Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа хаалтын арга хэмжээг АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд өнөөдөр хийлээ. Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн сонгогчидод хандан хэлсэн үгийг сийрүүлснээ хүргэж байна.
Ц.Элбэгдорж: Бид 1990 онд энэ талбай дээр жагсаж байсан. 1990, 1991 онд хамтдаа картын бараанд оочирлож явсан. Би эхээс төрөөд Монголын ард түмний хүү болсон. Би бол та бүгдийн өсгөсөн хүү. Та бүхэн өсгөсөн хүү дээ итгэдэг шигээ надад итгээрэй. Би та бүхэний хүүгийн төлөө, та бүхний хүү юм шиг, өсгөсөн хүүгийн тань адилаар ард түмнийхээ төлөө зүтгэж чадна гэдэгээ хэлье.
Энэ тангарагийг би 24 жил авч явсан. Цаашид ч та бүгдийн итгэлийг дааж явж чадна гэдгээ энд хэлэх байна. Бид өнгөрсөн хугацаанд олон зүйлийг хийж амжуулсан. Гэхдээ хийж амжуулаагүй томоохон ажлууд ч байгаа. Энэ ажлуудыг хийж амжуулбал сайхан алтан боломж Монгол Улсад, Монголын ард түмэнд тохиож байна. Энэ алтан боломжийг бид алдах ёсгүй.
Зуун жилийн өмнө Богд хаан автомашин оруулж ирж байхад автомашинаа гадны түлшээр цэнэглэж байсан. Одоо 100 жилийн дараа эргээд харсан чинь бид нар автомашинаа гадны бензенээр цэнэглэсээр байна. Саяхан Монголын нефьтээр гадаадад хийсэн шатахуун бага зэргээр орж ирдэг болсон. Одоо бид өөрсдийнхөө шатахуунаар автомашинаа цэнэглэдэг болох хэрэгтэй.
Өвөг дээдсийнхээ 100 жилийн хүсэл мөрөөдлийг ойрын жилүүдэд биелүүлэх бүрэн боломж байна. Үүний төлөө хамтран ажиллая аа. /иргэд алга ташив/
1930 онд хүн төрлөхтөн нүүрснээс бензин гаргаж авч, 40 онд Герман нүүрснээс бензин гаргаж авсан. Одоо манай урд хөрш нүүрснээс бензин гаргаж авч байна. Хамгийн сайхан мэдээ гэвэл нүүрснээс бензин гаргаж авах нь газрын тосноос бензин гаргаж авснаас хямдхан тусаж байна. Нүүрснээс 16 төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч байна. Гаац гаргаж авч байна, бензин гаргаж авч байна. Барилгын материал гаргаж авч байна.
Монгол Улс бол нэг хүнд ноогдох нүүрсээрээ дэлхийд тэргүүлдэг орон. Хоёр жилийн өмнө Германд би айлчилахдаа танайд технологи нь байна, манайд нүүрс нь байна, энэ асуудлыг шийдье гэсэн. Хоёр жил судлаад одоо шийдэх бүрэн боломжтой боллоо. Саяхан хэдхэн хоногийн өмнө УИХ түүхэн шийдвэр гаргасан. Нүүрснээс шатахуун гаргаж авахаар гадаадаас техник тоног төхөөрөмж оруулж ирвэл татвараас чөлөөлөхөөр болсон байгаа. Манай Засгийн газар сая түүхэн шийдвэр гаргаж байна. Монголын томоохон компаниуд хамтраад хийх юм бол бүх талаар дэмжихээр болсон. Бүгдээрээ энэ ажлыг дэмжие, үүний төлөө явья. Монгол Улс өөрийн гэсэн галтай больё гэдгийг уриалья. Би энэ ажлыг хийхийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа. Зарим хүмүүс Монгол бол эрчим хүчний диваажин байх орон гэж хэлдэг. Үнэхээр тийм юм.
Бид бас том харах хэрэгтэй. Бүс нутагтаа том харж ажиллах хэрэгтэй байна. Энэ бол төмөр зам. 60 гаруй жилийн өмнө баригдсан Монголын төмөр зам, өвгөн төмөр зам өнөөдөр ачаагаа дааж ядан зүтгэж байна. Бидний урд талд хамгийн том үйлдвэрлэгч орон байна. Хойд талд ОХУ, цаашлаад Европын холбоо гэж хамгийн том зах зээл байна. Бидний урд талаас далайгаар бараа хойд зүгт зөөхөд хоёр сар болж байна. Монгол Улсаар дамжуулж зөөх юм бол хоёр долоо хоногийн дараа Европын төвд очиж байна.
