Их Британийн “Times Higher Education” сэтгүүл “Thomson Reuters” мэдээллийн агентлагтай хамтран дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын жагсаалтыг гаргалаа.
Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулиудын жагсаалтыг АНУ-ын Харвардын их сургууль тэргүүлэв. Харин удаах байруудад Кэмбриж болон Оксфордын их сургуулиуд оров.
Дээд боловсролынхоо чанараар АНУ дэлхийд тэргүүлж байгааг уг жагсаалтын эхний 10-т тус улсын найман их сургууль багтсан нь харуулж байна.
Харин Азийн орнуудаас уг жагсаалтад Токиогийн их сургууль 12-т бичигдэв.
Манай хойд хөрш ОХУ-ын их сургуулиудаас энэхүү жагсаалтад М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль 25, Санкт-Петербургийн их сургууль 71-р байруудад тус тус оржээ.
Түүнчлэн Хятадын Засгийн газар дээд боловсролынхоо системд их хэмжээний хөрөнгө оруулж байгаа нь үр дүнгээ өгч Чинхуа их сургуулийн рейтинг өссөн бөгөөд жагсаалтын 26-д орсон аж.
Дашрамд хэлэхэд “Times Higher Education” тус жагсаалтыг гаргахдаа дэлхийн 140 орны 10 мянга гаруй их, дээд сургуульд судалгаа явуулдаг юм.
Их сургуулийн үйл ажиллагаа, багш нарын ур чадвар, эрдэм шинжилгээний ажил, олон улстай хамтран ажилладаг эсэх, төгсөгчдийн ажилд эрхлэлтийн байдал, гадаад оюутны тоо зэрэг 13 үзүүлэлтийг харгалзан үздэг байна.
эх сурвалж: today.mn