С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл…

Цаана чинь АН дахь Женкогийнхон намаа бужигнуулж эхэлжээ…

Энэ өдрүүдэд МАН-ынхан хулгай, худлаа, эрх мэдэл, албан тушаалын асуудлаа ханцуйндаа нууж, хоорондоо “эвлэлдэн нэгдэж”, Нийслэлийн МАН-ын даргаар Хотын дарга Б.Пүрэвдагвааг сонгож байхад АН-ынхан харин “эвхрэлдэн” хагаралдаж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг “дүрмийн бусаар” чөлөөлөх гэсэн улайрсан дүр зураг харагдлаа.

Тодруулбал, өчигдөр АН-ын Хяналтын ерөнхий хорооны (ХЕХ) гишүүдийн олонхийн шийдвэрээр намынхаа ЕНБД С.Баярцогтыг чөлөөлөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл цацагдав.

Үүнийг яагаад “дүрмийн бус” гэж тодотгоод байна вэ гэвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудал нь Хяналтын ерөнхий хорооны бүрэн эрхэд хамаарахгүй, харин АН-ын Үндсэн дүрмийн дагуу Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудал аж.

Өөрөөр хэлбэл, намынхаа дүрэм, журмыг сахиулах учиртай Хяналтын ерөнхий хороо өөрөө дүрмийнхээ хязгаарыг давж, намын ЕНБД-ыг чөлөөлөх гэж оролдсон нь “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчийн үлгэр болж байна.

Нэмж хэлэхэд, Женкогийн фракцын нөлөө давамгайлж, гишүүдийн олонхийг бүрдүүлдэг АН-ын ХЕХ ийнхүү намынхаа ЕНБД-ыг дүрмийн бус аргаар огцруулах гэж улайрсан нь цаанаа ямар нэгэн эрх ашиг, улс төрийн тооцоолол байгаагийн илрэл биш үү гэж асуухад хүргэж байна?

Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ынхан АН-аас С.Баярцогтын талын нэр дэвшигчтэй өрсөлдөх сонирхолгүй байгаа гэх.

Тиймээс ч Женкогийнхон МАН-д ашигтай хувилбарыг бүрдүүлэхийн тулд АН-ынхаа дотоодод ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэх хардлага улс төрийн хүрээнд яригдаж байна.

Харин Женкогийнхон энэ үйлдлээ халхлахын тулд АН дахь “Ардчилсан сэргэлт” фракцынхан С.Баярцогттой зөрчилдсөнөөс болж ийм нөхцөл байдал үүссэн гэх мэдээлэл тарааж, анхаарлыг өөрсдөөсөө холдуулахыг оролдож байгаа гэх яриа ч бий. Гэвч АН-ын дотоодод өрнөж буй үйл явдлыг ажиглаж байгаа хүмүүсийн хувьд энэ бүхний цаадах эрх ашиг, зорилго нь нууц биш болсон бололтой.

Дайран дээр давс нэмэхийн үлгэрээр Женкогийн “гарын хоёр” гэгддэг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Э.Одбаяр нар МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаа бидэнд өгчих. Тэгвэл АН-ыг шинээр байгуулагдах Засгийн газарт оруулах асуудлыг АН-ын Үндэсний бодлогын хороогоор дэмжүүлж өгье” хэмээн албан тушаалын тохироо хийхийг оролдсон гэх яриа ч улс төрийн хүрээнд тархжээ.

Хэрэв энэ яриа үнэн бол АН-ын зарим улстөрч намынхаа бодлого, зарчим, гишүүдийнхээ итгэлийг бус, эрх мэдэл, яамдын суудлыг урьтал болгож буйн тод жишээ болох нь.

Уг нь сөрөг хүчний үүргээ биелүүлж, эрх баригчдын алдаа, завхралыг хянаж, ард түмний эрх ашгийг хамгаалах учиртай АН өнөөдөр өөрийнхөө дотоод эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, фракцуудын тохироо, албан тушаалын наймааны талбар болж хувирах нь харамсалтай.

АН-ын нэрийг барьж, АН-ын дүрмийг зөрчиж, АН-ын эрх ашгийг хувийн улс төрийн тооцооллын золиос болгож байгаа бол энэ бол намын дотоод асуудал төдий зүйл биш.

Энэ бол ардчиллын төлөө дуугардаг улс төрийн хүчин өөрөө ардчиллын зарчмаа хэрхэн уландаа гишгэж байгаагийн илрэл юм.

Эрх мэдэл, албан тушаалын төлөө намаа ч, журмын нөхдөө ч худалдахаас сийхгүй ийм улс төрөөс, үүнийг өөгшүүлж буй Женкогийн бүлэглэлээс АН салж чадахгүй бол уруудан доройтсоор улс төрийн тавцангаас шахагдах нь цаг хугацааны асуудал болж мэднэ.

Ц.Мөнх

Amlalt.mn

Санал болгох мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр /2026.10.02/ хуралдаан 11 цаг 15 минутад …