Ийм учраас Монголын төмөр замаар 19 сая тонн ачаа биш, 100 сая тонн ачаа, 200 сая тонн ачаа, 300 сая тонн ачаа явах боломжтой. Ингэх юм бол Монгол Улсын эдийн засаг, тав, арав дахин нэмэгдэх боломжтой. Монгол Улсын бүс нутагтаа эзлэх байр босож ирэх боломжтой юм. Үүний төлөө хамтран зүтгэе.
Энэ ажлуудыг хийхийн тулд өнгөрсөн хугацаанд мөнгө дутдаг байсан. Одоо харин мөнгөтэй болсон. Хоёр дахь гол асуудал. Би та бүхэнд нэг зүйл хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр П.Очирбат гуай ажиллаж байхад Засгийн газар огцроогүй байдаг. Намайг өнгөрсөн дөрвөн жил ерөнхийлөгчөөр ажиллахад нэг ч удаа Засгийн газар огцроогүй. Би өнгөрсөн хугацаанд 3 жил нь МАН-ын Засгийн газартай ажиллахдаа, ажил хийхийг л шахдаг байсан. Одоо АН-ын Засгийн газартай ажиллаж байна. Мөн ажил хийхийг л шахна аа. Надад нэг л нам байгаа. Та бүхэн бүгдээрээ сайн мэднэ. Энэ сонгуулиар нам бус нэг хүн нэр дэвшиж байгаа. Тэр бол би. Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч намаасаа татгалцах ёстой байдаг. Надад Монгол Улс гэдэг нэг л нам байгаа. Тэр улсын төлөө тэр эрх ашгийн төлөө би зүтгэнэ ээ. Цаашаа ч явна гэдгээ та бүхэндээ хэлье. Одоо бидэнд илүү хурд хэрэгтэй.
Би дөрвөн жил энэ ажлуудыг сайн хийгээд ажлаа өгөхдөө та бүгдийн дунд инээж алхах нүүртэй байхыг хүсч байна. Тиймээс би зүтгэнээ гэдгийг та бүхэндээ хэлье.
Би гурван зүйлийг хийж чадна. Би ард түмэндээ эрхийг нь өгч чадна, Авлигатай тэмцэж чадна. Шударга ёсыг тогтоохын төлөө явж чадна. Монгол Улсыг олон улсад сайнаар гаргаж чадна гэдгээ та бүхэндээ хэлье. Би ингэж ард түмнийхээ төлөө ажиллах шалтгаан байдаг юм. Намайг хоёр удаа унахад миний ард түмэн хоёр удаа түшиж босгосон. Миний ард түмэн намайг төрийнхөө ерөнхийлөгчөөр сонгосон. Ийм сайхан ард түмнийхээ төлөө, итгэл хүлээлгэж байгаа ард түмнийхээ төлөө зүтгэнэ гэдэг бол энэ насны бахархал юм аа. Та бүхэнд баярладаг шүү гэдгээ дахин хэлье.
Би төгсгөлд нь гурван зүйл хэлье.
Ядарч явах үед чинь хажууд чинь байдаг ерөнхийлөгч байх болно оо. Таны асуудлыг УИХ, Засгийн газраас шийдүүлж чаддаг ерөнхийлөгч байх болно. Би одоо ярьж байгаа зүйлээ сонгуулийн маргаашнаас хийгээд эхлэнэ. Ажилтайгаа танилцах шаардлаггүй, ерөнхийлөгчийн өрөө хаана бэ гээд эрээд явах шаардлаггүй. Би 27-ны өглөө морин цагт Сүхбаатарын талбайд гарч ирж та бүхэнийнхээ ялалт амжилтыг хуваалцах болно гэдгээ хэлье. Миний ард түмэн энэ сарын 26-нд намайг, энэ сонгуулиар дэмжээрэй. Би ирэх дөрвөн жил ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ. Бүгдээрээ сайхан Монгол Улсаа мандуулахын төлөө хамтран зүтгэе. Их баярлалаа та бүхэнд.
Та бүхнийг минь Буян заяа өөдрөг байх болтугай.
Их баярлалаа.