Охид бүсгүйчүүдийн сайн мэдэх Lense Гоо зүйн төв хоёр дахь жилдээ Төгс бие галбирын эрэлд хамтдаа уриатай LENSE фэшн шоуг зохион байгуулах гэж байна. Тус шоуны онцлог нь өөрийгөө өөрчилж, өв тэгш бие галбиртай болохыг хүссэн охид бүсгүйчүүд хоёр сарын турш мэргэжлийн дасгалжуулагч багштай бэлтгэл хийж, хоорондоо өрсөлдөх бөгөөд хамгийн их өөрчлөлтийг бүтээж чадсан бүсгүйг шоуны үеэр шалгаруулах юм. Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бид Lense Гоо зүйн төвийн Хөтөлбөр хариуцсан менежер Д.Үүрийнтуяаг ярилцлагын буландаа урилаа.
– Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. LENSE фэшн шоуны зорилго, яагаад энэхүү уралдааныг явуулах болсон талаар бидэнд танилцуулахгүй юу?
– Танд болон уншигчид та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе. Манай Lense Гоо зүйн төв 2013 оноос охид бүсгүйчүүдэд зориулсан хувь хүний хөгжил, гоо зүйн цогц мэдлэг олгох сургалтуудыг явуулж байгаа бөгөөд 150 гаруй эмэгтэйд зөв амьдралын хэвшил, өөрийгөө дайчилж, зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллийг өгсөн гэж болно. Өнгөрсөн жил бид Төгс бие галбирын эрэлд хамтдаа уралдааныг санаачлан зохион байгуулж, охид бүсгүйчүүдийг илүүдэл жингээ хаяж, өөрийгөө гайхалтайгаар өөрчлөхөд тусалж чадлаа. Энэ удаагийн уралдааны зорилго мөн ялгаагүй өөрийгөө ялан дийлж, олон шинэ зүйл сурахын сацуу загварын тайзнаа алхах мөрөөдлөө бодит болгох юм. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн тэвчээр, сахилга бат, хичээл зүтгэл, мэдлэгээс шалтгаалдаг гэвэл энэ бүгдийг тэднээс шавхаж гаргах болно. Жирийн үед өөрийгөө дайчилдаггүй учраас ямар тэвчээр өөрөөсөө гарахыг бид мэддэггүй, уралдааныг зохион явуулах болсон шалтгаан нь өрсөлдөөн, зорилгыг бий болгох замаар олон бүсгүйчүүдийг амьдралын зөв хэв маягтай, зөв хооллолтын мэдлэгтэй, өөртөө итгэлтэй болгох юм шүү дээ.
– Уралдаан ямар үе шаттайгаар явагдах вэ, шалгаруулалтыг хэрхэн явуулах бол?
– Уралдаан 3 сарын нэгнээс 4 сарын 26 хүртэл үргэлжилнэ. Эхний шат нэг сарын хугацаанд явагдах бөгөөд оролцогчид өдөр бүр сургалт, олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдахаас гадна манай фитнес дээр бэлтгэл хийнэ. Өмнө нь бид оролцогчдыг өөрийгөө илэрхийлэх, зорилгоо тодорхойлсон байдлаар нь эхний шатанд тэнцүүлж байсан бол одоо нэг сарын турш хамтдаа ажиллаж, идэвх чармайлт, өөрчлөлт гээд бүхий л талаас нь дүгнэх боломжтой болж байгаа. Хоёрдугаар шатанд гаргасан өөрчлөлт, тайзны алхаа, камертай ажиллах ур чадварыг харгалзан финалын шоунд оролцуулах юм. Эцсийн гуравдугаар шат шоуны бэлтгэл, тайзан дээр явагдана.
– Оролцогчдод ямар шаардлага тавигдаж байгаа вэ?
– Өөрийгөө өөрчилж, өв тэгш бие галбиртай болохыг хүссэн 16-25 насны охид бүсгүйчүүд оролцох боломжтой. Бүртгэл 3 сарын 07-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
– Шилдэг дизайнер бас шалгаруулна гэсэн, энэ талаар танилцуулахгүй юу?
– Шоуны өөр нэгэн зорилго бол залуу дизайнеруудын бүтээлийг олон нийтэд танилцуулж, тэднийг сурталчлах зорилготой. Бүтээлийг шоунд зориулж урлаж болно, эсвэл бэлэн бүтээлээ оролцуулж болно. Дизайнерын хөдөлмөрийг үнэлэхгүй бага шагнал өглөө гэсэн шүүмжлэлд бид өртөөд байгаа, шагнал гэхээсээ илүүтэй бүтээл нь тайзнаа амилж, олон үзэгчдийн хүртээл болох нь урам өгөх болов уу. Энэ шоуг зохион байгуулахад маш олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл бас мөрөөдөл хамт явж байгаа учраас ганцхан мөнгөөр битгий хэмжээсэй гэж хүсч байна.
– Мэдээж ямар шагнал ялагчийг хүлээж байгаа вэ гэдэг нь сонирхолтой байна?
– Манай тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Eduworld Боловсролын төв ажиллаж байгаа бөгөөд Шилдэг дизайнерын хувьд 1-р байр 500.000, 2-р байр 300.000, 3-р байр 200.000 төгрөгөөр урамшуулна. Шилдэг загвар өмсөгч буюу өөрийгөө хамгийн их өөрчилж чадсан ялагч бүсгүй 100 хувийн тэтгэлгээр хүссэн мэргэжлээрээ суралцана. 2-р байр 80 хувийн тэтгэлэг, 3-р байр 50 хувийн тэтгэлэг тус тус авах болно.
– Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье. Lense Гоо зүйн төвтэй хэрхэн холбогдох вэ?
– Баярлалаа, та бүгдийн ажилд бас өндрөөс өндөр амжилт хүсье. Манай 77008098, 94258098 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Эх сурвалж: http://lense.mn/