Тажикстаны сөрөг хүчний удирдагчийн амийг хөнөөжээ

olloo_mn_1425706312_7537683b52fe2e97ec96b2006e16134a_XLПүрэв гарагийн орой Туркийн нийслэл Истанбул хотод амиа алдсан Тажикистаны сөрөг хүчний удирдагчдын нэг Умарали Кувватовын эхнэр, хүүхдүүд хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ.Кумриниссо Жаборова болон түүний хүүхдүүд Истанбул хотын нэгэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа тухай амиа алдсан улс төрчийн төрөл төрөгсөд ярилаа.

“Умарали Кувватов өчигдөр орой эхнэр, бага насны 2 хүүхдийнхээ хамт айлд уригдсан. Хоол идсэний дараа Кувватовын бие эвгүйрхсэн тул салхинд гарчээ. Гэтэл яг энэ мөчид түүнийг маш ойр зайнаас буудан амийг нь хөнөөлөө. Эхнэр хүүхдүүд нь түүнийг амиа алдсан болохыг төрөл төрөгсөддөө дөнгөж мэдэгдэж амжаад ухаан алдсан байна. Эхнэр, хүүхдүүдэд нь болон Кувватовт хор өгсөн байсан гэдгийг эмч нар нотолсон” гэж Тажикистаны сөрөг хүчнийхэн хэлжээ.

Умарали Кувватов бол  сөрөг хүчний “Группа 24” хөдөлгөөний удирдагч бөгөөд Тажикистаны эрх баригчдыг эрс шүүмжилдэг байжээ. Тэрбээр 2012 онд Орост цагаачилж очсон боловч дараа нь тэндээс явсан байна.

2012 онд түүнийг Душанбед баривчлан байцаалт авч байсан удаатай. Гэхдээ хожим нь түүнийг сулласан бөгөөд тэрбээр Туркт шилжин суурьшжээ. Түүнийг эх оронд нь шилжүүлэн өгөхийг Тажикистаны эрх баригчид Турк улсаас нэг бус удаа шаардаж байв. Тажикистаны тусгай алба өөрийг нь удаа дараа сүрдүүлсэн тухай Кувватов Би-Би-Си агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэж байжээ.
Кувватов эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа тухай Тажикистаны Гадаад хэргийн сайд Рамазон Рахимзод нэгдүгээр сарын 26-нд мэдэгдсэн байна. “Группа 24” хөдөлгөөнийг хэт давруу үзэлтнүүдийн байгууллагын тоонд оруулж, Тажикистан улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон тухай тус улсын Дээд шүүх өнгөрсөн оны 10 дугаар сарын 9-нд мэдэгдэж байсан юм.

Умарали Кувватовыг хөнөөсөн талаар Душанбегийн эрх баригчид албан ёсоор тайлбар өгөөгүй байна.

olloo.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …