаачлага”-аар өлсгөлөнгөө зогсоосон юм байх.
Үнэндээ иргэд айдастай байна. Монголын төрөөс тушаал авсан цагдаа нар 2008 оны 7 сарын 1-ний өдөр 5 энгийн иргэдийг байлдааны сумаар буудаж амь насыг хохироосоныг иргэд мартаагүй байгаа. Гэтэл өлсгөлөн зарлаж, ядаж туйлдсан, гартаа зэвсэггүй иргэдийг тараахаар цагдаагийн тусгай тасгийн бие бүрэлдэхүүн, дээр нь хэд хэдэн тасаг цагдаа бүрэн зэвсэглэл, хуяг дуулгатайгаа ирснийг хараад иргэд айн жихүүцсэн биз. Дээр нь тухайн үед ажлыг нь ахалж байсан офицер хэлэхдээ цагдаагийн ажилд саад болсон хүнийг баривчилна, эрүү үүсгэнэ, яллана, хүч хэрэглэнэ гэх мэтийн албаны үгээр сүрдүүлнэ билээ.
Ийм нөхцөлд төрийн хүчний өмнө хүчин мөхөстсөн цөөн хэдэн өлсгөлөн зарлагсад хүссэн хүсээгүй тэдний шаардлагыг биелүүлэхээс өөр яах вэ?
Гэтэл энэ бүхний дараагаар Цагдаагийн байгууллагын ажилтнууд өлсгөлөн зарлагсад “сайн дураараа өөрсдөө өлсгөлөнгөө зогсоож, захиргааны байгууллагын ажилтны захирамжийг хэрэгжүүлсэн” гэсэн агуулгатай зүйл яриад сууж байна.
Ядарсан иргэддээ төрийн сүр хүчийг далайлгасан цагдаа нарт ядаж ичих нүүр байдаггүй юм байх даа. Дайнд ялсан баатар шиг өлсөж зүдэрсэн хэдэн хүнийг хүчээр буулгаснаа сүр дуулиантай зарлах юм.
Ц.Мөнх