Б.Батцэнгэл: Үхсэн малыг мал эмнэлэг аваачин задалж үзэхэд уушиг нь өвчилсөн байсан

10455832_1563143473966866_1474038185982372657_n (1)Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уулхайн үйл ажиллагаа явагдах болсонтой холбоотойгоор  иргэдийн мал хордож үхэх зэрэг шинж тэмдэгүүд илэрч байгаа тухай   Дөрвөлжин сумын иргэн,  Цаг уурын техникч Б.Батцэнгэлээс  тодруулга авлаа.
– Баян-Айрагт цианит натри алдагдсан гэж нутгийн иргэд ярьж байгаатай холбогдуулан Байгаль орчны яамнаас шалгалт хийж байна. Тоос, тоосонцор маш их байна гэж байгна. Тэгэхээр тоос, тоосонцорын хэмжээ, тухайн цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор танайх ямар хяналт тавьж байна вэ?
– Манайх мэргэжлийн байгууллага гэдэг утгаараа цаг уур, бусад зүйлийг хянадаг багаж аймгийн төв дээр байдаг. Яг сумын хэмжээнд тийм багаж, техник нэг ч байхгүй. Хянадаг багажаа авчирч байршуулаад, мэргэшүүлээд явах юм бол хянах боломжтой. Байгаль орчны байцаагчийн хувьд уг нь энэ асуудалд анхаарал хандуулж ажиллавал мөн адил боломжтой. Миний хувьд Цогт багаас сонгогдсон төлөөлөгчийн хувьд Баян-Айрагтай холбоотой тоосжилтын асуудалд маш их анхаардаг. Энэ их хүндрэлтэй асуудал. Баян-Айрагийн хайгуулын нэг, ашиглалтын нэг нийт хоёр лиценз байгаа. Тэр талбай нь Цогт багийн өвөлжөөний бүс нутаг болчихдог. Өвөлд айлууд өвөлжөөндөө буух үед тоосжилтын асуудал маш их яригддаг. Өвөл ч тоос байж л байдаг. Одоогийн цасгүй, бараан нөхцөлд тоосжилт их байна.
– Зам, талбайг усалдаг гэж яриад байгаа. Та төлөөлөгч хүний хувьд услалтын асуудлаар Баян-Айраг руу чөлөөтэй орж, сонирхож үзсэн үү?
-Сонирхож үзэж байгаа. Баян-Айраг усны гачигдалтай. Мөн хөрөнгө мөнгөний асуудалтай гэсэн шалтгаан заагаад өөрийнхөө хэсэгхэн орчиндоо л услагаа хийж тоосжилтоо дардаг. Түүнээс биш кемпээс гаднах орчныг услах асуудал нь бүрхэг. Үүнээс үүдээд Цогт багт л гэхэд малын өвчлөл их гарч байгаа. Малын уушиг хавиргатайгаа наалдах, томрох, харлах, идээлэх болон мал хатангирших зэрэг өөрчлөлтүүд гарч байгаа. Цаашлаад мал үхсэн хэд хэдэн тохиолдол гарсан. Бид шууд гаргаад хэрэглэж буй малынхаа уушигнуудыг шинжилгээнд хамруулах зорилгооор Баян-Айраг компанид өгч үзсэн. Дээр нь сумынхаа Мал эмнэлэг үржлийн албаар дамжуулж өгч үзсэн. Жил илүү хугацаа өнгөрөөд байхад хариу нь одоо болтол ирээгүй байна.
– Аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжилдэггүй юм уу?
-Шинжилдэггүй. Тиймээс улсын лабораториудад л явуулж шинжлүүлнэ.
– Ойролцоогоор хэлбэл хэдий хэмжээний мал үхээд байна вэ?
-Ойролцоох айлуудын малнаас нэг, хоёроороо үхсэн тохиолдол бий. Манайд ирсэн бодит тоо нь хуц ухна малладаг айлын хуц ухнанаас нэг дор 10 гаруй үхсэн байгаа. Түүнийг газар дээр нь мал эмнэлэг аваачин задалж үзэхэд уушиг нь өвчилсөн байсан. Энэ мэт асуудлууд зөндөө байна. Малын өвчлөл одоо л яригдаж байгаа болохоос биш хоёр, гурван жилийн өмнөөс тоосжилттой холбоотойгоор гарч эхэлсэн.
– Иргэдийн дунд Баян-Айраг Цогт багийн иргэд, сумын удирдлагуудын амыг мөнгөөр таглачихдаг гэсэн яриа байдаг. Цогт багийн айл бүрт 300,0 мянган төрөг өгдөг гэсэн мэдээлэл хэр үнэний ортой вэ?
-Энэ бол Баян-Айрагаас зүгээр май гээд өгч байгаа бэлэн мөнгө биш. Энэ мэт асуудлаас болоод ард түмэн маань юу ч үгүй хоосон хоцрох гээд байсан учраас багийнхаа иргэдтэй нийлэн эсэргүүцэл зарлаж байж бид энд дөрвөн ХОВО, хоёр Бонго, хоёр автобус нийтдээ найман автомашиныг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Баян-Айраг өөрийн хөрөнгөөрөө авч өгсөн. Бид түүнийгээ Баян-Айрагт түрээслүүлж, түрээслүүлсэн хөлснийхөө зохих хувийг иргэдэд тарааж байгаа. Мөн зохих хэмжээний хэсгийг нь Баян-Айрагт эргүүлж тушааж машиныхаа үнийг төлөх маягаар л яваад байгаа юм. түүнээс биш Баян-Айраг хэн дуртайд нь мөнгө цацаад өгчихдөг асуудал байхгүй. Хуулинд ч тийм зүйл байхгүй. Тэгэхээр нэг ёсондоо бол манай Цогт багийн иргэд хоорондоо нөхөрлөл байгуулаад аж ахуй эрхэлж байна гэсэн үг.
– Цогт багт хэдэн малчин, өрх байдаг вэ?
– Өнгөрсөн жилийн байдлаар 130 өрхтэй байсан. Энэ жил нэмэгдээд 150-иад өрх айл болчихоод байна. Баян-Айрагийн А бүсэд 12 айлын өвөлжөө, Б бүс буюу нөлөөллийн бүсэд ерөнхийдөө 20 гаруй айлын өвөлжөө орчихоод байгаа.
– Тэгвэл 150 өрх сар бүр 300 мянган төгрөг авдаг гэсэн үг үү?
Яг тэгж хэлж болохгүй юм. Ер нь бол гэрээгээр нөхөрлөлийн журмаар авч байгаа.
– Шувуу үхсэн тохиолдол гарсан гэсэн. Энэ мэт асуудал дээр та бүхэн яг газар дээр нь очиж үйл ажиллагааных нь талаар нарийвчилсан, нээлттэй мэдээлэл авч чаддаг уу?
-Яг тэр тал дээр бол ихээхэн хүндрэлтэй шүү дээ. Урьдчилж мэдэгдэж зөвшөөрөл авч байж орно. Түүнээс биш малчид битгий хэл сумын удирдлагууд ч гэсэн шууд явж очоод дураараа орох эрх байхгүй. Тийм монополь тогтоочихсон л газар шүү дээ.

А.Амар

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …