Нийгэмд хүлээлт, бухимдал үүсгээд байсан олон асуудлын талаар Ерөнхийлөгчийн санал бодол, тайлбарыг сонсох гэсэн маш олон үзэгчид өчигдөр орой 2 цаг гаруй хугацаанд С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт “уягдлаа”.
Өдөр нь сошиал сүлжээгээр “гүлдийсэн, хүзүүгүй Ерөнхийлөгч тэдэн цагаас бурах юм байна шүү” гэсэн зар сайн тарсан учраас “бурдаг Ерөнхийлөгчийн бурахыг сонсох хүлээлттэй байсан үзэгчдийн бодож, төсөөлснөөс өөр нөхцөл байдалтай ярилцлага болж өнгөрснийг олон нийтийн цахим сүлжээгээр хэлж, ярьж, бичиж байна.
Зарим хэсэг нь “улсын Ерөнхийлөгчөө телевизийнхээ эфирт авч ирээд байцаадаг ардчиллын цөвүүн цаг ирж” гэсэн бол нөгөө хэсэг нь Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийг зоригтой, сайн асууж чадсан гэх санал бодол, шүүмж өнөөдрийн сошиал сүлжээний гол бай болов.
Нийгэмд хариултыг нь, санал бодлыг нь сонсохыг хүсэж байсан Ноён уул, Тавантолгойг тойрсон асуудлууд, улсад их хэмжээний хохирол үзүүлсэн гадаадын иргэдэд өршөөл үзүүлсэн талаар болон Ц.Мөнхбаярт өршөөл үзүүлэх боломжтой эсэх зэрэг олон асуудлыг хөндөж асуусан ч үзэгчдээ болон зочноо хүндэтгээгүй, “гацаанд оруулах” байдлаар захиалгат маягаар хийгдсэн нэвтрүүлэг болсныг олонх үзэгчид онцлон бичиж байна.
Улсынхаа төрийн тэргүүнийг нэвтрүүлгийн хойморт залж, 2 цаг гаруй хугацаанд уяхдаа “бодлогын шинж чанартай асуулт, асуудал” бараг хөндөгдсөнгүй гэхэд болно.
Таны төрсөн өдөр яг хэдэнд бэ? зэргийн асуулт явж байснаа гэнэт гадаадын иргэдэд өршөөл үзүүлсэн, Мөнхбаярт өршөөл үзүүлэх боломжтой юу гэх зэрэг “тулгасан”асуултууд хөвөрч байснаа “АСЕМ”-ийн уулзалтын бэлтгэл ажил хэр хийгдэж байгаа талаар гэх мэтчилэн хөвөрлөө.
Уул уурхайн ярилцлага хөвөрч байснаа эцэстээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн овгийг тодруулж асуув. Энэ мэт асуулт нь эмх замбараагүй, цэгцгүй байсны зэрэгцээ нэвтрүүлгийн зочин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг болон “Цензургүй яриа” нэвтрүүлгийг хөтлөн явуулсан сэтгүүлч Ц.Мөнхбаясгалан өөрөө ч асуултандаа “бүдэрсэн ” үеүд ажиглагдав.
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн өмнөх дугаарт Чонон сүлд кинонд дүр бүтээсэн жүжигчин Р.Анхням оролцсон. Энэ үеэр дэлхийн кино урлагтай хөл нийлүүлэх талаар болон уран бүтээлийн талаар ярилцлага өрнөж байснаа гэнэтхэн хэдэн жилийн өмнөх нүцгэн зургийг дэлгэж, дахин нүцгэлэх талаар асуусан нь хэтэрхий тулган шаардсан, зочноо болон үзэгчээ хүндэтгээгүй, сэтгүүлчийн ёс зүйгүйг олон үзэгчид шүүмжилсэн.
Тэгвэл энэ удаад Ерөнхийлөгчийн оролцсон “Цензургүй яриа” нэвтрүүлэг бас дахин хуваагдсан шүүмж, магтаалд “жингүйдэж орхилоо.”
Юутай ч уншигч та энэхүү нэвтрүүлгийг үзэж амжаагүй бол үзээд, санал дүгнэлтээ хийнэ буйзаа.
Г.Эрдэм