Өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс шүүх засаглал, цагдаа, хуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хурлаар Хуулийн хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа талаар ард иргэдэд бодитой баримт дэлгэж, гэрч оролцуулан мэдээлэл өгсөн юм. БЗД-ийн 11-р хорооны иргэд болох н.Дэлгэрцэцэг, н.Отгонцэцэг нар нь нэг хэрэгт гэрчээр оролцсон бөгөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид байцаалт авахдаа элдэв янзын үгээр доромжилж, хүчээр зодож нүдэн, дарамталж худлаа мэдүүлэг авч гэрчээр оролцож байсан хүнийг хэрэгтэн болгож саатуулан хорьсон байна.
Хөдөлгөөний тэргүүн Х.Бат-Ялалт “Гэрчийг яаж байцаах талаар мөн хууль хяналтын байгууллага хэрхэн ажиллах талаар хуулинд тодорхой заасан байдаг. Одоогийн мөрдөн байцаагч нар поркурорын гар хөл болчихсон. Тэдний хий гэдгийг л хийдэг. Тиймээс хуулийн байгууллагуудын эдгээр алдааг засаж залруулах, ард иргэдийг хэлмэгдүүлэхгүй байх талаар холбогдох байгууллагуудад хандана” гэдгээ хэлсэн юм. Дээрх хоёр иргэнийг цагаатгах талаар холбогдох байгууллагуудад хандаж өргөдөл өгч туслахаа ч мөн энэ үеэр илэрхийллээ.
Н.Тилеген