Ази, Европын орнуудын байгаль хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид болон Монголын судлаачид өнөөдөр Ураны хор хөнөөлийн талаар мэдээлэл хийлээ.
2012 оноос эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант баг, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Архангай аймагт онош тодорхойгүйгээр малын үхэл хорогдол бүртгэгдэж, орон нутгийн мал эмнэлгийн удаа дараагийн дуудлагыг мэргэжлийн байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байсан байна.
Тухайлбал Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд сумын Зүүн баян багийн малчдын мал хээл хаях, зулбах, согог гажигтай төл гарах, эмнэлзүйн тодорхой шинж тэмдэггүйгээр өвчлөх, доголох, мал сүрэг нэлэнхүйдээ уушиг, дотрын эрхтний эмгэг өөрчлөлтөд автах зэргээр үхэж хорогдох явдал одоо хүртэл үргэлжилж, малчдад сэтгэл санааны болон эд материалын ихээхэн хохирол учруулсан байна.
Ийнхүү малын үхэл хорогдол, өвчлөлийн шалтгааныг тогтоох зорилгоор Засгийн газраас ажлын хэсэг томилж ажиллуулсан байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтээр тус нутгийн мал сүрэг нь селен, хүнцэл, кадми зэрэг хүнд металын хордлого болон тодорхой цацрагийн нөлөөлөлд автсан байж болзошгүй гэж үзжээ. Гэсэн хэдий ч уг дүгнэлт нь одоо хүртэл маргаан дагуулсаар байгаа төдийгүй тухайн бүс нутагт байгаа малын өвчлөл хорогдлыг зогсоох, өвчний оношийг эцсийн байдлаар тогтоох, эмчлэн сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх талд дорвитой ажил хийгдээгүй байна.
Төрийн байгууллагын мэргэжил арга зүйн болон үйл ажиллагааны залхуу хойрго байдал, тэдний дарамт шахалт, буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж бүс нутгийн малчид ихээхэн хохирол амсч тэдний эрх зөрчигдөхийн зэрэгцээ мал амьтад, байгаль орчин сөрөг нөлөөлөлд автсаар байна. Энэ нь Үндсэн хууль болон цөмийн энергийн тухай хуулийн заалтуудыг зөрчиж байна гэж Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн С.Цэрэнчимэд мэдэгдлээ.
Үүнтэй холбогдуулан 3-р сарын 19-ны 9 цагт ХААИС-д “Ураны хайгуул олборлолт, эерэг сөрөг үр дагавар” сэдвээр семинар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.
Л.Цэрэндолгор
Эх сурвалж: www.undesten.mn