Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ХБНГУ-д, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд БНПУ-д тус тус албан ёсны айлчлал хийнэ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-д хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай хэлэлцээ хийж, Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Булмаантай уулзана. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Бундестагийн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдерер, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел, Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийлэнд, Ханновер хотын Засаг дарга Ш.Шосток, Доод Саксон муж улсын Ерөнхий сайд Ш.Вайл нар бараалхана. Мөн “Saxenergy Mongolia” компани, “Siemens AG” компанийн удирдлага, Эссен хотын клиникийн Их сургуулийн проффесор, доктор В.Попп, “AbbVie” компанийн гепатит C вирусын эмчилгээний зохицуулагч М.Лихиус нар бараалхана.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн чуулганы хуралдаантай танилцаж, Доод Саксон муж улсын парламентад зочилно. Түүнчлэн Ханновер хотноо болох “CeBIT” олон улсын мэдээлэл технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Фолксвагены Ханновер дахь микроавтобус, хагас ачаа, тусгай хэрэгцээний машины үйлдвэртэй танилцана. Түүнчлэн Конрад-Аденаурийн Санд зочлон илтгэл тавьж, Хумболтийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд болон ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
БНПУ-д хийх айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийнэ. Мөн БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Гданск хот дахь Хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон, Европын эв санааны нэгдлийн төвтэй танилцана.
Улсын Их Хурлын даргын айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сеймийн Тамгын газрын дарга Ян Чапла нар Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна
Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар орсон байна. Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.