Кентуки мужид их хэмжээний цас орсоноос болж хурдны зам хаагдаад байна. Цас өнгөрсөн Мягмар гаригаас эхлэн орсон байна. Өнөө өглөөний цаг агаарын мэдээгээр 15 цагийн дотор ойролцоогоор 1 метр гаруй цас орсон байна гэж мэдээллээ. Зам дээр түгжирсэн машинд байгаа хүмүүсийн хэлж байгаагаар “Мягмар гаригийн орой гарсан. Гарахдаа бага зэрэг хүнс, ус бэлдэж авсан ч одоо бараг дуусч байна. Машин дотроо байгаа учраас л одоохондоо арай хөлдөөгүй байна. Бид энэ цас хурдан зогсоосой гэж залбирахаас өөр хийж чадах юм алга” гэж хэлжээ. Кентуки мужийн захиргаанаас хурдны зам дээр түгжигдсэн хүмүүсийг ойролцоох дулаан байр луу нүүлгэн шилжүүлэх ажиллгаа хийж байгаа юм. Мөн цагдаагийн офицер “Бид хүмүүсийг аюулгүй дулаан байлгахын тулд бүх хүч чадлаа дайчилж байна” гэж мэдэгдсэн юм. Цаашид цас нэмж орох төлөвтэй байгааг ус цаг уурын хүрээлэн мэдэгдсэн юм. Цас их орсоноос онгоцны буудлуудын 1000 гаруй нислэгийн хуваарь цуцлагдаад байна. Түүнчлэн Европын өмнөд бүсэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа юм .
Б.Нарангэрэл