Берлинд нэгэн түрээсийн өрөөнд олон гэрлийн дор эмэгтэйчүүд харгис тэмцээн явуулдаг байна. Энэ тэмцээн нь харгис хэрцгий тулааны шинжтэй бөгөөд заримдаа цуст тулаанаар өндөрлөх үе ч байдаг байна. Эмэгтэйчүүдийн харгислалын клубт ямар нэгэн тогтоосон дүрэм байдаггүй ба хориос тавин насны тулаанчид энгийн хэлбэрийн тулаанаас цуст тулаан хүртэл хийдэг гэдгийг зурагчин Katarzyna Mazur хоёр жилийн турш зурган мэдээллээр баримтжуулжээ. Тэднийг тулааны урлагийн мастер, бялдаржуулалтын багш Улаан чөтгөр хочит Анна Конда ахалдаг байна. Тэдний тулаан нь бөх, мууран зодоон болон гардан тулаан гэсэн төрөлтэй. Ямар нэгэн шүүгчгүйгээр өөрийн өрсөлдөгчийг сонгон тулааны зурвасыг давахгүй гэсэн ганцхан дүрэмтэй ба цөөн тооны үзэгчтэйгээр тулалддаг.
Зурагчин Мазурын хэлсэнээр “ Би тэдний тулааныг анх үзээд маш их цочролд орсон. Гэхдээ энэ нь надад маш сонирхолтой бас гайхмаар байсан” гэсэн ба түүний “Хориглол ба айдас хүйдэсгүй дэвсгэр” нэртэй тулааны талаар дэлгэрэнгүй өгүүлэх зургийн товхимол хүртэл гарсан байна.
Мазур өөрийн энэ товхимолоо гаргахын тулд тулааныг хоёр жил дарааллан алгасалгүй үзжээ. Энэ нь түүний хувьд сонирхолтой байсан гэх ба “Анхандаа зураг авахад өнгө нь нэг л таарч өгөхгүй байсан. Харин дараа нь хар цагаан зураг авах нь зөв гэдгийг мэдсэн. Тэд маш хурдан шаламгай хөдөлгөөнтэй байсан учир зураг авахад хүндрэлтэй байсан. Тулаан болж байгаа явцад би өөрийгөө хамгаалахын тулд маш болгоомжтой ажилласан. Магадгүй хэт ойр байсан бол би ч тэдний цохилтонд өртөж мэдэхээр тийм л ширүүн тулаан тэнд өрнөдөг байсан” гэж Мазура өөрийн товхимолдоо тайлбарласан байна.
Энэхүү тулааны гишүүд нь ямар нэгэн нас, шашин шүтлэгийн зааг байдаггүй. Клубт янз бүрийн эмэгтэйчүүд байдаг. Эхчүүд, охидууд, найзууд, хамтрагчид гэх мэт. Энэ нь магадгүй тэдний хувьд нэгэн төрлийн чөлөөт цагаа өнгөрөөх газар байж болох юм.
Засгийн газраас энэхүү клубыг хаах шийдвэр гараад нэг жил өнгөрсөн ч өдийг хүртэл хаагдаагүй байна.
Катарзина Мазура “Би тэдний зургыг эвлүүлж байхдаа маш их догдолж байсан. Учир нь би тэнд тэдний дунд байсан шүү дээ. Тэд бол үнэхээр хүчирхэг эмэгтэйчүүд. Магадгүй тэнд байсан мөчүүд миний хувьд зурагчин хүний хувьд ямар байх ёстойг минь мэдрүүлсэн гайхалтай газар”
Б.Нарангэрэл