Иргэдийн амьдралд тээврийн хэрэгсэл “хэрэгцээ” гэдэг утгаараа нэмэгдэхийн зэрэгцээ сөрөг үр дагавар болох зам тээврийн гэмт хэрэг, осол, зөрчил ихсэж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах явдал нэн чухал болж байгааг харуулж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад ноцтой саад бэрхшээл учруулж байгаа шалтгааны нэг бол жолооч согтууруулах ундаа (архи, пиво, айраг, дарс гэх мэт) уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож буй явдал юм.
Жолооч хүний уусан ялимгүй согтууруулах ундаа наад зах нь авто машин, барилга байгууламж, эд хөрөнгө, цаашлаад өөрийн болон гэм зэмгүй хөдөлгөөнд оролцогч эрдэнэт хүний амь нас, бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудыг өдөр тутамд эрсдэлд оруулж эрүүл мэндэд юугаар ч нөхөж баршгүй хор хохирол учруулдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 12-р зүйлийн 1, 2 дугаар зүйлд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч манай жолооч нар автомашин дотроо архидан согтуурах, овоо, даваан дээр гарч архи уух явдал гаргасаар байна.
2014 онд Улсын хэмжээнд жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос 1541 зам тээврийн осол бүртгэгдэж түүний улмаас 179 хүн амь насаа алдаж, 258 хүн гэмтэл бэртэл авчээ. Өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад согтуугаар үйлдэгдсэн ослын улмаас хүний амь нас хохирсон тохиолдол 27,8 хувиар өссөн харамсалтай тоо мэдээ байна.
Замын хөдөлгөөн гэдэг нь өргөн цар хүрээтэй ойлголт бөгөөд ялангуяа хот суурин газрын иргэд хэн боловч ажил сургуульдаа очих, буцах, үзвэр үйлчилгээний газраар орох, зугаалах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа замын хөдөлгөөнд ямар нэг хэмжээгээр оролцож, гудамж замд явганаар буюу авто автомашинаар зорчин явдаг билээ.
Чухам ийм учраас хүн бүр ялгалгүй замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, сахилга соёлыг хэвшүүлэх, хууль хяналтын байгууллага, иргэд ч түүнд тавих хяналт шаардлагыг өндөр түвшинд байлгахыг өнөөгийн нөхцөл байдал, цаг үе зүй ёсоор шаардаж байна.
Сүүлийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодон явахаас гадна явган зорчигчид согтуугаар замын хөдөлгөөнд оролцож дэг журам алдагдуулах осол аваарт өртөх явдал ихээхэн гарч байна.
Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Я.Соронзонбол “жолооч бүр архи, согтууруулах ундааны зүйл ууж автомашин жолоодох, явган зорчигч нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцохыг хатуу цээрлэж, ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдалтай хүн бүр тэмцэж ийм зөрчлийг хаана таарсан газраа өршөөл уучлалгүй таслан зогсоож, арга хэмжээ авахуулж байвал түүний хор уршгийг багасгах замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой болох юм. Ер нь осол зөрчил гаргахгүй гудамж замд цагаан мөртэй нэр бүтэн явах жолооч танаас л шалтгаална” хэмээн хэллээ.