Монгол Улсын Ерөнхийлөгчид Канад улсын Элчин сайд Эйлко Жэйгэр ИЖБ барив

600x600Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Канад улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Жэйгэр Итгэмжлэх жуух бичиг  барив.

Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Эйлко Жэйгэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь ноён Эйлко Жэйгэрт баяр хүргэж Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Канад Улсын Амбан захирагч 2013 онд, Канадын Гадаад хэргийн сайд 2014 онд Монголд тус тус амжилттай айлчилсныг энэ үеэр онцолж байлаа. Мөн 2003 оноос хойш уламжлал болж ирсэн Монгол, Канадын дугуй ширээний уулзалт нь хоёр талын харилцааны түвшинд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашдын төлөвлөгөө, бололцоог хэлэлцдэг чухал механизм болсон талаар тэмдэглэлээ. Дугуй ширээний уулзалтын Монголын талыг Уул уурхайн сайд ахалдаг бөгөөд Монгол Улсын Уул уурхайн сайд Р.Жигжид Канадад энэ гуравдугаар сарын эхээр болсон Хайгуулч, олборлогчдын холбооны олон улсын чуулга уулзалтад оролцож, тус улсад амжилттай айлчлаад ирснийг дурдав. Уулзалтын үеэр Монгол Улсыг Канадын Хөгжлийн албан ёсны тусламж авах онцгой орнуудын жагсаалтад оруулсанд талархал илэрхийллээ.

Монгол Улс, Канадын харилцаа уул уурхай,хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол зэрэг бусад салбарт ч амжилттай хөгжих боломжтой гэдгийг мөн онцолж байв.

Элчин сайд Эйлко Жэйгэр маш сонирхолтой түүх, ёс заншилтай Монгол Улсад томилогдон ирж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж Уул уурхайн сайд Р.Жигжидийн Канадад хийсэн айлчлал, хоёр орны Уул уурхайн сайд нарын уулзалтыг өндрөөр үнэлж байна гэлээ. Мөн хоёр орны боловсролын салбарын харилцааг цаашид хөгжүүлэх боломжуудын талаар хөндөн ярилаа.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …