Энэтхэгийн Засгийн газар хориглоод буй “Энэтхэгийн охин” гэх баримтат кино өчигдөр АНУ-д нээлтээ хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлллээ. Шинэ Дели хотноо 2012 оны гуравдугаар сард аймшигт хүчингийн хэрэг гарсан юм. Автобусаар зорчиж явсан 23 настай оюутныг таван залуу хүчирхийлж амийг нь хөнөөсөн билээ. Энэхүү хэргийн дараа олон мянган эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагсч, өөрсдийнх нь эрхийг хамгаалахыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа шаардсан юм. “India” телевизийн сэтгүүлч Лесли Удвин дээрх хэргийн дараа “Энэтхэгийн охин” гэх баримтат кино хийж эхэлжээ. Тэрбээр хэрэг үйлдсэн зургаан этгээдийн нэг Мукеш Сингхтэй ярилцлага хийснээс болж энэхүү киног олон нийтэд хүргэхийг Ерөнхий сайд Нарендра Моди хориглосон билээ. Гэмт этгээд “Охин тэр үед эсэргүүцэл үзүүлээгүй байсан бол амьд үлдэх байсан” гэж хэлжээ. Шүүхээс оюутан бүсгүйн аминд хүрсэн этгээдүүдийн тавд нь цаазын ял оноосон юм. Хэрэг үйлдсэн этгээдүүдийн нэг нь насанд хүрээгүй байсан тул цаазын ял оноогоогүй байна.
Сэтгүүлч бүсгүй “AFP” агентлагт “Би 15 настай байхдаа ангийнхаа хоёр хөвгүүнд хүчиндүүлж байсан. Тиймээс охины тэр үеийн сэтгэл зүйг сайн мэдэж байна. Охин амьд үлдсэн бол надад ямар их зүйл ярих байсан бол. Энэ охины хэрэг азаар олон нийтэд хүрсэн учир гэмт хэрэгтнүүд баригдсан. Өнөөдөр хэдэн охин бие, сэтгэл санааны хохирол амсч буйг бид мэдэхгүй байна. Тиймээс энэ бүхнийг олон улс мэдээсэй гэж хүссэн учир “ВВС” агентлагт санал тавьж, баримтат кино хийлгэсэн. Энэтхэгийн удирдлагууд киног нээлтээ хийж гаргахыг хориглосон учир АНУ-д ирсэн” гэж ярьжээ.
Киноны нээлтэд холливуудын нэрт жүжигчин Мерил Сприп ирсэн байна.
Эх сурвалж: www.shuud.mn