Т.Сайнжаргал: Одон медаль, тэмдгийг хуурамчаар хийж, худалдаалбал 500 мянган юаниар торгоно

sainjargal-middle_500x500_500x500 Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр олгодог одон медаль, тэмдэгийг БНХАУ-ын Эрээн хотод худалдаалдаг гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарах болсон. энэ талаар ШӨХТГ-ын Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Т.Сайнжаргалтай ярилцлаа.

– Монгол Улсын Засгийн газраас өгдөг одон медаль, тэмдгийг Эрээн хотод худалдаалдаг гэсэн мэдээлэл гарсан. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ?

– ШӨХТГ, ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны, Засаг захиргааны товчооны урилгаар Хөх хотод албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Эрээн хотын Үйлдвэр худалдааны, Засаг захиргааны товчоотой хамтарч зээл буюу захаар явж хяналт шалгалтын ажлыг хийсэн. Шалгалтын явцад Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр олгодог одон медаль, тэмдэгийг хуурамчаар хийж худалдаалж байсан зөрчил илэрсэн. Тухайлбал, яамдын, биеийн тамир спортын, боловсролын, соёлын тэргүүний ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчийн үнэмлэх зэргийг худалдаалж, борлуулж байгаа явдлыг таслан зогсоосон. Мөн үүнд Эрээн хотын Үйлдвэр худалдааны, Засаг захиргааны товчоо хяналт шалгалтыг эхлүүлсэн. Хяналт шалгалтын ажил дуусч тодорхой хэмжээний үр дүнд хүрсний дараа бидэнд эргэж мэдэгдэхээр болсон.

– Эдгээр хуурамч одон медаль, тэмдэгийг хэдэн төгрөгөөр худалдаалж байсан бэ?

– Манайх бол Засгийн газраас олгодог одон медаль, тэмдэгийг “Зоос гоёл” болон улсын компани эсвэл Солонгос улс руу зохиогчийн эрхийн хүрээнд хийлгэдэг. Гэтэл үүнээс гадна хуурамчаар хэв загварыг дуурайлган хийж худалдаалж байгаа нь манай улсын хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг юм. Хуурамч тэмдэгийг нэг ширхэгийг нь 50 юаны үнэтэй зарж байна. Энэ нь үндсэндээ монгол мөнгөөр 15-16 мянган төгрөг гэсэн үг.


– Хуурамч тэмдэгийг цаашид худалдаалсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

 – Эрээн хотод болон бидний шалгалт хийсэн лангуунуудад ийм зөрчил дахин гарсан тохиолдолд Хятадын хуулиар 500 мянган юань буюу монгол төгрөгөөр 160 орчим сая төгрөгийн торгууль ногдуулж, хариуцлага тооцно. Мөн манайх Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Өмнө нь хууль зөрчсөн тохиол долд 50-250 мянган төгрөгөөр торгодог байсан бол нэмэлт өөрчлөлт оруулснаар 50 сая хүртэлх төгрөгөөр торгодог болно. Ингэснээр хуурамч бараа бүтээгдэхүүн зардаг, иргэдийг төөрөгдүүлдэг асуудал багасч, хуулийнхаа хүрээнд хариуцлага нь өндөрсөнө гэж үзэж байна.

– Тодорхой хэмжээний худалдан авагч байгаа болохоор хуурамч тэмдэг зарж байна гэж ойлгож болох уу?
– Их, бага хэмжээгээр худалдан авагч байгаа болохоор хуурамч тэмдэг зарагдаж байна гэж ойлгож болно. Бид тухайн хуурамч тэмдэг зарж байсан хүнээс яагаад худалдаалж байгааг асуухад “Танай монголчууд өөрсдөө захиалж хийлгэдэг” гэж байсан. Энд зөвхөн тэргүүний ажилтан төдийгүй сумын, аймгийн ойн медаль зэрэг бүх л төрлийн медаль тэмдэг байна.

– ӨМӨЗО-нд албан айлчлал хийсэн гэлээ. Ямар ажлаар явсан бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

– ШӨХТГ, ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны, Засаг захиргааны товчооны урилгаар албан ёсны айлчлал хийсэн. Энэ хүрээнд Хөх хотын Үйлдвэр худалдааны, Засаг захиргааны товчоотой хамтран ажиллахаар боллоо. Тус товчоо нь чиг үүргийнхээ хүрээнд манай ШӨХТГ-ын адил. Тодруулбал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг, өрсөлдөөн, худалдааны бараа эргэлтийг зохицуулдаг, хуурамч тэмдэгт, зар сурталчилгаанд хяналт тавьдаг юм. Хөх хотын хэм жээнд 18 салбар хэлтэс, 11 мянган ажилтантай тус байгууллагын ажилтай танилцаж, туршлага судлаад ирсэн. Туршлага судлах явцад иргэдийн өргөдөл гомдлыг 12315 гэсэн дугаараар шуурхай хүлээж авдаг юм байна. Энэ дугаар нь улсын хэмжээнд аль ч хот, аймаг, баг, хорооноос холбогдох боломжтой. Тухайлбал, энэ дугаар дээр арав гаруй оператор сууж, шууд утсаар гомдыг авч, авсан гомдлыг тухайн чиглэлийн дагуух байцаагчид чиглүүлэн өгч шийдвэрлэдэг нь бидний хувьд авууштай ажлын нэг байлаа. Манайд 1284 гээд утас ажиллаж бай гаа ч энэ утсаар одоохондоо өргөдөл гомдол авах боломжгүй зөвхөн мэдээлэл өгч байна. Харин өргөдөл гомдлыг бичгээр авч байна. Мөн айлч лалын хүрээнд Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

– Санамж бичгийн утга нь юу вэ. Ямар шинэчлэлт оруулсан бэ?

– Энэ удаа шинэчилж гарын үсэг зурахдаа хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд хоёр заалт нэмж оруулсан. Тухайлбал, Монгол Улсаас Эрээн хотод худалдаа наймаа хийж буй хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөх тохиолдол буюу хуурамч бараа, хуурамч шошготой барааг танилгүй худалдан авах, мөн барилгын, гэрийн тавилга гэх мэт овортой бараа худалдан авахдаа төлбөрөө төлөөд араас нь ачуулж явуулдаг. Ингэхдээ бараа нь дутах, эвдрэх, бороонд норох тохиолдол их гардаг юм байна. Энэ бүгдэд хэрхэн хамтарч ажиллах, хэрхэн хэрэглэгчийн хохирлыг барагдуулах вэ гэдгийг санамж бичигт оруулж өгсөн. Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдрийг тохиолдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд анх удаа албан ёсоор улсын байцаагч томилж ажиллуулж байна. Замын-Үүдэд ШӨХТГ-ын харъяа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төв байгуулсан. Тус төв Замын-Үүд, Эрээн болон хилийн боомтод хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаа асуудлыг эрхийнхээ хүрээнд газар дээр нь шийдвэрлэх юм. Эрх хэмжээнээс давсан болон хяналт шалгалтын ажил хийх шаардлагатай бол ШӨХТГ-т мэдэгдэх, мөн Эрээн хотын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэний эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд Эрээн хотод суугаа консулын газраараа дамжуулан асуудлаа тавьж шийдвэрлүүлэх юм. Мөн бид хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын Үйлдвэр худалдааны, Засаг захиргааны товчоонд энэ асуудлуудаа тавьж шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

М.ЭНХЦЭЦЭГ
download

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …