Нэг хүнд хэтэрхий ихэдсэн албан тушаал, чимэг сэтрээр хахаад байсан ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, хамгийн хэрэггүй нь мөртлөө хамгийн чухал тодотгол болох “Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн” асан Г.Дэнзэн алга болчихож. Түүнийг оргон зайлсан гэж үзэж буй ч хэрэв сэжигтнээр тогтоогоогүй байсан бол тэр хилээр гарах эрхтэй.
Ямартай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг саатуулсан, тэр ч байтугай саатуулах хугацааг сунгаад байгаа энэ үед тэнэг л биш бол Г.Дэнзэн “зүй ёсны” сэжигтэн болох нь ойлгомжтой байсан. Харин хараа хяналтаа санаатайгаар буюу санамсаргүйгээр сулруулсан, түүнийг сэжигтнээр тогтоогоогүй бол интерполоор Г.Дэнзэнг хайхтай зэрэгцэн холбогдох албаныхантай хариуцлага тооцох ёстой.
Гэвч одоог хүртэл Хил хамгаалах ерөнхий газар, АТГ, цагдаагийн байгууллага, ер хаанаас ч албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа нь сэжиг таамгийг улам хурцатгаж, харин ч ташаа мэдээлэл даамжрах нөхцлийг бүрдүүлэх талтай.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж ажлын хэсгийн гишүүд болон Үндэсний аудитын газрынхантай хамтран хийсэн шалгалтын дүнг гишүүддээ танилцуулан тэр ч байтугай Г.Дэнзэнгээр өөрөөр нь батлуулан “Эрдэнэс Тавантолгой” компаниас хууль бусаар хөрөнгө гаргуулж авсныг нь “олуулаа” нотолсон байдаг. Үүний дараа энэ оны нэгдүгээр сарын 28-нд мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдан тус компаниас “Говь Повер”компанид 5.4 тэрбум төгрөг хууль бусаар гаргуулсан болохыг удаа дараа баталж танилцуулсаар байв.
Энд нэг сонирхолтой яриа дуулддаг нь “нүүрсний гэрээ цуцалсны улмаас хохирчихлоо” гээд 7.4 тэрбум төгрөг нэхээд байсныг нь шүүх шийдвэрлэхдээ 5.4 тэрбум төгрөг болгон бууруулсан байдаг. Харин “Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байна” гэсэн үндэслэлээр “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн дансыг удаа дараа хааж байсан нь “хүргэн” Г.Дэнзэн хэр “том” болохыг харуулсан. Тэгвэл энэ удаад Г.Дэнзэнд тусалдаг гар, хөлүүд эцсийн хүчээ шавхан түүнийг оргон зайлахад тусалсан юм биш биз. “Говь Повер” компанийн хохирлыг төлсөнгүй гээд төрийн өмчит компанийн данс хаадаг тэр хүч “сэжигтэн” Г.Дэнзэнг хилээр давуулчихсан байж болох биш үү. Эсвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг “барьж өгчихөөд” өөрөө зугтаж хохирлоо барагдуулах нь энэ үү.
Н.Чинзориг